ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдоод буй академич Ч.Дугаржавтай ярилцлаа. Тэрээр 1964-1970 онд Монголын ШУА-ийн нэр дээр ЗХУ-ын Санкт Петербургийн улсын их сургуульд суралцжээ. Улмаар Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Красноярск хотын ойн хүрээлэнд аспирантурт, 1992-1996 доктрантурт тус тус суралцаж Биологийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан бөгөөд 2007 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогджээ.
-Юуны түрүүнд танд ОХУ-ын ШУА-ийн академич хэргэм хүртсэнд баяр хүргэе. Мэдээж улсдаа төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн хүнийг сонгон шалгаруулдаг байх. ШУА-ийн гадаад гишүүн ямар үүрэг хүлээж ажилладаг юм бэ?
-Аль ч улс орны ШУА гадаад гишүүн сонгох дотоод дүрэм, журамтай байдаг. Монгол улсын хувьд ШУА-ийн гишүүн буюу академич гэдэг хүнийг тодорхойлохдоо “Дэлхийн шинжлэх ухаанд болон өөрийн орны шинжлэх ухаанд дорвитой хувь нэмэр оруулсан, олон ном бүтээлтэй. Тэр бүтээл нь дэлхийн болон өөрийн орны эрдэмтдэд танигдсан судалгааны үр дүн нь үйлдвэр практикт дорвитой хувь нэмэр оруулсан. Өөрийн шавь сургууль бий болгосон, өөрийн орондоо судалгааны аль нэгэн чиглэлийн эх суурийг тавьсан эрдэмтэн хүнийг гишүүнээр сонгоно” гэсэн дотоод журам байдаг. ОХУ-ын шинжлэх ухааны академийн дүрмийг би сайн мэдэхгүй байна. Бодвол манайхтай адилхан байх. Миний хувьд оюутан цагаасаа эхлээд Монгол-Оросын хамтарсан экспедицид 50 жил ажилласан. Орос, Монголын эрдэмтэдтэй 55 жил хамтран ажиллаж монгол оронд биологийн экспедицийг үр дүнтэй ажиллуулж, биологийн экспедицийн шугамаар хоёр орны шинжлэх ухаанд шинжлэх ухааны дорвитой бүтээл, нээлтүүд гаргахад зохих хувь нэмэр үзүүлсэн гэж үнэлсэн учраас гишүүнээр сонгосон байх гэж бодож байна. Оюутан ахуй цагаас эхлээд өнөөг хүртэл Оросын нэртэй эрдэмтэд судлаачидтай хамтран, тэдний удирдлага дор ажилласанаараа би их бахархдаг.
Монгол орондоо биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх тэр дотроосоо орчин цагийн ой судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд Оросын эрдэмтэдтэй экспедицийн хүрээнд хамтран ажилласан олон жилийн хөдөлмөр туршлага бол намайг эрдэмтэн хүн болоход, цаашлаад Монголын ШУА-ийн академич болоход, Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдоход нөлөөлсөн. Энэ бүх түүхт үйл явдал нь хоёр орны эрдэмтдийн ач гавьяа юм. Мөн Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн үр шим гэж бодож явдаг.
-Одоо та ямар судалгаан дээр ажиллаж байна. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?
-Оросын ШУА-ийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев “Манай ШУА-ийн гадаад гишүүнээр таныг сонгогдсон явдалд баяр хүргэе” гэж цахилгаан ирүүлсэн. Захидлынхаа төгсгөлд таныг манай гадаад гишүүн болсноор хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” гэж дурдсан байсан. Тэгэхээр энэ нь манай хоёр орны хоорондын эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд, хамтарч ажиллахад миний цаашдын зорилгыг нэг талаар тодорхойлсон байна гэж бодож байна.
Би Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсондоо эрдэмтэн хүний хувьд баяртай байна. Намайг Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгож миний нэрийг дэвшүүлсэн Оросын ШУА-ийн Экологи, эвоцлюцийн хүрээлэнгийн захирал, удирдлага, мөн Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Оросын талын удирдлага, тэрчлэн намайг гадаад гишүүнээр санал нэгтэй сонгосон Оросын ШУА-ийн бүх академич нарт баярласан талархснаа энэ дашрамд илэрхийлье. Гадаад гишүүнээр сонгогдоно гэдэг бол нэр хүндийн асуудал, нөгөө талаар надад цаашид ажиллах урам зориг хайрласнаас гадна маш их үүрэг даалгавар ногдож байна гэж ойлгож байна.
