Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ж.БОЛДБААТАР: ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЭГТЭЙЧҮҮДТЭЙ ТЭГШ ЭРХТЭЙГ ҮНДСЭН ХУУЛИАРАА ТУНХАГЛАСАН АЗИЙН АНХНЫ УЛС БОЛ МОНГОЛ
Ж.БОЛДБААТАР: ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЭГТЭЙЧҮҮДТЭЙ ТЭГШ ЭРХТЭЙГ  ҮНДСЭН ХУУЛИАРАА ТУНХАГЛАСАН АЗИЙН АНХНЫ УЛС БОЛ МОНГОЛ

Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн,  Академич, доктор профессор Ж.Болдбаатартай ярилцлаа.


-1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ой хэд хоногийн дараа болох гэж байна. Анхны Үндсэн хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Миний үеийн залуус бол энэ хуулийг тун муу мэднэ?

-1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараагаар манайд Богдын эрхийг хязгаарласан  хэмжээт эрхт хаант засаг тогтсон. Тэгээд 1924 он хүртэл улс төрийн зарим өөрчлөлтүүдийг хийсэн. 1924 онд Богд хаан нас барсан. Үүний дараагаар шууд Бүгд Найрамдах засаглалд шилжсэн байдаг. Бүгд Найрамдах засаглалыг хурдан тунхаглах шаардлага гарснаас үүдсэн хэрэг. Учир нь 1924 оны тавдугаар сард Зөвлөлтийн Гадаад хэргийн ардын комисаторын орлогч Лев. Карахан, Хятадын Гадаад явдлын сайд Вэлинтин Ку хоёр Зөвлөлт, Хятадын харилцан тохиролцоогүй асуудлын талаарх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрээр Монгол бол Хятадын салшгүй нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл бүр 1921 онд Зөвлөлт орос улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд найрамдлын гэрээ байгуулчихсан байсан. Тэгсэн атлаа яг үүн дээр буугаад Хятадын хэсэг гээд зөвшөөрчихсөн.

Ийм нөхцөлд даруйхан Бүгд Найрамдах улсыг тунхаглах шаардлага гарсан. Ингээд 1924 оны арваннэгдүгээр сарын 7-нд санагдаж байна. Улсын Анхдугаар Их Хурал нээгдээд тодорхой асуудлыг хэлэлцэж байгаад 25-ны өдөр БНМАУ-ын Үндсэн хуулийг баталсан. Монгол Улс ингэж түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болсон. Хоёрдугаарт, хэмжээгүй эрхт хаант засгаас хэмжээт эрхт хаант засаг, хэмжээт эрхт хаант засгаас Бүгд найрамдах засагт шилжиж явсан явдал тэр үеийн улс төрийн яах аргагүй том дэвшил мөн. Гуравдугаарт, энэ Үндсэн хуульд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй гэдгийг Азид хамгийн түрүүнд тунхагласан. Тэр ч байтугай сонгодог ардчилсан гэж байгаа том орнуудаас ч өмнө тунхагласан байдаг юм.

-Тухайлбал?

-АНУ, Англи гээд байна. АНУ-ыг 1919 онд эмэгтэйчүүдэд тэгш эрх олгосон гэдэг боловч хэрэг дээрээ бүр 1960 он хүргэж байж хар арьст эмэгтэйчүүдэд тэгш эрх олгосон шүү дээ. Манайх бол 1924 онд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй гэдгийг тунхагласан. Дөрөвдүгээрт, үүнд анх сонгож байгуулах парламентын эх үндсийг тавьсан байдаг. Ийм учраас энэ Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, анхны Үндсэн хуулийг баталсан явдал бол түүхэн том ач холбогдолтой юм.

-Гэхдээ Зөвлөлтийн системийг л авсан явдал гэж харах хүмүүс байдаг л даа?

