Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Баастын 95 насны ойг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2 дугаар сарын 26-ны өдөр Хүүхдийн номын ордны уншлагын их танхимд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлаар Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэдэв “Амьдрал, баримт, уран сэтгэмж-зохиолчийн эрэл олз”, Улаанбаатарын Их сургуулийн багш, доктор, дэд профессор А.Мөнх-Оргил, доктор Ш.Баттөр нарын “Баримтыг уран сайхнаар илэрхийлэн нээгч-Холын хүү”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Болормаа “Б.Баастын хүүрнэл зохиолын уран чадварын асуудалд” зэрэг илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.
Энэ үеэр Ардын уран зохиолч Б.Баастын 95 насны ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ илгээснийг уг ёслолын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд уншиж сонсгосон юм. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд “Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст Таны амар амгаланг айлтгаж, 95 нас сүүдэр зооглож буйд баяр хүргэн, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе. Монголын баруун хязгаарт, одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Түнгэ, Хоогийн булагаас умдаалж өссөн, 15 насандаа буюу 1936 онд “Миний нутаг” хэмээх анхны шүлгээ бичин үгийн урлагийн ертөнцөнд хөл тавьсан Бөхийн Баастыг Монголын ард түмэн андахгүй сайн мэддэг. Алтайн сүрлэг уулсын унаган хүү Бөхийн Бааст Хүүхдийн уран зохиолын "Гурван ишиг", "Хөөрхөн Баадий", "Бушуу туулай", дууны шүлгийн “Хайрын дуу”, “Намрын шөнө голын эрэг дээр”, "Чамайг үдье", өгүүллэг, туужийн "Алтайн цэцэг", "Хунгийн дууль", "Хөвчийн бор" зэрэг хэдэн арван бүтээл туурвисан нэрт уран бүтээлч болж, Монгол түмнийхээ хүндлэлийн магнайд заларч яваагаар нь бахархаж байна. Уран зохиолын гэгээн ертөнцөд амьдарч, хөнгөн бийрийг хөшин хүний сэтгэлийг хөдөлгөж, үгээр урлах эрдэм ухааны арвин баялаг өвийг бүтээн, Монголын орчин үеийн уран зохиолын цаг цагийн бодит гэрч болсон Бөхийн Бааст гуай бол уншигч, сэтгэгч, хөдөлмөрч хүн бүхний үлгэр дуурайл юм. Таны бүтээсэн хийгээд бүтээх үйлс улам бүр төгөлдөр байг. Танд эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе” хэмээжээ.