Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ДАМДИНСҮРЭНГИЙН ЦЭВЭЭНДОРЖ

(1949-2022)

             Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Дамдинсүрэнгийн Цэвээндорж 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монголын шинжлэх ухааны салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Д. Цэвээндорж нь 1949 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өндөрсант сумын нутагт төрж, малчин ард Дамдинсүрэнгийн бага хүү болон мэндэлжээ. Тэрээр 1956 онд Архангай аймгийн Өндөрсант сумын сургуульд элсэн орж, 1966 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийг “Алтан медаль”-тай төгсөж ШУА-ийн захиалгаар Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд элсэн суралцаж “археологич” мэргэжлээр төгсөн, 1983 онд “Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгал” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1998 онд “Монголын эртний урлагийн түүх” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.  

Д. Цэвээндорж нь 1972 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1989 оноос Археологийн секторын эрхлэгч, 1999 оноос Түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төвийн эрхлэгч, 2002 оноос ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, 2015 оноос ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төвийн эрхлэгч, 2019 оноос ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн зөвлөхөөр ажиллаж байв.

Д. Цэвээндорж нь 1995 оноос ЮНЕСКО-гийн дэргэдэх Төв Азийн хадны зураг судлалын Олон улсын холбооны гишүүн, 1996 оноос Олон Улсын Өвөг Түүхийн Холбооны гишүүн, 1999 оноос ЮНЕСКО-гийн Нүүдлийн соёл иргэншил судлах олон улсын хүрээлэнгийн сурвалжлагч гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байлаа.

Д. Цэвээндоржийн судалгааны ажлыг үнэлэн 1995 онд МУБИС-ийн “Дэд профессор”, 1996 онд АНУ-ын Аризонагийн их сургууль “Антропологийн шинжээч профессор”, 2001 онд Бельгийн вант улс дахь Европын хятад судлалын хүрээлэн “Хүндэт профессор”, 2008 онд ХБНГУ-ын Археологийн хүрээлэн “Сурвалжлагч гишүүн”, БНКазахстан Улсын Актаугийн их сургууль “Хүндэт профессор”, 2009 онд БНФУ-ын Францын их сургууль “Хүндэт профессор” цол, 2016 онд Монгол улсын ШУА-ийн “Жинхэнэ гишүүн - академич” хэргэм тус тус хүртээжээ.

Академич Д. Цэвээндорж нь Монголын түүхийн нэн эртний болон эрт үеийн түүхийг судлан шинжлэх үйл хэрэгт бүхий л ухамсарт амьдралаа зориулан 40 гаруй нэгэн сэдэвт, 50 гаруй хамтын бүтээлийн зохиогчоор оролцож 400 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж, Монгол, Орос, Унгар, Бельги, Герман, Япон, Америк, Итали, Солонгос, Франц, Хятад, Турк зэрэг 10 гаруй оронд хэвлүүлсэн байна.

Д.Цэвээндорж 1970-аад оноос үндэсний болон Орос, Унгар, Япон, Солонгос, Франц, Америк, Бельгийн эрдэмтэдтэй хамтарсан хээрийн шинжилгээг 80 гаруй удаа удирдан зохион байгуулж Монгол орны 21 аймаг, ихэнх сумдын нутгийг хамарсан хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд олон арван шинэ олдвор, хэрэглэгдэхүүнээр судалгааны бааз суурийг өргөтгөсөн төдийгүй, шинжлэх ухааны нээлтийн чанартай ховор олдвор удаа дараа илрүүлж, гадаад дотоодод хэвлэн нийтлүүлсэн юм. Тухайлбал, Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн хугацааг судлаач нөхдийн хамт 750.000 жилийн тэртээгээр тогтоосон, агуйн зосон зураг, хадны сийлмэл зураг төдийгүй урлаг үүсэж хөгжсөн нэгэн голомт бүс нутаг болохыг баталсан, Хүннүгийн “хэл хуур” хэмээх хөгжмийн зэмсэг илрүүлсэн,  Монгол нутгаас анх удаа олдсон эртний хүний гавлын ясны хэсгийг харьцуулан шинжилж “mongolanthropus” хэмээх нэрээр шинжлэх ухааны эргэлтэд оруулсан,  гадаадын судлаачидтай хамтран Монгол Алтайн нуруунаас пазырыкийн үеийн анчин, дайчин эрийн оршуулга илрүүлсэн нь тухайн жилийн дэлхийн археологийн 10 чухал нээлтийн нэг хэмээн үнэлэгдсэн зэрэг олон баримт дурдаж болно. Түүний олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн, эрдмийн хамтрагчдын хүчин чармайлтаар Увс нуурын ай сав газар, Орхоны хөндий, Монгол Алтайн хадны зураг, Бурхан Халдун ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн билээ.

   Д. Цэвээндорж нь эрдэм судлалын ажлынхаа зэрэгцээ 1972 оноос эхлэн МУИС, МУБИС, Улаанбаатарын их сургуулиудад багшлан, Монголын археологичдын хэдэн үеийг сурган хүмүүжүүлэгч, ачлалт багш байлаа. Түүний удирдлагаар доктор, магистрын зэрэг хамгаалсан олон шавь нар нь гадаад, дотоодод археологийн шинжлэх ухааны судалгаа, сургалтын байгууллагуудад амжилттай ажиллаж байна.

Түүний шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж 1998 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 1999 онд академич Х. Пэрлээгийн нэрэмжит шагнал, 2000 онд Алтан гадас одон, 2001, 2011, 2022 онуудад Ардын хувьсгалын ойн медаль, 2006 онд “Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2010 онд ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, 2006 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын “Хүрэл сигма” одон, 2013 онд Япон улсын Элчин сайдын “Хүндэт өргөмжлөл”, 2016 онд Олон улсын Түрэг судлалын академийн дээд шагнал “Алтан медаль”-аар тус тус шагнагджээ.

Академич Д.Цэвээндорж нь Монголын археологийн шинжлэх ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх, судлаачдын залуу халааг бэлтгэх, судалгааны ажлын үр дүнг түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагыг удирдан зохион байгуулахад өөрийн бие сэтгэлээ зориулсан манай улсад төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд нэрд гарсан эрдэмтэн байлаа.

 Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,  ШУА-ийн жинхэнэ гишүүн, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc. D), профессор Д. Цэвээндоржийн эгэл даруу, хөдөлмөрч хичээнгүй, эрдмийн хүний бүтээлч, шинийг эрэлхийлэгч чанар, хүний төлөө гэсэн нинжин сэтгэл, нөхөрсөг, шударга зарчимч зан төрх нь эрдмийн хамт олон, шавь нарынх нь зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдан үлдэх болно.

 МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР

            Академич Д.Цэвээндоржийг тэнгэрт хальсанд  харамсан буйгаа илэрхийлэн гадаадын олон улсын эрдэмтэд, салбарын байгууллагуудаас эмгэнэлийн бичиг илгээснийг хавсаргав. 



        


 


Бусад мэдээлэл