Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Б.АНХБАЯР: ХЯТАДЫН БАГА СУРГУУЛИУД ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛБЭЛ АЙХ АЮУЛГҮЙ БОЛЖЭЭ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО
Б.АНХБАЯР: ХЯТАДЫН БАГА СУРГУУЛИУД ХИЧЭЭЛЛЭЖ  ЭХЭЛБЭЛ АЙХ АЮУЛГҮЙ БОЛЖЭЭ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Б.Анхбаяртай ярилцлаа. Тэрбээр Шанхай хотын Фудань их сургуулийг олон улсын худалдаа, эдийн засгийн чиглэлээр төгссөн. Мэргэжлээрээ жил гаруй ажилласныхаа дараа Тайваньд олон улсын улс төр судлалаар суралцаж магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр олон улсын харилцааны чиглэлээр зургаа дахь жилдээ судалгаа хийж буй юм. 

-Хятадын Ухань хотоос гаралтай халдварт өвчин дэлхий нийтэд тархсанаас болоод Европ тивийнхэн Азийнханд таагүй хандах байдал ажиглагдаж байна. Зарим улс илт гадуурхах боллоо. Хятад судлаач хүний хувьд үүнийг ямар өнцгөөр харж байна вэ? 

-XIX зууны үед европчууд ази хүмүүсийг, тэр дундаа хятадуудыг шар тахал гэж хэлдэг байсан. Дэлхий даяараа хятадуудыг муу өнцгөөс хардаг нь эртний хандлагаас улбаатай байж. Хятад хурдтай хөгжиж, технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлээд ирэх үед ч нүд үзүүрлэсэн байдал нь өөрчлөгдөөгүй шүү дээ. Гэтэл шинэ коронавирусийн халдвар Уханьд дэгдсэнээс хойш АНУ-ын Азийнхныг ялгаварлах үзэл илт даамжирлаа. Гэхдээ хятадууд уг өвчин Уханьд дэгдсэн нь үнэн болохоос гарал үүсэл нь тогтоогдоогүй гээд байгаа. АНУ болохоор өвчин тараасан гол буруутан нь Хятад гэсэн өнцгөөс хандаад байна. Европчууд ингэж гадуурхах нь зөвхөн хятадууд бус Азийнханд ч тааламжтай зүйл биш. Дэлхийн улс орнуудад учирч буй хохирлыг Хятад төлөх ёстой гэж АНУ үзээд байна. Тиймээс хятадууд судалгаа, шинжилгээтэй зүйл гаргаад ирээсэй гэж судлаач хүний хувьд хүсэж байна. Саяхан тус улсын ШУА-ийн академич, Цэргийн анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн судлаач Чэн Вэйгээр удирдуулсан судалгааны баг коранавирусийн вакцин турших зөвшөөрлөө авсан. Гэхдээ одоо шууд вакциныг бүрэн ашиглаж эхэлнэ гэсэн үг биш. Туршиж баталгаажуулах, үйлдвэрлэх гээд хугацаа орох тул хамгийн багадаа 6-8 сар болно гэж мэдээлсэн. 

-Хятадууд тахлыг дотооддоо хянаж, тархалтыг барьж чадлаа. Эрдэмтэн судлаачид, эмч нар нь шинэ коронавирусийн талаар хэрхэн таамаглаж, бичиж байгаа бол? 

