Монголын Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч агсан Батболдын Энхтүвшиний хувийн гаралтай баримтаар Үндэсний төв архивд хөмрөг үүсгэн хүлээн авах ёслолын арга хэмжээг өнөөдөр Архивын ерөнхий газарт зохион байгууллаа.
Хувийн хөмрөг хүлээн авах ёслолын арга хэмжээг Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нээж, хүндэт зочдоор ШУ-ны гавьяат зүтгэлтэн академич Б.Энхтүвшиний гэргий Х.Галя ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, академич Л.Болд, Н.Бэгз, Б.Жадамба, Р.Гончигдорж болон ШУА-ын харьяа хүрээлэнгийн захирлууд оролцлоо.
Мөн арга хэмжээний үеэр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч агсан Батболдын Энхтүвшиний амьдрал, үйлсэд холбогдох баримт бичиг, гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг дэглэв.
Түүний хувийн хөмрөгт ажил, амьдралыг өгүүлсэн товч намтар, ажил алба, шагнал, урамшуулал, сонин, хэвлэлд нийтлэгдсэн өгүүлэл, нийтлэл, эрдэм шинжилгээ-судалгааны бүтээл, тайлан, нэгэн сэдэвт ном зохиолоос бүрдсэн 1963-2021 оны цаасан суурьтай 186 хадгаламжийн нэгж, гэрэл зургийн 105 хадгаламжийн нэгж бүхий хувийн гаралтай баримтыг хөмрөг үүсгэн хүлээн авч, Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжууллаа.
Б.Энхтүвшин нь ажил хөдөлмөрийн гараагаа 1974 оноос МУИС-ийн багшаар эхлүүлж, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Ардын боловсролын яамны орлогч сайд, Шинжлэх ухаан техник, дээд боловсролын улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Ардын боловсролын яамны Тэргүүн дэд сайд, Шинжлэх ухаан, технологийн газрын ерөнхий захирал, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Нүүдлийн соёл иргэншлийн судлах олон улсын хүрээлэнгийн захирал, ШУА-ийн дэд Ерөнхийлөгч болон ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж, өөрийн идэвхт амьдралыг Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, гадаад харилцааг хөгжүүлэхэд зориулсан, энэ чиглэлээр олон арван бүтээл туурвиж түмэн олондоо хүргэсэн эрдэмтэн юм.