-Сүүлийн үед ингэж бичээд байгаа зарим залуус бий. Тухайн цагийн нөхцөл байдлын үүднээс харах хэрэгтэй. Яахав, эхлээд манайх Английн Үндсэн хуулийн шинжтэй актууд, бусад орнуудын Үндсэн хуулийг орчуулж үзээд нэг хувилбар гаргаж ирсэн байгаа юм. Гэтэл Зөвлөлтийн тал дургүйцсэн учраас дахин Зөвлөлтийн мэргэжилтэн Всёвятский гэж хүн ирж ажилласан байдаг. Түүн дээр манай Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж, мэргэн сайд Агданбуугийн Амар, эрдэмтэн Жамсрангийн Цэвээн зэрэг хүмүүс оролцсон комисс ажилласан. Ер нь Зөвлөлт бол өөрийнхөө санааг нэлээд хэмжээгээр оруулж тулгасанч Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, А.Амар гуай нарын  нөлөөгөөр үндэсний ардчилсан үзэл илүү тусгагдсан. Эл хуульд, хуучин язгуур угсаатай хүмүүс буюу ноёд, тайж нар, томоохон лам, бусдын хөдөлмөрийг шулж амьдрагчдын сонгуулийн эрхийг хассан. Үүнийг хүмүүс их буруушааж ярьдаг. Гэтэл тухайн үед шинэ засаг тогтож байсан шүү дээ. Хуучин байдлыг ямар нэгэн байдлаар халж байж шинэ засгийн үйл ажиллагаа явах ёстой учраас ийм өөрчлөлт хийсэн. Ер нь Европ дахь хөрөнгөтний ардчилсан хувьсгалууд ч гэсэн газрын эздийн эсрэг тийм арга хэмжээ авч байсан байдаг. Мэдээж өнөөгийн өнцгөөс хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал харагдаж байгаа ч асуудлыг эдүгээчилж авч үзэж болохгүй юм.

-Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тэгш эрхтэй гээд тухайн цагийн манай монголчууд нэлээд дэвшилтэт үзэлтэй байж дээ?

-Хувьсгалаас өмнө манай эмэгтэйчүүд байтугай эрэгтэйчүүд ч гэсэн улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож чадахгүй байсан шүү дээ. Ерөөсөө угсаа залгамжилсан тэрүүхэн хэсэгтээ л асуудлыг шийдчихээд байсан байгаа юм. Гэтэл 1924 оны Үндсэн хуулиар бүх ард түмэн тэгш эрхтэй, сонгох сонгогдох, эвлэлдэн нэгдэх тэгээд улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг хүний эрхийн наад захын зарчмууд олгогдсон байдаг. Сүүлдээ тодорхой хэмжээгээр улс төрийн үзэл бодлын үүднээс хязгаарлагдсан. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр эрх эдэлж л байсан.

-Тэгэхээр Үндсэн хууль гэдэг өөрөө улс орны тусгаар тогтнолын нэг багана юм байна гэж ойлгогдож байна?

-Тусгаар тогтнолын том бэлгэ тэмдэг. Ер нь XX зуун бол хүн төрөлхтний Бүгд Найрамдах засагт шилжсэн зуун шүү дээ. Одоо цөөхөн хэдэн улс л хаант засагтай бусад нь парламентын Бүгд Найрамдах засаглалтай болсон байна. Энэ дэлхийн улс төрийн хөгжлийн голдиролд монголчууд орсон хэрэг юм.

-1924 оны анхны Үндсэн хуульд хожим хэр засвар орсон байдаг юм бол?

-Энэ Үндсэн хууль ерөнхийдөө онц засвар оролгүй үйлчилж явсаар 1940 онд Үндсэн хууль шинээр батлагдсан юм. Тэгээд 1949 онд том хэмжээний нэмэлт, өөрчлөлт орсон. Дараа нь 1960 онд шинэ Үндсэн хууль батлаад тэр хуулийн үйлчлэл 1992 он хүртэл үргэлжилсэн.

-Анхны Үндсэн хуулийг батласан үйл явцыг бодоход хамжлагат нийгмээс тэс өөр нийгэм рүү орсон байдаг. Тэгэхээр их том эрс шинэчлэл байсан байх?

-Ерөөсөө Азиас Монгол, Турк хоёр хамгийн түрүүнд Үндсэн хуультай болсон байдаг юм. Маш том дэвшил. Сүүлдээ яахав, үзэл суртлын дарамт, шахалтаас  болж  агуулга нь хумигдаж байсан зүйлс бий. Гэхдээ эхлээд дэвшүүлсэн санаа, түүнийгээ хэрэгжүүлж байсан, ялангуяа тэр Үндсэн хуулийг баталсны дараах хүмүүсийн улс төрийн идэвх, хурал цуглаан дээр үг хэлж байгаа нь маш чөлөөтэй байсан байдаг. 1930 оноос эхлээд Коминтерний шахалтаар ардчиллын үндсэн зарчмууд нь хязгаарлагдаж эхэлсэн л дээ.

-1992 оны Үндсэн хуульд өнөөгийн парламент 19 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт орууллаа. Та 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг хийх үед Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүн. 1992 оны хуулийг юу гэж үздэг вэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж олон жил ярьж байж хийлээ шүү дээ?