-Шинэ коронавирусийн анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 7-нд илэрсэн гэж эмч нар нь яриад байгаа. Анхны тохиолдол гарснаас хойш сарын хугацаанд Хятадын Засгийн газар огт анхаараагүй. Арванхоёрдугаар сарын 20-нд Уханьд уушгины үрэвсэл гарсан байна гэж мэдээлсэн. Хүнээс хүнд халдварлаад эхлэхээр нь эмч нар эргэлзсэн юм билээ. Энэ тухай ярьж эхлэхэд цагдаагийн байгууллага нь битгий дэвэргээд бай гэж анхааруулсан байдаг. Орон нутгийн удирдлагууд ч гэсэн хариуцлага хүлээх учраас эхэндээ дарсан болов уу. Ингээд нэгдүгээр сарын 3-нд энэ өвчний талаар хуралдаж, Бээжин рүү мэдэгдсэн юм билээ. Нэгдүгээр сарын 7-20 хүртэл хүнээс хүнд халдварладаг болохыг нь тогтоосон. Үүнийг албан ёсоор батлах хүртлээ эрдэмтэд, эмч нар эргэлзэж, тээнэгэлзсээр л байсан. Нэгдүгээр сарын 24-нөөс Уханьд хөл хорио тогтоож, Хятад энэ өвчинтэй тэмцэх төвийг байгуулаад даргаар нь Ли Көцяныг томилсон. Ли Көцян нэгдүгээр сарын 27-нд Уханьд очиж тусгаарлалтын арга хэмжээ авч, бүх мужаас эмч нарыг татаж ажиллуулсан. Эрчимтэй арга хэмжээ авсан ч гэсэн халдварын тархалт даамжирсаар хоёрдугаар сарын сүүл гэхэд оргилдоо хүрсэн. Өвчнийг хянаж чадалгүй газар авахуулсан байдлыг барууныхан Хятадын улс төрийн тогтолцоотой холбон шүүмжилж байгаа. Яг тэр үед Ши Жиньпин олны өмнө гарч ирээгүй. Ли Көцян л олны өмнө байнга гарч ирж байлаа. Энэ байдлаас болоод барууныхан Ши Жиньпинийг харлуулж эхэлсэн. 10 хоног чимээгүй байсныхаа дараа хоёрдугаар сарын 10- нд Ши Жиньпин Бээжингийн эмнэлэг дээр очсоноор олны өмнө гарч ирсэн. Тууштай тэмцсэний дүнд тархалтыг дотооддоо зогсоож чадсан. Одоо харин гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол бүртгэгдэж байна. Гэтэл баруунд байдал хүнд боллоо шүү дээ. Италийн парламентын гишүүн хуралдаа маск зүүж ороод шоолуулж байсан удаа бий. Тэр хүн өвчний голомттой гурван газраар зочилсон учраас өөрийгөө болон бусдыгаа хамгаалж маск зүүгээд шоолуулсан. Тухайн үед Азийн өвчин мэтээр хандаж, доог тохуу хийж байсан италичууд өнөөдөр үгээ хэлж байна шүү дээ. Манайхны тэнгэрлэг монголчууд өвдөхгүй гэдэг шиг л хандлага гаргасан л даа. 

-Тус улс вирус тараасан анхны өвчтнийг одоо болтол олж тогтоогоогүй юу. Эсвэл олсон ч дэлхий дахинд мэдэгдэхгүй нууцалчихав уу гэсэн хардлага бас байна? 

-Хятадын эмч, анагаахын мэргэжилтнүүд коронавирусийг тараасан өвчтөн нь олдоогүй байгаа гэж хэлсэн. Шинэ коронавирусийн халдвар анх тараасан өвчтөнийг олчихвол хаанаас үүдэлтэй, хэрхэн мутацилагдсан мэдээллийг тогтоох боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл өнөөг хүртэл анхны халдвар тараагч олдохгүй байна гэсэн тайлбар хэлж буй. Зарим судлаач амьтны гаралтай гэж үзэж байна. Мөн тодорхой хэсэг нь сарс, мерс коронавирус бол хүний генийн нэгдэл байх магадлалтай гэж таамаглаж байгаа. Хятадын судлаачдын хувьд ёс суртахуун талаасаа ч, намын зарлиг талаасаа ч тэр буруу өнцгөөс ярихгүй. АНУ-ын Конгрессын нэгэн гишүүн бүх улсын төлбөрийг Хятад төлөх ёстой гэж хэлсэн. Үүний хариуд Хятадын судлаачид өвчин Уханьд л дэгдсэн болохоос гарал үүсэл нь манай улс биш гэж зүтгээд байна. Өвчин тархсаны гол буруутан нь хүн төрөлхтөн өөрсдөө байж ч магадгүй. Технологи хурдацтай хөгжөөд ирэхээр янз бүрийн өвчин гардаг. Барууныхан Азийн өвчин гэж хандсан нь дэлхий глобальчлагдаад байхад эрүүл мэндийн салбар глобальчлагдаж чадаагүйг харуулж байна. 