Цаашдаа Монгол, Оросын ШУА-ийн хооронд хамтын ажиллагааны нэг сонгодог хэлбэр болсон Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд миний бие хувь нэмрээ оруулна. Ялангуяа Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн цаашдын 5 жилийн төлөвлөгөөг энэ оноос эхэлж боловсруулж ажиллана гэж бодож байна. Нөгөөтэйгүүр Монгол оронд орчин цагийн биологийн шинжлэх ухааны ялангуяа сорилын чиглэлийн судалгааг хөгжүүлэх, мөн монгол орны ой хээр, тал, цөл мэтийн эко системийн экологийн урт хугацааны мониторинг судалгааг явуулах, энэ чиглэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарна гэж бодож байна.
Монгол орны байгалийн эко систем, энэ дотроосоо хадлан, ой мод байгалийн болон хүний нөлөөллөөр ихээхэн өөрчлөгдөж муудаж байна. Энэ өөрчлөгдөж байгаа ой хээр, цөлийн эко системийг нөхөн сэргээх шинжлэх ухааны үндсийг боловсруулахад бас цаашдын судалгааны нэг чиглэл болгож хөгжүүлнэ гэж бодож байна. Нэмж хэлэхэд Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн хүрээнд Монголын залуучууд, залуу эрдэм шинжилгээний ажилтнууд тэрчлэн экспедицид оролцож байгаа оросын залуу эрдэм шинжилгээний ажилтнуудыг цаашид өндөр мэргэжил эзэмшиж, тэр чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалахад нь өөрийн туршлага мэдлэгээ зориулж, дараачийнхаа үеийг бэлдэхэд төлөвлөж ажиллана гэж бодож байна.
-Та бол биологийн шинжлэх ухаан тэр дундаа Ойн шинжлэх ухааны салбарыг үндэслэгч хүн. Энэ салбарын хөгжлөөрөө манай улс ямар шатанд явж байна вэ?
-Манай Монгол оронд биологийн шинжлэх ухааны нэг чухал салбар болох ойн шинжлэх ухаан 1970-аад оноос үүсэж хөгжсөн. Харьцангуй залуу шинжлэх ухаан. Ойн шинжлэх ухаан үндсэн салбараараа бол хөгжиж байна. Тухайлбал, Монгол орны ойн тархалт газар зүйн тархалт үндсэн хэв шинж, ойн өсөлт хөгжилт, ойн байгалийн нөхөн ургалтын онцлог, ойн өсөлт хөгжилтийн хөгжил зүй, динамик явцыг орчин цагийн гадаадын шинжлэх ухааны түвшинд хүргэж чадсан.
Ой судлалын шинжлэх ухаан бол дотроо олон салбартай. Сорилын чиглэлийн, ойн генектик, селекц, ой модны анатоми, физиологи, модны шинэ үүлдэр төрлийг гаргах, ойн тарьж ургуулах, дэвшилтэд технгологи инноваци болгох чиглэлийн судалгаанууд бол зарим орнуудтай харьцуулахад жаахан хоцорч яваа. Энэ чиглэлээр цаашдаа судалгаагаа хөгжүүлэхэд манай хамт олон, шавь нар ажиллаж эхэлсэн байгаа.
-Инноваци хөгжүүлэлт дээр хоцрогдож байгаа гэлээ. Энэ нь бас л санхүүгийн асуудалтай холбоотой юу?