-1992 оны Үндсэн хууль бол өнөөгийн олон улсын жишиг, эрх зүйн үүднээс их сайн Үндсэн хууль болсон л доо. Үүнийг үндсэндээ Ардын Их Хурлын 430-аад депутат 76 хоног хуралдаж, маш их нягталж байж энэ хуулийг гаргасан. Тиймээс өнөөдөр ч энэ хуулийн зүйл заалтуудыг хуучирсан гэж хэлэх үндэслэл бага. Яахав, амьдрал баян, шинэ шинэ зохицуулах шаардлагатай нийгмийн харилцаа амьдралаас урган гарч байдаг. Ийм учраас зарим бага зэргийн нэмэлт засвар хийх шаардлага байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүс биелүүлэхгүй байгаад гол учир бий. Ялангуяа УИХ, Засгийн газрын гишүүд биелүүлэхгүй байгаа болохоос энэ хуулиас шалтгаалаад улс орны хөгжил урагшаа ахихгүй болсон, улс орны хөгжилд саадтай байсан гэж хэлэх үндэслэл байхгүй. Гэсэн ч яахав 19 жилийн дараа зохих өөрчлөлт орлоо. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмсэн буюу Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг өөрөө томилж, чөлөөлөх эрхтэй болсон, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн талаар шинэ зүйл гарлаа. Гэх мэт зарим боломжийн нэмэлт, засвар хийсэн. 2000 оны “дордохын долоон өөрчлөлт” гэж ярьдаг өөрчлөлтийн нэлээд хэсгийг заслаа л даа.

-2015 онд АН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байсан. Харин одоо МАН-ын өнгөн дээр батлагдаад Ерөнхийлөгч ёсчлохыг хүлээж байна. Анх өргөн барьсан төслөөр бол дээр дурдсан хоёр хоёулаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэхийг зорьсон байсан. Явцын дунд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж чадалгүй хоцрох шиг боллоо.

-Ерөнхийлөгч бол Засгийн газарт чиглэл л өгнө шүү дээ. Тэрнээс тодорхой шийдвэр гаргахгүй. Ерөнхий сайдын сайд нараа томилох, чөлөөлөх асуудал УИХ-аас их хараат байдалтай байсныг болиулчихаж байгаа юм. Ингэхээр бие дааж ажлаа хийх, өөрийн багийг бүрдүүлж идэвхтэй ажиллах боломжийг л бүрдүүлж байгаа юм шүү дээ.

-Шууд системийн өөрчлөлт хийх ёстой гэдэг УИХ-ын гишүүн ч бий. Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй гэдэг байр суурь ч гарч л байдаг. Манайд ер нь Ерөнхийлөгчийн засаглал зохих болов уу?

-Суурь өөрчлөлт хийх шаардлага байхгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэвэл суурь өөрчлөлт шүү дээ. Тэгвэл шинэ Үндсэн хууль батлах асуудал гарна. Дагаад бүх хуулиа өөрчлөнө гэсэн үг. Манайд Ерөнхийлөгчийн засаглал зохихгүй. Урьд нь байсан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар бол ганцаар захирах дэглэм рүү л явж байсан шүү дээ. Тэр үед хамтын шийдвэр биш ганцхан тэр хүмүүсийн шийдвэр гарч байсан. Тэгээд алдаж оносон юм их гарч байлаа. Ер нь нэг хүнд эрх мэдэл овоолох ялангуяа өнөөгийн ардчилсан шинэ тогтолцоонд шилжсэн үед огт зохихгүй. Гол нь парламентын засаглалыг л бэхжүүлэх ёстой. Гэхдээ сая хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн энэ УИХ-ын гишүүдийн дураараа аашлах оролдлогуудыг бага зэрэг  чөдөрлөж өгсөн л дөө.

-Сая хийсэн өөрчлөлтөөр бол Засгийн газрын сайд нарыг томилох эрхээс нь парламентыг татгалзуулчихлаа. Тэгэхээр парламентын засаглалтай орон гэсэн хэрнээ хүчийг нь улам сулруулаад байгаа юм биш үү?

-Парламентын хүч сулрахгүй. Гол нь хууль тогтоох үүрэгтэй шүү дээ. УИХ-ын гишүүнээр сонгогдлоо бүх ард түмний төлөө, хууль тогтоохын төлөө л зүтгэх ёстой. Гэтэл тойргуудаа хувааж авчихаад тэндээ дарга болж хувирчихаад байна. Аймгийн Засаг даргыг ч, аймгийг ч бүхэлд нь гартаа барина. Сонгогдсон УИХ-ын гишүүний гарт бүх юм байж болохгүй. Парламентын гишүүн бүх ард түмний эрх ашгийг хамгаалсан хууль батлах ёстой болохоос аль нэгэн тойргийн эрх ашигт нийцүүлж  ажиллаж болохгүй. Үүнийг засах хэрэгтэй. Одоо манайд тойрогтоо ажиллах, тойрогтоо төсвийн хөрөнгөөр юм тусгуулах гэсэн л юм явж байна шүү дээ. Хууль тогтоох эрх мэдэл гэдэг чинь хуулиа тогтоочихоод түүнийхээ шийдвэрт хяналт тавих юм. Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Гэтэл Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны хийх ажлыг үндсэндээ гартаа шүүрч аваад удирдаж чиглүүлж, аймгийг тэр чигээр нь айлгаж байна. Энэ бол болохгүй асуудал.

