“Загасны Дулмаа” хэмээн олноо танигдсан нэрт эрдэмтэн, академич А.Дулмааг ШУА-ийн Ахмадын холбооноос “Хүндэт дэвтэр”-тээ алдаршууллаа.
Академич А.Дулмаа нь 1964 оноос өнөөг хүртэл
ШУА-ийн Байгалийн ухаан, Биологийн хүрээлэнд Амьтан судлал, Гидробиологи, Загас
судлалын тасаг, лабораторид эрхлэгч, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн
захирлаар тасралтгүй 55 жил ажиллаж байна.
Тэрээр Дархадын хотгорын бүлэг нууруудаас
эхлэн монгол орны бүх нуур усны хөвөгч болон ёроолч нугаламгүй жижиг амьтны
ертөнц, загас, хөвөгч замаг, усны доод болон гуурст ургамлын зүйлийн бүтээгдэхүүн,
тархац, биологи, экологийн онцлог, нөөц баялаг, усны амьдсын идэш тэжээлийн
холбооны зүй тогтлыг судалж байна.
Түүний судалгааны үр дүнгээр “Дархадын хотгорын нууруудын биологи”, “БНМАУ-ын
нууруудын биологи”, “Монгол орны загас” 2 боть, “Монголын ховор загас” зэрэг
эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, ном, товхимол 40 гаруй, эрдэм шинжилгээний
өгүүлэл 300 гаруйг хэвлүүлжээ.
Академич А.Дулмаа нь Хөвсгөл, Дархадын
хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол алтайн Толбо,
Хонгор-Өлөнгийн нуурууд, Хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур,
Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг 8 аймгийн
том жижиг 25 нууранд амоль, цагаан зарам, шивир жарга, булуу цагаан, хэлтэг,
амарын хөөлөнхэй зэрэг загасыг нутаглуулан үржүүлжээ.
Ингэж загас шинээр нутаглуулснаар жилд 50-340 тн загас
барих нөөцийг улс орондоо бий болгосон нэртэй судлаач, эрдэмтэн юм.