-Манай улсын шинжлэх ухааны чадавхиас л хамаарч байгаа юм. Нарийн чиглэлийн шинжлэх ухаан хөгжүүлнэ гэвэл орчин цагийн лаборатори, материаллаг бааз, орчин цагийн өндөр үнэтэй тоног төхөөрөмж хэрэгтэй. Үүнийг худалдаж авах боломж одоогоор бидэнд хомс байна. Энэ бол гол шалтгаан. Нөгөөтэйгүүр, энэ чиглэлээр нарийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Ер нь бэлтгэж эхэлсэн. Гэхдээ бэлтгэгдсэн мэргэжилтэн ирээд ажиллах нөхцөл манай хүрээлэнд байхгүй. Тийм лаборатори алга. Тиймээс бэлтгэгдсэн судлаач нар буцаад гадаадын лабораториудад ажиллаж байна. Гэхдээ энэ бол муу зүйл биш. Нэг талаар сайн. Учир нь Монгол орныхоо ой модны чиглэлийн сорил туршилтын ажлыг, өөрийнхөө юмыг гадаад орны лабораторит хийгээд үр дүнг нь гаргаад авчих боломж нээгдэж байгаа. Ялангуяа ойн биотехнологи, инновацийн чиглэлийн судалгааг манай залуучууд гадаадын лабораторит хийж чадаж байгаа. Гадаадад байна уу дотоодод байна уу нэг их ялгаа байхгүй. Судалгаа хийж байгаа нь л чухал.
-Та Монгол орныг ойжуулахад маш их ажил хийсэн хүн. Тэр дундаа байгалиасаа ширхэг ч модгүй Шилийн Богдыг ойжуулж чадсан. Энэ ажилд хувиасаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэж сонссон. Нийт Монгол орны ойд хувиасаа зарцуулсан мөнгөн дүнгээ та бодож үзсэн үү?
-Би 2001 оноос Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд ууланд тарьц суулгацаар ойжуулах ажлыг эхэлсэн. Тэнд одоогийн байдлаар 6-7 төрлийн мод ургаад байна. Шинэс, хар мод, гацуур, цагаан хус, хайлаас, хэдэн төрлийн сөөг нийт 20 орчим мянган мод сөөг ургаж байгаа. Дээд тал нь хар мод 7 метр гарантай хөөрхөн төгөл үүсээд, ой үүсэх бололцоо бүрдсэн. Тэндээ би арчилгаа, тордолгоо хэрэглэхгүйгээр эко био бүлэг гэдэг шинэ технологи боловсруулж, туршиж байгаа. Энэ ажилд манай үр хүүхдүүд, шавь нар маань тусалдаг л даа. Би өөрөө тэр нутгийн хүн. Ой модгүй газрын хүн учраас нутагаа жаахан ч гэсэн ойтой болгоё гэсэн хүслээс гадна мэргэжлийн хүний үүднээс нутагтаа юм үлдээе гэсэн сэтгэлээр хийж байгаа ажил. Би академичаар сонгогдсоноосоо хойш л тэр ажлыг хийж байгаа. Зарим улс манай эрдэмтэд, академичдыг их муулдаг юм. Академичийн нэмэгдэл гэж их мөнгө авчихаад юм хийдэггүй гэж ярьдаг. /инээв/ Би тэр мөнгөөрөө бодитой ажил хийж байгаа л гэж боддог. Үүнээс гадна шавь нарынхаа бүтээлийг хэвлүүлэхэд бас жаахан мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлдэг. Цаашид эрдэм шинжилгээний ажил хийчихээр итгэл найдвар төрүүлж буй ганц хоёр шавь нартаа тус дэм үзүүлдэг л юм.
Гэвч ойн ажилдаа хэдэн төгрөг зарцуулсан гэж сайн тооцож байсангүй. Шилийн Богдын ойжуулалтын судалгаагаар миний шавь Цогт-Эрдэнэ гэж залуу магистрын ажил хийсэн. Тэр хүүхэд судалгааны ажилдаа Шилийн Богд ууланд тарьсан модны экологи эдийн засгийн үнэлгээ гэж гаргасан байдаг. Энийг гаргахдаа БОАЖЯ-аас боловсруулсан журмын дагуу тооцож гаргасан байдаг. Тэр журмаар үнэлэхэд 3 тэрбум төгрөгийн үнэлгээ гарч байна лээ.
Өнгөрсөн хавар Шилийн Богд ууланд аялал жуулчлалаар явсан хүмүүс түймэр тавиад бараг талыг нь шатаачихсан. Тэрний үнэлгээг БОАЖЯ-аас мэргэжлийн шинжээч очиж шатсан модны тоо хэмжээг гаргасан. Тэгэхэд сүүлийн 8 жилд тарьсан 20 см-ээс эхлээд 3 метр өндөртэй мод, нийт 8000 гаруй мод шатсан байсан. Мэргэжлийн хүмүүс бодит хохирлын хэмжээг тооцож гаргахад сүүлийн 8 жил тарьсан дүн нь 58 сая төгрөг гарч байсан. Экологи эдийн засгийн үнэлгээг оруулахгүйгээр ийм дүн гарсан.
