Эрдэмтэн судлаачдын ажлын үр дүн, үнэ
цэнийг нэмэгдүүлж, тэдний судалгааны ажлыг эргэлтэд оруулж, улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр
оруулах зорилгоор ШУА-иас санаачлан “Энтрепренер
судлаач” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр
боллоо. Тус хөтөлбөрийг өнөөдөр албан ёсоор нээж үйл ажиллагааны төлөвлөгөөг
оролцогчдод танилцуулсан юм.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр шинжлэх ухаан болон бизнесийн хамтын
ажиллагааг өргөжүүлэх, өөрөөр хэлбэл шинжлэх ухааны байгууллага, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны түншлэлийг бий болгож бодит инновац нэвтрүүлэх, үндэсний
үйлдвэрлэлийг хөгжүүлж, тэндээс гарсан оюуны бүтээл судалгааны үр дүнг амьдралд
нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд цааш нь хөгжүүлж авч явах зорилго
агуулжээ.
“Энтрепренер судлаач” хөтөлбөрт төр
болон хувийн хэвшил бизнесийн байгууллагуудаас бүрдсэн нийт 400 орчим оролцогч
бүртгүүлжээ. Хөтөлбөрийн үр дүнд 150-200 энтрепренер судлаачдыг бэлтгэх, мөн 15-20
төслийг боловсруулан хөгжүүлж, технологийн зүгшрүүлэлт хийнэ. Түүнчлэн 1-2
үйлдвэрлэлийг бий болгож, үндэсний үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлж дэмжиж
ажиллахаар зорьж байгаагаа төслийг санаачлан зохион байгуулагчид хэлж байна.
“Энтрепренер судлаач” хөтөлбөр нь 2023-2024 оны хугацаанд 3 үе шаттай хэрэгжих
бөгөөд БШУЯ-ны дэмжлэгтэйгээр ШУА, СЭЗИС, МТҮП, ШУТС, “Стартап Монгол” ТББ хамтран
зохион байгуулж байна. Мөн мэдээллийн ивээн тэтгэгчээр Тэнгэр ТВ, ““Анрэйд” медиа
хамтран ажиллах юм.
“Энтрепренер
судлаач” хөтөлбөрийн нээлтийн үеэр БШУЯ-ны газрын дарга Д.Баттогтох “Энтрепренер
судлаач” болохын тулд юуны түрүүнд сэтгэлгээ,
хандлагаа өөрчилж, тасралтгүй суралцдаг байх хэрэгтэй” хэмээн оролцогчдод зөвлөөд “Энтрепренер соёлтой, энтрепренер
хандлагатай, боловсролтой болгохын тулд энэ хөтөлбөр санаачлагдаж
байгаа” гэдгийг онцлов. Тэрээр мөн хөтөлбөрт хамрагдаж байгаа 400 оролцогчийн 400 санаанаас шалгарсан топ 3
төслийг БШУЯ дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
“Энтрепренер судлаач” хөтөлбөрийг
хамтран зохион байгуулагч СЭЗИС-ийн хувьд эрдэмтэн судлаачдын бий болгосон технологийг зах зээлд амжилттай
гаргахад, өрсөлдөх чадвартай бизнес бий болгоход
чиглэгдсэн цогц сургалт явуулж оролцогчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлж ажиллах аж.
МТҮП-ийн хувьд бэлтгэгдсэн технологиудаас
шалгаруулж 5 төрлийн инкубаторт бойжуулах чиглэлээр судлаачдад дэмжлэг үзүүлэх бол Эрдэнэ хотын ШУТП хангайн бүсийн баруун
хэсгийн аймгуудаас оролцож байгаа
оролцогчдыг Орхон аймагтаа чадавхжуулах ажлыг зохион байгуулах юм. Мөн Дархан-Уул
аймгийн ХААИС нь өөрийн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гарааны компаниас
гадна улсын хэмжээнд амжилттай үйл ажиллагаа явуулж буй бүхий л Гарааны
бизнесийг чадавхжуулах сургалт явуулах боломжтой гэдгээ хөтөлбөрийн нээлтийн
үеэр илэрхийллээ.
Дашрамд дурдахад, ШУА нь анх энтрепренер судлаач хөтөлбөрийг 2018
онд зохион байгуулж байсан. Ингэхдээ харьяа хүрээлэнгүүдээсээ 21 судлаачийг
сонгон шалгаруулаад тэдгээрийн энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлж, оюуны өмч болон бизнес
менежментийн мэдлэгтэй, энтрепренер судлаачдыг бэлтгэсэн байдаг. Мөн энэ үеэр оюуны
өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 13
хүнийг бэлтгэж, 2 төсөл амжилттай хэрэгжүүлж, зах зээлд нэвтрүүлээд
байна.
“Энтрепренер 21” төслийн амжилттай үр дүнд тулгуурлан өнөөдрийн “Энтрепренер судлаач” хөтөлбөрөө монгол орон даяар үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.