Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх ухаан судлалаар эрдэмтэд зөвлөлдөв
Шинжлэх ухаан судлалаар эрдэмтэд зөвлөлдөв

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс санаачилсан “Шинжлэх ухаан судлалыг сэргээн хөгжүүлэх шаардлага” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг  өнөөдөр  зохион байгууллаа.

Шинжлэх ухаан судлалын салбар бүрийн төлөөлөл оролцсон тус  хэлэлцүүлгийг Философийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Пүрэвсүрэн нээж үг хэллээ.

Тэрээр “1976 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ШУА-н Тэргүүлэгчдийн хурлын 72-р тогтоолоор байгуулагдсан шинжлэх ухаан судлалын тасаг нь 1978 оноос Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн харьяанд ажиллаж эхэлжээ. Гэвч  уг сектор нь өнгөрсөн хугацаанд Математикийн хүрээлэн, Информатикийн хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэн  зэрэг олон газарт шилжин хамаарч ирсэн нь судалгааны үндсэн чиг үүрэг өөрчлөгдөн бүдгэрчээ.  

Байгаль, нийгэм, танин мэдэхүйн юмс үзэгдэл үлэмж нарийн нийлмэл болохын хэрээр нийгэм, био болон техникийн системүүдийг харилцан хамаарал, уялдаанд нь судлах шинжлэх ухааны салбар дундын, салбар дамнасан, салбар хоорондын судалгааны хэлбэрүүд суурь судалгааны нэгэн адил ач холбогдол нь нэмэгдэж буйг анхааран үзэх шаардлагатай болж байна.

Энэ нь шинжлэх ухааны метрик, түүх, философи, мэдлэгийн социологи, сэтгэл судлал, соёл судлал, эдийн засгийн асуудлыг өргөн хүрээнд хамардаг шинжлэх ухаан судлал хэмээх салбарын өнөө цагийн хэрэгцээ шаардлагыг харуулж байна” хэмээн онцлов.


 

Уг хэлэлцүүлэгт байгаль шинжлэлийн салбарын эрдэмтэд өргөнөөр оролцож илтгэл тавин, санал хэлэв. Хэлэлцүүлэгт академич Т.Ган-Эрдэнэ, академич Р.Энхбат, академич Д.Дашжхамц, академич Ц.Баатар, доктор (Sc.D) А.Цанжид, доктор (Sc.D) Ш.Ариунаа, доктор Б.Очирхуяг, доктор С.Даваа, доктор Ш.Ганхуяг нарын эрдэмтэд оролцож, санал бодлоо илэрхийлэв.

Мөн  шинжлэх ухаан судлалын салбарын анхдагчдын нэг болох профессор Л.Дашням,  ахмад эрдэм шинжилгээний ажилтан доктор Н.Хүүхэнжимээ, доктор н.Сүхбаатар нар амжилт хүсэж, санал дэвшүүлэв. Энэ үеэр шинжлэх ухаан судлалын чиглэлээр хийсэн ажлаараа доктор Н.Хүүхэнжимээ үзэсгэлэн гаргаж, бүтээлээ дэлгэн танилцууллаа.   

Монголын шинжлэх ухаан судлалын шинэ хандлага, хэрэгцээг улам бүр тунгаан тодруулж, энэ чиглэлд салбар бүрийн эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа чухал  гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид тодотгож байлаа.   

Хэлэлцүүлгийн төгсгөлд шинжлэх ухаан, технологийн бодлого нь шинжлэх ухаан судлалд хэрхэн хамаарах талаар олон чухал санал гаргасныг эрх бүхий байгууллагад уламжлахаар тогтов.

 


Бусад мэдээлэл