-Цар тахлаас болоод Хятадын худалдаа, эдийн засагт тодорхой хэмжээний хохирол учирлаа. Бусад улс орны эдийн засаг ч савлаж байна. Эдийн засгийн алдагдал нь ямар байгаа бол? 

-Хятадын цагаан сартай давхцаж өвчин гарснаас болоод гурван долоо хоног бүх ажил зогслоо шүү дээ. Хятадын эдийн засаг коммунист намын загварынх нь гол баталгаа болдог. Тус улсын хувьд өвдөж үхэх үү, гэрээсээ гарахгүй өлсөж үхэх үү гэдэг сонголтын өмнө тулж ирсэн. Одоо бүх зүйл 93 хувьтай сэргэчихээд байна. Хятад бол дэлхийн үйлдвэр. Тэгэхээр гол мотор ажиллаад эхэлсэн гэсэн үг. Уг нь эдийн засгийнхаа өсөлтийг зургаан хувиас буулгахгүй гэсэн зорилт тавиад байсан. Гэтэл тодорхой хэмжээгээр буурлаа. Дэлхийн банкнаас Хятадын эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь гэж зарлалаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт нь бага зэрэг буурсан ч үйлдвэрүүд нь ажиллаад эхэлсэн учраас богино хугацаанд алдагдлаа нөхөх боломжтой. Дэлхий дахинд ч гэсэн гол хөдөлгүүр нь ажилласан учраас адаглаад л маск, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт сайжрах сайн талтай. Хятад дэлхийн маскны хэрэглээний 50 хувийг хангадаг орон шүү дээ. 

-АНУ, Хятадын дунд худалдааны өрсөлдөөн байснаас ч тэр үү Дональд Трамп Хятадын өвчин гэж жиргээд байгаа шүү дээ? 

-Дональд Трамп би дахиж Хятадын өвчин гэж хэлэхгүй гэдгээ амлалаа. Ялгаварлан гадуурхах үзэл гаргахгүйн тулд ДЭМБ “COVID-19” гэж нэрлэсэн. АНУ-ын эдийн засаг ч гэсэн “COVID-19”-өөс болоод унахад хүрээд байна. Трампын гурван жилд босгосон эдийн засгийн эерэг үзүүлэлт сүүлийн 14 хоногт байхгүй боллоо. Трампын хувьд эдийн засгийн уналт Хятадаас болсон гэж үзээд байгаа. Энэ ч цаанаа шалтгаантай. Ингэж хэлж байж дахин сонгогдох нүхээ малтахгүй бол мань хүн эхэндээ тактикийн алдаа гаргасан л даа. Америкийн хувьд цэвэр эдийн засагтай холбоотой гаргасан араншин болов уу. 

-Хятадын улс төрийн гадаад бодлогын бусад их гүрнүүдээс ялгагдах онцлог нь гэвэл…? 

-Өвчинтэй холбогдуулаад хэлэхэд тогтолцооныхоо давуу талыг гаргаж чадлаа гэж өөрсдөө хэлээд байгаа. Нэг хүн шиг ажиллаж, аюулт өвчнийг ялж чадсан нь тогтолцооны давуу тал гэж үзэж байна. Тэгэхээр авторитар тогтолцоо, ардчилсан тогтолцоо хоёрын ялгаа харагдлаа гэж дүгнэж болно. АНУ ардчилсан тогтолцоотой учраас нэгдмэл байдлаар ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй. Авторитар тогтолцоо нэг сайн ажиллаад эхэлбэл гүйцэтгэл сайтай байдаг. Гэхдээ ажилтлаа бас алдаа их гаргана. Харин барууныхан аливаа асуудлыг илрүүлэхдээ хурдан, арга хэмжээ авахдаа нэгдэж чаддаггүй сул тал бий. 

