Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи “Ахисан түвшний судалгааны үр дүн-2024” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр буюу 9 дүгээр сарын 25-ны лхагва гарагт цахимаар зохион байгууллаа.
Тус хуралд судлаачид Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлгийн хүрээнд хийсэн судалгааны ажлын шинэлэг үр дүнг танилцуулдаг уламжлалтай. Энэхүү тэтгэлгийг хүртээд 3-аас дээш жил судалж шинжилсэн ажлынхаа үр дүнгээ тайлагнаж байгаа учраас нийгэм, эдийн засагт гаргасан үр өгөөжөө өгөөд эхэлсэн чухал үр дүнгүүд байдаг.
Энэ удаагийн хуралд “Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны сийвэнгийн aβ42 болон p-tau биомаркеруудыг ашиглах нь”, “Хаягдал усанд агуулагдах хортой хүнд металлын бохирдлыг цэвэрлэх технологи”, “Цөлийн хээрийн бүсийн доройтсон газарт зонхилон тархах зарим сөөг, сөөгөнцөр өвслөг ургамлын экологи биологийн онцлон, тэдгээрийг нөхөн сэргээлтэд ашиглах боломж”, “Мөнгөжүүлсэн нано бөөм агуулсан пластыр эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа”, “Сансрын дамжуулагчийн үр дүнг ашиглан шувууны томууг тандах боломж”, “Байгалийн битумыг замд ашиглах боломж”, “Генийн инженерчлэлийн аргаар сайжруулсан царгасны т1 удмын фенотип, шимт чанар, зарим үзүүлэлтийн судалгаа”, “Архинаас үүдэлтэй танин мэдэхүйн бууралтыг сайжруулах бэлдмэл гарган авах инновацын төсөл” зэрэг найман илтгэл хэлэлцүүллээ.
Эдгээрээс онцлоход “Мөнгөжүүлсэн нано бөөм агуулсан пластыр эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа”, “Байгалийн битумыг замд ашиглах боломж” сэдэвт ажлын ач холбогдлыг хуралд оролцогчид сонирхож байлаа.
Докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгддэг чухал ач холбогдолтой юм.