-Удахгүй Сонгуулийн тухай хуулийг хэлэл­цэж эхэлнэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна” гэсэн утгатай өөрчлөлт хийсэн. Тэгэхээр өмнө нь Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон пропорционал хувилбар эргээд орж ирж болох мэт?

-Хуучин бол “хүнийг сонгоно” гэж байсан шүү дээ. Одоо ингэж өөрчлөгдсөнөөр тухайн үеийн парламентын л дур зоргын асуудал болж байна.

-Ер нь манайд сонгуулийн ямар хувилбар зохих юм бол?

-Аль аль нь ашигтай болон дутагдалтай. Дэлхийн практикт мажоритар системээр яваад болж л байна. Цэвэр пропорционал бол ховор. Холимог систем байна. Эдгээрийн нэг нь гарамгай сайн гэж батлагдсан зүйл алга. Улс орны онцлогуудаас л болж байгаа юм. Манайд пропорционал хэлбэрээр хийвэл хоёр нам монопольдож байгаа нөхцөлд хуучин яригдаад байдаг хэд л баттай зоогдоно гэсэн үг шүү дээ. Тэгээд дараагийн шинэ залуу үе гарч ирэхээр түүнийг дарангуйлна.

-Хүн сонгох пропор­ционалаар сонгууль явуулж үзье гэсэн яриа гарсан байна лээ. АН-ын хувьд шууд холимог хэлбэр гээд Үндсэн хуульд оруулъя гэсэн санал өгч байсан боловч дэмжигдээгүй?

-Нарийн ярих юм бол АН-ын хэцүү хүмүүс ч орно гэсэн үг. МАН-ын дарангуйлдаг улсууд ч орох баттай юм л хийх гээд байгаа шүү дээ. Хүн сонгоод ирвэл байдал жаахан өөрчлөгдөнө. Цэвэр мажоритар хувилбар. Харин тойрог том, жижиг байх уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Том тойрог дээр ч залуучууд гарахад хүнд. Улс орон даяар нэрд гарсан хүмүүс л гарна. Пропорционал ч гэсэн хүн сонгох, нам сонгох гээд хувилбаруудтай. Гэхдээ л ямар нэг хэмжээнд хуучин хүмүүс орох л зам. Зарим судлаач УИХ-д нэр цэвэр, элдэв зүйлд холбогдоогүй 15, 16 боломжийн хүн байна гэж бичээд байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн УИХ-аар батлагдаад байгаа төсөлд УИХ-ын олонх буюу 39 гишүүний саналаар хууль батлана гэдэг заалт орсон байна лээ. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Нэгэнт хууль батлагдсан. Түүнийг биелүүлэх л хэрэгтэй болно. УИХ-ыг ирц сайтай, ажилч хэрэгч байхыг шаардсан хэрэг.

-Өнөөдөр (2019.11.20) таны 70 насны ойг тохиолдуулж ШУА-иас “Түүхийн судлал”-ын тусгай дугаар, “Чин сэтгэлийн үгс” дурсамж номын нээлтийн баярыг хийж байна. Эдгээр номуудын талаар сонирхуулахгүй юу?

-Миний  70 насны ойд зориулсан “Түүх суд­лал” сэтгүүлийн энэ дугаарт дотоод, гадаадын  эрдэмтдийн 29 өгүүлэл орсон байна. Тухайлбал, Германы нэрт монголч эрдэмтэн Удо Баркманн, Голландын эрдэмтэн Ирина Морозава, Оросын эрдэмтэн Сергей Кузьмин, Өвөр Монголын эрдэмтэн З.Чимэддорж, эрдэмтэн Хурц зэрэг эрдэмтдийн өгүүлэл оржээ. Ер нь орчин  үеийн түүхийн гол судлаачдын өгүүлэл орсон нь сайшаалтай. “Чин сэтгэлийн үг” хэмээх дурсамжийн номонд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөс эхлээд энэ онд хамгийн сүүлд миний удирдлагаар доктор хамгаалсан залуу эрдэмтний дурсамж ч орсон баялаг дурсамжийг агуулжээ.



Бусад мэдээлэл