Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Академич Т.Жанлав, О.Чулуунбаатар нар хамтарсан бүтээлээ англи хэлээр хэвлүүллээ
Академич Т.Жанлав, О.Чулуунбаатар нар хамтарсан бүтээлээ англи хэлээр хэвлүүллээ

 Академич Т.Жанлав, О.Чулуунбаатар нарын хамтарсан “Шугаман бус бодлого бодох итерацын аргын шинэ хөгжүүлэлт” номын нээлт өчигдөр боллоо.

Академич  Т.Жанлав шавьтайгаа хамтран гаргаж буй тус ном математикийн арга ухаантай нэг дороос танилцах зорилгоор гаргажээ. Гурван хэсэг найман бүлэгтэй тус номыг 10 гаруй жилийн судалгааны үр дүнгийн 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэлд тулгуурласан байна.

Гадаад эрдэмтдийн орчин үеийн судалгааны шинэлэг үр дүнгүүдтэй уншигчдыг танилцуулах  боломжийг олгож буйгаараа онцлогтой аж. Номд орсон бүх аргууд нь тоон туршилтаар баталгаажуулж, өөр аргуудтай жишиж, харьцуулалт хийж давуу болон үр ашигтай талуудыг нь гаргаж өгчээ.  Ном нь манай улсын их дээд сургуулуудын номын санд болон хөрш хоёр оронд тараах төлөвлөгөөтэй байгаа аж. Судлаачид, магистр, доктор, оюутнууд  ашиглах судалгааны хэрэглэгдэхүүн болгох боломж нээгдэж буйг академичид онцоллоо. 

Академич Т.Жанлав, “Дуу төрсөн түүх байдаг шиг ном төрсөн түүх бас бий. 1985 онд Дубнад томилолтоор ажиллах завшаан тохиосон юм. Тухайн үед Ньютоны аргыг их ашигладаг байсан нь бүтээлээ гаргах шалтгаан болсон.  Физикийн  онолын шугаман бус бодлогуудыг бодоход хэрэглэх чиглэлээр судалгааны ажил хийж эхэлснээс хойш олон жил өнгөрсөн байна.  Харин О.Чулуунбаатар  20 гаруй жил Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ажиллаж, энэ хугацаандаа докторын зэрэг, дэд доктор зэрэг амжилттай хамгаалсан. Онол ашиглан физикийн бодлогуудыг өндөр нарийвчлалтай бодох туршлага хуримтлуулсан. Энэ чиглэлийн судалгааны ажлууд нь олон улсад  мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдэж олны хүртээл болсноос хүмүүс ашиглаж ишлэл хийх болсон нь бий. Дубнад одоо хүртэл энэ аргыг эрдэмтэд ашигладаг. Хийсэн ажлуудаа нэгтгэж системчилж нэгэн цогц бүтээл болгох санаа төрснөөр ном  мэндлэх шалтгаан болсон. Цаашид шавь нар маань шинэ үр дүн гаргаж, баяжуулан сайжруулж явна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал Д.Ууганбаатар, “Бүтээлийн зохиогчид нь тооцоолон бодох  чиглэлийн  шавь сургалтыг бий болгон хөгжүүлж буй эрдэмтэд юм. Шугаман бус тэгшитгэлийн систем бодох шаардлага алхам тутам тулгардаг. Энэ чиглэлийн судалгаа нь олон улсад өргөн судлагддаг бөгөөд математикийн чиглэлээр манай судлаачид олон улсын түвшинд хүрч ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ бүтээл юм” гэв.

ОХУ-ын “Курс” хэвлэлийн газарт хэвлэсэн бүтээлийг англи хэлээр бичиж гаргасан нь судалгааны дүнг дотоодын төдийгүй бусад олон улсын их дээд сургуулиудын сургалтад нэвтрүүлж болох юм. 


Бусад мэдээлэл