Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар Хубилай хааны үеийн дөрвөлжин үсгийн нэгэн шинэ дурсгалыг нээж, 5 дугаар сарын 9-ний өдөр Монголын хүүхдийн номын ордонд тайлбарт үзэсгэлэнгээ толилууллаа.
Тодруулбал Хубилай хааны үеийн 14 үгтэй хэвлэмэл номын тасархайг археологичид Торгоны зам дагуух эртний Монголын Хар хотоос олсон бөгөөд уг тасархайг аль номын хэсэг болохыг манай судлаач илрүүлсэн байна. Өмнө нь Өвөр Монголын эрдэмтэн Ёшида Жүн-Ичи, Чимэддорж нар удирдан хориод эрдэмтний хүчээр “Хар хотоос олдсон монгол дурсгалын судалгаа” номыг 2008 онд хятад, япон хэлээр Токио хотод хэвлүүлэн гаргаж байжээ. Гэвч энэхүү номд орсон дөрвөлжин бичгийн тасархайг мөнөөх эрдэмтэд ямар ном болохыг нь таниагүй аж. Харин ШУА-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар энэхүү жижиг тасархайг судласны эцэст хоёр монгол бичмэл эхтэй тулгаж таньсан бөгөөд Сажа нутгийн эрдэмтэн Пагва лам Лодойжалцаны зохиосон “Шэйжэ равсал шэйжавын данжой” буюу “Мэдэгдэхүүнийг бэлгэтэеэ гийгүүлэгч нэрт шастир”-ыг монгол хэлээр, монголын дөрвөлжин үсгээр хэвлэснийг батлан харуулсан юм.
“Тус номын тасархайг таньсан нь судлаачийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд монголын бичиг соёлын түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал болж байгаагаараа онцлог юм” хэмээн үзэсгэлэнд оролцсон мэргэжил нэгт нөхөд нь үнэлж байлаа.