Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Энэтхэг, Бразил ба шинжлэх ухааныг үл тоох нь хүний амь эрсдэх аюултай
Энэтхэг, Бразил ба  шинжлэх ухааныг үл тоох нь хүний амь эрсдэх аюултай

Шинжлэх ухааны зөвлөгөөг үл тоомсорлож, авах арга хэмжээгээ хойшлуулдаг засгийн газрууд цар тахлыг хянах чухал боломжоо алдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт Бразилийн COVID-19-ийн улмаас нас барсан хүний тоо 400,000-ыг давсан байна. Энэтхэгт цар тахал өдөр бүр 3500 орчим хүний амь насыг авч одож байгаа бөгөөд дэлхийн улс орнууд хүчилтөрөгч, агааржуулагч, эрчимт эмчилгээний ор гэх мэт олон зүйлийг тусламж болгон өгч өргөнөөр хариу арга хэмжээ авахад хүргэв. Хэдийгээр эдгээр хоёр улс хоорондоо хэдэн мянган бээрийн зайтай байгаа боловч хоёуланд нь тохиолдсон хямрал нь улс төрийн алдааны үр дүн байв. Тэдгээр орны удирдагчид эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг хүлээж аваагүй эсвэл цаг алдаж хэрэгжүүлж ажилласан байна. Энэ нь хүний амь насыг утга учиргүй хохирооход нөлөөлсөн байна.

 

Бразил улсын хамгийн том алдаа бол тус улсын  ерөнхийлөгч Жаир Болсонаро COVID-19-ийг байнга "багахан ханиад" гэж буруу тодорхойлж, маск зүүх, хүн хоорондын харилцааг хязгаарлах зэрэг шинжлэх ухааныханы зөвлөмжийг дагаж мөрдөхөөс татгалзсан явдал юм.

 

Энэтхэгийн удирдагчид шаардлагатай хэмжээнд шийдвэртэй алхам хийж байсангүй. Жишээлбэл, тэд томоохон цуглаан хийхийг зөвшөөрдөг, зарим тохиолдолд дэмждэг. Энд ийм нөхцөл байдал шинэ юм биш болоод байна. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны үеэр COVID-19-тэй тэмцэхийн тулд хүн хоорондын зайгаа барих шаардлагатай гэсэн зөвлөгөө нотолгоог үл тоомсорлосон нь гамшигт үр дагаварт хүргэсэн билээ. АНУ-д энэ өвчнөөр 570,000 гаруй нас барсан нь бүртгэгдээд байна.Энэ нь дэлхийн хамгийн их COVID-19 –оор нас барсан хүний тоогоороо одоо ч толгойлсон хэвээр байна.

 

Nature  сэтгүүлийн өгүүлэлд бичсэнчлэн Энэтхэгт өдөр бүрийн COVID-19-ын тохиолдол 9-р сард 96,000-д хүрч, аажмаар буурч, 3-р сарын эхээр 12,000 орчим болж буурсан явдалд Энэтхэгийн удирдагчид санаа амарсан байна. Энэ үеэр бизнес эрхлэгчид дахин үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Олон мянган фермерүүдийг Шинэ Делийн ойр орчим маргаан дагуулсан фермийн тухай шинэ хуулиудыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал зэрэг томоохон цуглаанууд болсон байна. Мөн 3, 4-р саруудад сонгуулийн цуглаан, шашны цуглаанууд үргэлжилсэн билээ.

 

Энэтхэг бас өөр асуудалтай тулгарч байна. Үүний нэг нь эрдэмтэд COVID-19 судалгааны үр дүн, тоо баримтанд нэвтрэх нь тийм ч хялбар биш байна. Энэ мэдээлэл нь эргээд засгийн газарт үнэн зөв таамаглал, нотолгоонд суурилсан зөвлөгөө өгч урьдчилан сэргийлдэг. Ийм мэдээлэл хангалттай сайн байхгүй байсан ч судлаачид өнгөрсөн 9-р сард засгийн газарт COVID-19 хязгаарлалтыг зөөлрүүлэх талаар болгоомжтой байхыг анхааруулсан ажээ (Lancet 396, 867; 2020). Дөрөвдүгээр сарын эхээр тэд хоёр дахь давалгаагаар сарын эцэс гэхэд COVID-19 халдвар авсан хүүний тоо өдөрт 100,000 хүрч болно шүү гэж анхааруулж байжээ.

