Азийн Шинжлэх ухааны
академиуд, нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Байгаль
орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын яам хамтран “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх
үүрэг” сэдвээр Азийн бүсийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 9 дүгээр сарын 7, 8-ны
өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Хурлын нээлтэд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ёо Хан Ким нар оролцож үг хэлсэн юм. ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Монгол Улс ногоон хөгжлийн бодлогоо батлаад 2 жил болж байна. Гэвч уг бодлогыг хэрэгжүүлэхэд эрдэмтдийн санал, санаачлагыг төдийлөн ашиглахгүй байгаа”-г хурлын нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, “2015 онд НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилтыг баталсан. Үүний гол тулгуур нь ногоон хөгжил юм. Учир нь хүн төрлөхтний хэрэглээ жил ирэх тусам нэгэдэж, харин байгалийн нөөц буурч байгаа юм. Тиймээс бид хэрэглээд хаях бус аль болох байгаль орчинд ээлтэйгээр хэрэглэх чиглэлд анхаарч байна. Ногоон хөгжил бол тухайн газар орон, бүс нутаг болгонд хүн амьдрах ээлтэй орчин бүрдүүлэхийг хэлж байгаа юм. уур амьсгалын өөрчлөлтийн үед газар тариалан, мал аж ахуй дасан зохицох технологи бүтээх зэргээс эхлээд эрдэмтэд ногоон хөгжилд асар их хувь нэмэр оруулж чадна. Мөн хүнсний аюулгүй байдлын асуудал. Монгол Улс хүнсний хэрэглээнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг. Тэгэхээр Монгол оронд мал аж ахуй, газар тариалангаас өөр экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Манай эрдэмтэд Азийн 46 орноос 19 байрт ордог чадварлаг хүмүүс. Тиймээс төр засаг ногоон хөгжилд хүрэхийн тулд эрдэмтдийг ашиглах хэрэгтэй” хэмээв.
Харин Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ёо Хан Ким, “Шинжлэх ухаан, технологи хөгжсөн оронд ч агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал гэх мэт асуудал байдаг. Бүх асуудлыг технологиор шийдэх боломжгүй. Гэхдээ технологийн шийдэл хайснаар асуудлаа багасгах чиглэлээр тодоохой хүн дүнд хүрдэг. 2050 он гэхэд дэлхийн хүн ам хэд дахин өснө. Энэ хэмжээгээр хүнс тэжээлийн асуудал ч нэмэгдэнэ. Энэ хэрэгцээг хангахын тулд хөдөө аж ахуйг тэргүүлэх чиглэл болгох хэрэгтэй. Хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд бидэн эрчим хүч шаардлагатай болно. Нүүрс түлэх нь агаарын бохирдол зэрэг олон асуудал дагуулдаг тул сэргээгдэх эрчим хүч ашиглах нь туйлын чухал. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр нилээдгүй ажиллаж байгаа. Гэхлээ ногоон хөгжилд хүрэх бас нэг гол зүйл бол хог хаягдал. Өрх бүр аль болох бага хог гаргаж, түүнийг зөв хаяах хэрэгтэй. Энэ нь дадал зуршил болж, ногоон хөгжлийн эхлэл болох юм” гэлээ.
Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо нь Ази, Австрали тивийн 30 гаруй орны 34 шинжлэх ухаан, технологийн академи, нийгэмлэгүүдийг эгнээндээ нэгтгэн, гишүүн байгууллага, эрдэмтэн судлаачдынхаа хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2012 онд байгуулагджээ.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи энэхүү холбооны идэвхитэй байгууллага нэгэн бөгөөд манай ШУА-ийн Ерөнхийлөгч нь холбооны удирдах зөвлөлийн гишүүн гишүүн юм.
Азийн бүсийн энэ удаагийн хуралдаанд Монгол Улс, БНСУ, ОХУ, БНХАУ, Балба Улс, Бангладеш, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, БНТурк Улсын 60 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, 15 илтгэл хэлэлцүүлсэн байна.