-Ой шатсан мэдээлэл ирэхэд танд маш хүнд туссан байх даа?
-Түймэр гарч мод шатаж байна гэсэн мэдээ зурагтаар гарсан. Тэрийг хараад үнэхээр гол харлаж, нүдний нулимс гарсан. “Олон жилийн хөдөлмөрийг маань нүд ирмэх зуурт сүйтгэчих ч гэж дээ. Юм үлдээ болов уу” гэж бодогдсон. Түймэр унтрааж чадлаа гэсэн мэдээ хараад жаахан тайвширсан. Эрх биш 5 метрээс дээш мод нь галыг тэсвэрлээд гарсан байлгүй. Жижгүүд л шатсан байх гэж бодоод тайвширсан. Үнэхээр жижиг мод, тарьц юу ч үгүй шатсан байсан.
-Та тэгээд хохирлоо барагдуулсан биз дээ?
-БОАЖЯ-ны шинжээчид экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцохгүй, бодит үнэлгээрээ тооцно гэсэн. Манай улсын хууль дүрмээр бол хувиараа тарьсан ойг улсын өмч биш гэж үздэг юм байна. Улсын өмч гэвэл өндөр үнээр тооцдог юм байна лээ. Би улсын ойн санд бүртгүүлээгүй учраас хувь хүний өмч гээд бодит хохирлоор хохирол тооцсон.
Бодит хохирол барагдуулаад мод тарьчихлаа гэж бодоход мөнгөнөөс гадна нөхөж болохгүй зүйл бас байдаг юм байна. Олон жилийн шинжлэх ухааны үр дүнг сүйтгэчихэж байгаа учраас цаашдаа тэр моднуудыг өсөлт хөгжилт, үхэл хорогдол, байгалийн аясаараа ой яаж бүрэлдэж байна уу гэдэг шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүн ор байхгүй болж байгаа юм. Энэ л нөхөж баршгүй хамгийн том хохирол. Яагаад гэвэл би мод тариад яаж өсч байна. Нэг настай эхний жил тарьсан 20 см-тэй мод хоёр дахь жилдээ яаж өсч байна. Хэд нь хорогдож байна гэдгээс эхлээд 3-4 настай 5-10 настай модны хөдлөл зүй динамикийг судалж байсан. Гэтэл нэг хэсэг нь дундаас нь алга болж байгаа байгүй байхгүй юу. Тэр үр дүнгээр би гадаад оронд хоёр өгүүлэл бичсэн. ОХУ-д орос хэл дээр, Германы сэтгүүлд англи хэл дээр урьдчилсан үр дүнгээр өгүүлэл бичсэн. Гадны орны мэргэжил нэгт хүмүүс миний судалгааны ажлыг их сонирхсон.
“Та ямар сонин сорил туршилт тавьсан юм. Монголын хуурай хээр нутагт мод ургахгүй л гэж боддог. Гэтэл та байгалиасаа ой модгүй тийм газар тариад арчилгаа тордолгоо хийлгүйгээр ургуулсан байна. Эхний үр дүн гайхалтай байна. Үүний цаашдын явц, динамикийг судлаад манай сэтгүүлд үр дүнг хэвлүүлээрэй” гэж захиалга ирж байсан. Гэтэл тэр үр дүнг дундаас нь таслаад хаячихаар шинжлэх ухааны үр дүнг нарийн тасралтгүй бичих тэр үр дүн тасарчихаж байгаа юм.Энэ бол нөхөж баршгүй хохирол. Гэхдээ би шантраагүй ээ. Энэ хавар дахиад 350 жижиг мод аваачиж тарьсан. Одоо судалгааны ажлаа үргэлжүүлээд хийгээд явна.
-Хоёр орны ШУА-ийн академичаар сонгогдоно гэдэг бол эрдэмтэн бүрт тохиох аз завшаан биш байх. Үүнээс цааш эрдэмтэн хүнд ямар мөрөөдөл байдаг юм бол. Сонин байна?