-Ардчилсан засаглалтай орон авторитар засаглалтай орны ялгаа харагдлаа гэж хэллээ. Хөгжилд хүрэхэд аль систем нь илүү оновчтой байна вэ? 

-Миний өнцгөөс бол ардчилал боловсрол дээр тогтдог. Сайн боловсролтой байвал сонгуулиа зөв өгнө. Сонгуулиа зөв өгнө гэдэг сайн элитийг сонгож чадна гэсэн үг. Бид АНУ-ын ардчиллыг хуулаад буруу систем рүү орчихлоо гэж ойлгож болохгүй л дээ. Ардчиллыг бид хүний эрх, эрх чөлөө гэдэг утгаар нь хүлээж аваад хариуцлагын тогтолцоог нь орхигдуулсан тал бий. Хятадын улс төрийн тогтолцоо бол хэдэн мянган жилийн турш нэг хүний удирдлагаар аваад загвар болоод тогтчихсон зүйл. Манай хойд хөрш ч гэсэн өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр ямар ч улс өөрийн тогтолцоогоо хайж олох хэрэгтэй л дээ. 

-Манай урд хөрш ядууралтай их тэмцэж байна. Ядууралтай тэмцэхэд ямар бодлого барьж байна вэ? 

-Ши Жиньпин 2013 онд “Хятад мөрөөдөл” нэртэй хөтөлбөр гаргаж ирсэн удирдагч. Тэрбээр 2021 онд тохиох Хятадын коммунист намын 100 жилийн ойгоор улсаа ядуурлаас бүрэн гаргах зорилго тавьсан. Нөгөөтэйгүүр 2049 онд тохиох БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор хүчирхэг чинээлэг Хятадыг бий болгох зорилт тавиад байна. Эхний 100 жилийн ой ирэх онд болох учраас ядуурлаас бүрэн гарах зорилгодоо хүрэхийн төлөө чармайж байгаа. Ядуу тосгонуудад сайн менежмент хийж чадах албан тушаалтнуудаа томилдог. Өөр нэг арга барил нь ядуу тосгоноо хөгжиж баян хотуудтай холбож ядуурлаас гаргахад дэмжихийг үүрэг болгодог. Жишээлбэл, Юньнань мужийг Шанхай хотод даалгаж өгсөн байдаг юм билээ. Мөн гайгүй амьдралтай өрхөд нэг ядуу өрхийг даалгаж өгдөг. Гэхдээ бэлэнчлэх сэтгэлгээ суулгадаггүй. Загас барих аргыг нь зааж өгдөг. Ши Жиньпиний зорилтыг биелүүлж чадахгүй нь албан тушаалаасаа огцрох учраас ядуурлаас гарч чадах байх. 1978 оноос Хятад нээлттэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш 800 сая иргэнийг ядуурлаас гаргасан байдаг. Хятадын нэг иргэнд оногдох ДНБ-ий хувь нь 10 мянган ам.доллар. Энэ үзүүлэлт АНУ-аас барагцаагаар тав дахин бага л даа. Ши Жиньпиний хувьд зорилгодоо хүрэх нь тодорхой. Харин түүний дараагийн удирдагч гарч ирэхэд яахыг таашгүй. Гэхдээ Ши Жиньпин хэзээ буух нь бас оньсого болчихоод байна шүү дээ. 

-Авлигатай хамгийн сайн тэмцэж байгаа жишээ бий. Энэ талаар сонирхож судлав уу? 

