Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ, ОРОС УЛСЫН ТҮҮХИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛНЭ
МОНГОЛ, ОРОС УЛСЫН ТҮҮХИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛНЭ

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин өнөөдөр манай улсад айлчилж байгаа билээ. Тус айлчлалын хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Оросын түүхийн нийгэмлэг хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон бөгөөд санамж бичигт Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ОХУ-ын “Оросын түүхийн нийгэмлэг”-ийн дарга С.Е.Нарышкин нар гарын үсэг зурав.

Хоёр тал  Монгол, Оросын ард түмний нийтлэг түүхэн уламжлалыг судлах, хадгалах харилцан сонирхлыг тэмдэглэж, түүхэн мэдлэгийг сурталчлах нь өнгөрсөн үеийн сургамжийг харгалзан үзэж үндэсний болон дэлхийн хөгжлийн үндсийг  тогтооход тус дэм болно хэмээн үзэж тус санамж бичгийг байгуулсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал түүхийн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах,  харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, хоёр орны харилцааны түүхэн дахь онцлог үйл явдлууд, тэмдэглэлт өдрүүдэд зориулсан арга хэмжээнүүдийг бэлтгэх, зохион явуулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах аж. 

Үүний дараа Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын “Оросын түүхийн нийгэмлэг, Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2 дугаар сарын 16-ны өдөр ГХЯ-нд зохион байгууллаа.


 



Бусад мэдээлэл