-Би Монгол орондоо ШУА-ийнхаа системд, академийнхаа удирдлага хамт олны дэмжлэгтэйгээр өдий зэрэг зиндаад хүрснийгээ маш их өндөр хувь заяа гэж бодож үүгээрээ их бахархаж явдаг. Цаашдаа мэдээж хэрэг өөрийн хийж буй ажлаа үргэлжлүүлнэ. Монгол орныхоо ойн цаашдын хөгжлийн хөдлөл зүй, өсөлт хөгжилтийн энэ бүхэл бүтэн үеийг хамарсан динамик судалгааг хийнэ. Ой мод гэдэг бол өөрөө их урт настай. Судалгааны дүнгээс үзэхэд Монгол оронд 750 настай хар мод байна. Монгол орны ой дээд тал нь 800 жил настай гэж үзэж болохоор байна. 400-500 настай мод захаас аваад л байж байдаг. Тэгэхээр ойн судалгаа гэдэг бол нэг хүн судлаад барахгүй үе үеэрээ, удам дамжиж судалдаг өвөрмөц судалгааны обьект юм. Нэг жишээ хэлье л дээ. ОХУ-ын эрдэмтэн В.Д.Огиевский гэдэг эрдэмтэн нарсан таримал ойг бий болгосон хүн. Тэр ой одоо бараг 200 орчим настай болж байгаа. Тэр ойг В.Д.Огиевскийн дөрвөн үе удмын хүүхдүүд судалж, арчилж авч яваа. Ингэж судалдаг амьд жишээ байна. Бидний эхлүүлсэн энэ судалгааны ажил мөн л үе үеэрээ дамжиж явах ёстой. Тиймээс би дараагийн үе үеийн судлаачдаа бэлтгэнэ. Тэр улсуудад мэдлэг туршлагаа өвлүүлж үлдээнэ.
Нөгөөтэйгүүр бид алийн болгон судлах вэ. Монгол орны ой модыг түймэрт шатсан, хортон шавьжинд өртсөн ой модыг нөхөн сэргээх, шинэ технологи боловсруулж байна. Тэрнийг нэвтрүүлнэ. Тэгээд туршилтын журмаар бид бодитой олон 100 га-д модыг тарьж ургуулж байна. Үүнийгээ улам нэмж ургуулна. Эх орондоо бодитой юм бий болгож үлдээнэ л гэж зорьж байна даа.
-Тэгэхээр таны хүүхдүүдээс судлаач бэлтгэгдэж байгаа гэсэн үг үү?
-Манай хүүхдүүд дотроос хоёр нь ой мэргэжлээр сургууль төгссөн. Нэг хүү маань МУИС-д доктрантурт суралцаж байна. Хүүхдүүдээс гадна хүрээлэнд миний шавь нар байна. Эд нар цаашид судалгаагаа үргэлжлүүлж авч явна.
-Таны ойжуулах дараагийн талбар хаана вэ?
-Энэ боловсруулсан технологиороо Дорнод, Хэнтий аймгийн урд зах, Дундговь аймгийн ойгүй газрууд байна. Эдгээр газарт мод үржүүлэхээр төлөвлөж байгаа.
-Хөдөө тал дээр очиж тарих яах вэ. Улаанбаатарт цэцэрлэгт хүрээлэнтэй болмоор байна, Нийслэлээ ногоон хот болгомоор байна. Энэ тал дээр хамтарсан ямар ажил хийж байна?
-Хот суурин газрыг ногоон байгууламжтай болгох, цэцэрлэг парк байгуулах ажилд хамтарч ажиллахаар манай Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Нийслэл хотын удирдлагуудтай гэрээ байгуулаад ажиллаж байна. Нийслэл хотын ногоон байгууламжийг арчилж тордох, нийслэл хотод том хэмжээний тарьц суулгац шилжүүлэх тэр чиглэлийн судалгаандаа орчихсон ажиллаж байна. Мөн нийслэл хотод ургаж байгаа мод сөөг орчиндоо дасан зохицох чадвар, агаарын бохирдол утааг шингээх байдал модонд хэрхэн нөлөөлж байна. Мод түүнийг яаж тэсвэрлэж байна вэ гэдгийг судлах судалгааны ажилд ороод байна.