Жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын өдрийг тохиолдуулан ШУА-ийн Технологийн Инкубатор төвийн санаачилгаар академийн Тэргүүлэгчдийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран сайн дураар цус бэлэглэх “Халуун сэтгэл” өдөрлөгийг өнөөдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр ШУА-ийн Нэгдсэн байранд амжилттай зохион байгууллаа.
Сайн үйлсийн өдөрлөгийн нээлтэд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж, Технологийн инкубатор төвийн захирал Ч.Батсүх болон ЦССҮТ-ийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.
Өдөрлөгийг нээж ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж хэлсэн үгэндээ “Манай улс цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ маш өндөр байдаг. Аюулгүй найдвартай цусны хэрэгцээг хангах гол эх үндэс бол донорын эгнээг өргөжүүлэх явдал бөгөөд тус арга хэмжээ нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, цаг үеэ олсон маш чухал үйл явдал болж байна” хэмээгээд цусаа бэлэглэж буй эрдэмтэн, судлаачид, ЦССҮТ болон Технологийн инкубатор төвийн хамт олонд талархлаа илэрхийллээ.
Тус өдөрлөгт нийт 74 хүн оролцсоноос ШУА-ийн 52 эрдэмтэн, судлаачид сайн дураараа цусаа бэлэглэж донор болсон байна. Мөн энэ үеэр цусаа удаа дараа бэлэглэж байсан ШУА-ийн үе үеийн доноруудад ЦССҮТ-өөс талархал, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.