“Хэл бичгийн Их мэргэдийн баяр” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам зэрэг байгууллагууд хамтран Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Онходын Жамъян гүнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 11 дүгээр сарын 24-ний өдөр Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын Үндэсний Номын Сан, Монгол Судлалыг Дэмжих Сан, Монголын Архивын Ерөнхий Газар, Монгол Ардын Нам, Дорнод Аймгийн Нутгийн Зөвлөл, Дорнод Дээд Сургууль зэрэг олон байгууллага дэмжин ажиллав.
Хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин үг хэлж, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл, БШУЯ-ны ШУТГ-ын дарга Ж.Даваасамбуу нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ойн хурлын үеэр “Жамъян гүн ба дэлхийд данстай өв соёл” гэсэн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.
Ойн хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ: “Манай улсын Музей, Архив анх шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэнг түшиглэн анх үүсэхэд С.Жамъян суурийг нь тавилцаж, боловсон хүчнийг нь сонгон ажиллуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж, орон сав, эд хэрэглэгдэхүүнээр хангах, байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх талаар хичээнгүйлэн зүтгэж, онц чухал үүрэг гүйцэтгэснийг зайлшгүй тэмдэглэх ёстой.
Ийнхүү С.Жамъян нь хүн төрөлхтний суу билгийн гайхамшиг болсон шинжлэх ухааны ажлыг Монгол орондоо хөгжүүлэхийн тулд түүний төв байгууллагыг үүсгэн санаачилж,үйл ажиллагааг нь жигдрүүлэн, хөгжлийн эхэн шатанд нь төлөвшүүлэн тогтооход онц чухал үүрэг гүйцэтгэсэн үнэнхүү гавъяатан хэмээн үүрд үнэлэгдэх ёстой билээ. Түүнчлэн тэрээр эрин цаг үеийнхээ эрдмийн салбарын нэрт төлөөлөгч, төр нийгмийн томоохон зүтгэлтэн байсныг хүндэтгэн дурсаж байна.” хэмээв.
Онходын Жамъян гүнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан энэхүү эрдэм шинжилгээний хурлаар орчин үеийн Монголын түүх, соёл, хэл шинжлэлийн салбарт ажиллаж буй эрдэмтэн, судлаачид О.Жамъян гүнгийн Сангийн Яамны сайд, Ардыг Гэгээрүүлэх яамны сайд, Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болсон Судар бичгийн хүрээлэнгийн дарга зэрэг төр, нийгмийн өндөр алба хашиж байхдаа Монгол Улсад Номын сан, Музей, Архивын хэргийг үүсгэн байгуулж, бичиг үсэгт ард олныг тайлах үйл хэргийг манлайлж, Монгол Улсад Европ ёсны шинжлэх ухааныг хөгжүүлж, гэгээрэл, боловсролыг өргөтгөхөд түүний оруулсан онцгой хувь нэмэр, хойч үедээ үлдээсэн түүх, соёлын үнэт өв, туурга тусгаар Монгол Улсын түүхийн зангилаа асуудлаархи өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулсан юм. Улмаар эрдэмтэн судлаачид санал солилцож, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулах замаар шинжлэх ухааны шинэ мэдлэгээр Жамъян судлал, ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёлын судалгааг баяжуулсан, чухал ач холбогдолтой хурал болсон юм.