-Би 2018, 2019 оны Хятадын тоймыг бичсэн. 2014 оноос л тус улсад авлига, хээль хахууль хүчтэй яригдаж эхэлсэн. Барыг ч барих, ялааг ч алах зорилт тавьсан. Хятад улс хөгжихийн хэрээр төрийн албанд нь авлига, хээл хахууль бугшсан. Үүнтэй холбоотойгоор Хятадын ард түмний мөнгө гэсэн хошигнол нийтийн дунд гарсан. Төрийн алба нь угтаа ард түмний төлөө үйлчлэх ёстой байтал ард түмний мөнгөнд үйлчлээд байсан тул ийм хэлц үг гарсан юм. Үүнийг Ши Жиньпин соргогоор анзаарч өөрийн эрх мэдлээ баталгаажуулахын тулд авлигатай тэмцэж эхэлсэн. 2013 онд Жоу Юнканыг барьж ямар ч эрх мэдэлтэн баригддаг болохыг ард түмэндээ харуулсан. Мөн цэргийн том хоёр генералын авлигын хэргийг илрүүлж баривчилсан. Ингэснээр нийгэмд итгэл төрүүлж, ард түмний дунд нэр хүндээ өсгөсөн. Мужууддаа авлигын музей байгуулаад гэмт хэрэгтнүүдийн мэдээллийг зурагтай нь тавьсан байдаг. Би тус улсын хэд хэдэн мужийн авлигын музейгээр орж үзсэн. Энэ нь нийгэмд авлига, хээл хахуулийг жигшүүлэх арга барил юм даа. 

-АНУ, Хятад хоорондын худалдааны сөргөлдөөн намжиж байтал өвчин тархаж дахиад хоёр улсын харилцаа таарамжгүй боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Хоёр их гүрний хооронд худалдааны үл ойлголцол зайлшгүй гарах байсан. Дональд Трамп бол бүх зүйлийг зоосны нүхээр хардаг хүн учраас Хятадыг шударга бус худалдаа хийж, АНУ-ыг мөлжлөө гэж үзээд байсан. АНУ бол ерөнхийдөө Хятадтай гурван асуудлаар сөргөлдөөд байгаа. Нэгдүгээрт худалдаа, хоёрдугаар технологийн давуу тал, гуравт олон улсын нэр хүндэд нь халдах зэргээр АНУ Хятадад хандаж байна. Хятад бол АНУ-ыг тогтоон барих л бодлого барьж байдаг. Трамп дахин сонгогдохын тулд ХАА-н мужуудаасаа Хятадад ахиухан бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаа. Гэхдээ энэ асуудалд Хятад нэг их ач холбогдол өгдөггүй. Трампын үед холбоотнуудын хоорондын нэгдэл сул байгаа нь Хятадад боломж олгож байна. Хятадуудын хувьд Трамп дахин сонгогдож урт хугацаанд хамтарч ажиллах нь ашигтай. 

-Хятадад байдал тогтворжиж эхэллээ гэдгийг бусад улс орнууд яаж мэдэх вэ? 

-Урд хөршид байдал тогтворжсоныг гурван зүйлээр мэдэх боломжтой. Хойд Солонгос хилээ нээвэл айх шаардлагагүй болжээ гэж ойлгож болно. Хятадтай наймаа хийдэг улсын хувьд Хойд Солонгос дотооддоо хүнд байгаа. Мөн бага сургуулиуд нь хичээллээд эхэлбэл гайгүй болсны шинж. Нэг айл нэг хүүхэд бодлоготой улсын хувьд ирээдүйгээ эрсдэлд оруулахгүй шүү дээ. Түүнчлэн гуравдугаар сарын эхээр болдог коммунист намынх нь хоёр их хурал хойшлогдоод байгаа. Дарга нар нь хуралдаад эхэлбэл өвчин бүрэн намжжаа гэж ойлгож болно гэж Тайванийн их сургуулийн багш хэлж байсан. 


Бусад мэдээлэл