Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ ШИНЭ ГИШҮҮДЭЭР ЭГНЭЭГЭЭ ӨРГӨТГӨВ
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ  ШИНЭ ГИШҮҮДЭЭР ЭГНЭЭГЭЭ ӨРГӨТГӨВ

ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах ухааны Академийн ээлжит чуулган энэ оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ШУА-ийн Их чуулганы танхимд болж, бүх гишүүдийн 91.7 хувийн ирцтэйгээр МАУА-ийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.Чуулганыг МАУА-ийн Ерөнхийлөгч, академич Ш.Болд даргалж, чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дэгийг танилцуулан батлуулав. Чуулганы хуралдаанд МАУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтэд байлцав. МАУА-ийн дүрмийн дагуу шинэ гишүүний сонгууль 2 жил тутам зохион байгуулдаг бөгөөд байгуулагдсан цагаас хойш 7 удаагийн сонгууль зохион байгуулж, шинэ гишүүдээр эгнээгээ өргөтгөж байна. МАУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтдийн бүтээлд хянан магадалгаа хийсэн ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн дарга, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүү нэр дэвшигч бүрээр дэлгэрэнгүй танилцуулав.     

МАУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтэд: 

  1. Дамдины Авирмэд, анагаах ухааны доктор, профессор
  2. Баасанжавын Батболд, анагаахын шинжлэх  ухааны доктор, профессор
  3. Лүндэгийн Ганболд, анагаах ухааны доктор, профессор
  4. Дагвасүмбэрэлийн Гончигсүрэн, анагаах  ухааны доктор, профессор
  5. Агваандарамын Гүрбадам, анагаах ухааны доктор, профессор
  6. Зундуйн Лхагвасүрэн, анагаах  ухааны доктор, профессор
  7. Нянрагийн Пүрэвжав, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор 
  8. Даваацэрэнгийн Уранчимэг, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас албажуулж ирүүлсэн гишүүдийн сонгуулийн мэргэжлийн чиглэл, квотын дагуу МАУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтдийг сонгох шалгаруулалтыг нууц санал хураалтаар сонгов. Нууц санал хураалтын дүнгээр анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Баасанжавын Батболд 78%, анагаах ухааны доктор, профессор Зундуйн Лхагвасүрэн 65.6%, анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд 51.5% саналаар Монголын Анагаах ухааны Академийн гишүүнээр сонгохоор тогтов.




Баасанжавын Батболд

анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

Лүндэгийн Ганболд

анагаах ухааны доктор, профессор

Зундуйн Лхагвасүрэн

анагаах ухааны доктор, профессор

МАУА-ийн Ерөнхийлөгч, академич Ш.Болд шинээр сонгогдсон гишүүдэд баяр хүргэж, академийн дүрмийг мөрдөн, анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллахыг шинээр сонгогдсон гишүүдэд уриалав.

Монголын Анагаах ухааны Академи


Бусад мэдээлэл