 

Энэ 4-р сарын 29-нд 700 гаруй эрдэмтэд Ерөнхий сайд Нарендра Моди-д захидал бичиж, COVID-19 шинжилгээний хариу болон эмнэлгүүдийн өвчтөнүүдийн эмнэлзүйн үр дүн зэрэг мэдээлэлд илүү сайн нэвтрэхийг (go.nature.com/3vc1svt -ийг үзнэ үү), мөн шинэ хувилбаруудыг тодорхойлох том хэмжээний геном-тандалтын хөтөлбөр (go.nature.com/3vd7fak-ийг үзнэ үү) боловсруулахыг хүссэн ажээ. Дараагийн өдөр нь засгийн газрын шинжлэх ухааны гол зөвлөх Кришнасвами Вижайрагхаван эдгээр асуудлуудыг хүлээн зөвшөөрч, засгийн газраас гадуурх судлаачид эдгээр үр дүн, тоо баримтыг хэрхэн олж авах талаар тодруулав. Энэхүү алхамыг захидалд гарын үсэг зурсан хүмүүс нааштай хүлээж авсан боловч тэд өгөгдөлд нэвтрэх зарим асуудал тодорхойгүй хэвээр байгааг Nature-д бичжээ.

 

Эхний ээлжинд эсэргүүцсэн захиа шаардлагагүй байлаа. Гарын үсэг зурсан хүмүүс өөрсдийгөө таниулснаар эрсдэлд орсон байна.  Өнгөрсөн хугацаанд Моди засгийн газар бодлогынх нь талаар зохион байгуулалттайгаар асуулт тавьсан судлаачдад тийм ч сайн хариу өгөөгүй юм. Хоёр жилийн өмнө 100 гаруй эдийн засагч, статистикчдаас албан ёсны статистикт улс төрийн оролцоог таслан зогсоохыг хүссэн захидлыг албаны хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй билээ. Энэтхэгийн Үндэсний статистикийн хорооны өндөр албан тушаалтнууд засгийн газрын мэдээллийг олон нийтэд хүргэх хугацаанд хөндлөнгөөс оролцсон гэж үзэн огцорсны дараа уг захидлыг бичжээ.

 

Шинжлэх ухааны хамт олон үндэсний засгийн газруудтайгаа тааруухан харилцаатай байх нь огтхон ч сайн зүйл биш юм. Гэхдээ энэ нь цар тахлын үед үхлийн үр дагаварт хүргэж болзошгүй учраас шийдвэр хурдан, нотолгоонд суурилсан байх шаардлагатай болдог. Бразил, Энэтхэгийн засгийн газрууд эрдэмтдийнхээ зөвлөлгөөг сонсолгүй өнгөрч, хүний амь насыг авч байгаа аюулыг бууруулах чухал боломжийг алджээ.

 

Цартахлын үед бид бүгдээрээ засгийн газраа амжилттай ажиллах ёстой гэж үзэж байна. Гэсэн хэдий ч дутуу мэдээлэлтэйгээр сайн шийдвэр  хурдан түргэн гаргах нь тун хүнд. Энэ эрүүл мэндийн тоо баримт бүхий мэдээлэл нь судлаачид, эмч нарт үнэн зөв, хүртээмжтэй байх шаардлагатай байх ёстой. Ийм хандлагыг үгүйсгэх эсвэл нуун далдлах нь цартахлын тархалтыг сунжруулах эрсдэлтэй.

                                                                                                                                                                          Орчуулсан Т.Ган-Эрдэнэ

                                                                                                                                                                               Nature 593, 7-8 (2021)

                                                                                                                                                   doi: https://doi.org/10.1038/d41586-021-01166-w

 


Бусад мэдээлэл