Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ Т.ШАГДАРСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
АКАДЕМИЧ Т.ШАГДАРСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Академич, Төрийн соёрхолт эмч, зүрх судасны мэс заслыг үндэслэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч Түндэвийн Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг  тэмдэглэн өнгөрүүллээ. Нэрт Академичийн 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд эрдэмтний намтар, анагаахын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, бүтээл, туурвилын талаар эргэн дурсаж хойч үеийн эмч, эрдэмтэн судлаачиддаа таниулахын зорилгоор  АУ-ны хөгжилд хамтдаа сэдэвт сургалтыг академичийн ойд зориулан зохион байгуулжээ. Мөн УГТЭ-ийн нэг давхарт байрлах Академичийн гэрэлт хөшөөг сэргээн засварлаж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, нэрт эрдэмтний намтар, үйлс бүтээлийн талаар “Монголын Анагаахын Мэргэд” XVIII ботийг сэргээн засварлаж II дахь хэвлэлийг гаргалаа.  

Арваннэгдүгээр сарын 16-нд АУХ-ийн зохион байгуулсан хүндэтгэлийн хурлын үйл ажиллагааны үеэр АУХ-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор П.Эрхэмбулган “Академич Т.Шагдарсүрэн Анагаах Ухааны хүрээлэнг үүсгэн байгуулагч болох нь”, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор Н.Баасанжав “Зууны манлай эмч Т.Шагдарсүрэн-цээжний хөндийн мэс заслыг үндэслэгч”, Ахмад зүтгэлтэн Д. Бямбасүрэн “Т.Шагдарсүрэнгийн намтар түүхээс өгүүлэх нь”, АУХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор, дэд профессор Л.Тулгаа “ШУА-ийн жинхэнэ гишүүн, Академич Т.Шагдарсүрэн, түүний эрдэм шинжилгээний бүтээлүүд”, АУ-ны доктор С.Ямаахай “Академич Т. Шагдарсүрэн-хамтлаг багаар ажиллах чадварыг бүрдүүлсэн зохион байгуулагч”, ” АШУ-ны доктор, дэд профессор Ж. Цэцгээ “Нэрт сурган хүмүүжүүлэгч мартагдах ёсгүй мөнхийн үйлстэн-Академич Т. Шагдарсүрэн” илтгэлийг тус тус хэлэлцүүллээ.

100 жилийн ойн хүрээнд “Академич Т. Шагдарсүрэнгийн нэрэмжит шагнал”-ыг анагаахын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач, эмчид уламжлал болгон гардуулахаар болсон нь онцлох үйл явдал байлаа. Энэхүү хүндэт шагналыг АУ-ны доктор, Төрийн соёрхолт, МУ-ын гавьяат эмч Ж.Моондой, АУ-ны доктор, АУХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга асан С.Ямаахай, АУХ-ийн Зүрхний мэс заслын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, АУ-ны доктор Л. Галсумьяа нар тус тус хүртээд байгаа юм байна.  

Нэрт эрдэмтэн Т.Шагдарсүрэн 1942 онд Омскийн Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөн улмаар Налайх, Дундговь аймагт аймгийн ерөнхий эмч, Улаанбаатар хотод их эмч хийж ажлын гараагаа эхэлсэн. 1945-1948 онуудад Эрүүлийг Хамгаалах Яамны орлогч сайд, Улсын ариун цэврийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан байна. 1953-1960 онд МУИС-ийн АУ-ны факультетийн чих хамар хоолой ба ерөнхий мэс заслын тэнхмийн анхны монгол эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ 1955-1957 онд Хүн эмнэлгийн факультетийн орлогч деканы ажлыг давхар гүйцэтгэж байжээ. Улмаар 1965 оноос АУДС-д мэс заслын тэнхмийн эрхлэгчээр үргэлжлүүлэн ажиллажээ. Мөн 1954 оноос Клиникийн 3 дугаар эмнэлгийн зөвлөх, 1952-1955 онд Улсын Төв Эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн зөвлөх эмч, 1961-1982 онд АУХ-ийн захирлаар ажиллаж байсан.

1961 оны 5-р сарын 22-нд ШУА-ийн анхдугаар чуулганаар анхны таван хүрээлэн байгуулагдсаны нэг нь Анагаах ухааны хүрээлэн бөгөөд академич Т.Шагдарсүрэн анхны захирлаар томилогдон ажилласнаас хойш даруй 20 жилийн хугацаанд манай орны анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, шинжлэх ухааны нэгдмэл удирдлагаар хангаж, эрдэм шинжилгээний боловсон хүчнийг бэлтгэн сургах, материаллаг баазыг бэхжүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэм судалгаа, эмнэлзүй-дадлага, сургалтыг эн тэнцүү хөгжүүлсэн авъяас билэг төгөлдөр нэгэн байсан гэдгийг онцлох нь зүйтэй.

Анхны бүтээл нь 1940 онд “Сүрьеэ өвчин” нэрээр уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн байна. “Мэс засал өвчин” бүрэн хэмжээний сурах бичиг, бусадтай хамтран “Зүрхний төрөлхийн гажиг”, “Зүрх судасны өвчин”, ”Уушгины өвчин” товхимол, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл 100 гаруй бүтээл хэвлэн нийтлүүлжээ. 1952 онд ЗХУ-ын Москва хотноо АУ-ны дэд эрдэмтэн буюу АУ-ны докторын зэргээ хамгаалж, 1957 онд доцент, 1961 онд профессор цол хүртэж, ШУА-ийн гишүүнээр сонгогдон, 1972 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг бүтээлээрээ хамгаалсан ба 20 эрдэмтний ажлыг удирдсан анагаахын салбарын анхны эрдэмтэн, академич юм.

1955-1960 онд эрүүлийг хамгаалах салбарт цээжний хөндийн мэс заслыг хөгжүүлэх асуудлыг сэдэж, энэ хугацаанд 2000 шахам мэс засал хийж байжээ. Монголд анх удаа улаан хоолой, ходоод, уушгины өмөн, элэгний бэтэг өвчинд мэс засал хийж, зүрхний мэс заслын тусламжийг хөгжүүлэх баг байгуулан, хөгжлийн суурь үндсийг тавьсан зүрхний мэс заслыг үндэслэгч юм.

”Зүрхний мэс заслын тусламжийг хөгжүүлж практикт нэвтрүүлсэн нь” бүтээлээрээ 1981 онд хамтлагийн эмч нарын хамт Төрийн шагнал хүртсэн Монголын анагаах ухааны анхны төрийн шангалт багийн ахлагч байлаа. Энэ хамтлаг нь зүрхний төрөлхийн ба олдмол олон төрлийн гажгийг оношилох, мэс заслаар эмчлэх, мэдээ алдуулах, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ хийх, цусны зохиомол эргэлт зэргийг жинхэнэ гардан бүтээлцсэн эрдэмтэн багш нар байсан.

Ийнхүү нэрт академичийн Монголын анагаах ухааны салбар тэр дундаа мэс заслын салбар, анагаахын судалгаа шинжилгээ, эмч нарын сургалтыг нэгэн зэрэг хөгжүүлэн, үндэс суурийг зөв тавьсан гарамгай мэс засалч, эрдэмтэн, өөрийн өвөрмөц арга барилтай сурган хүмүүжүүлэгч, Монголын анагаахын ноён оргилуудын нэг байсныг нь хойч үедээ дурсан сануулсан үйл явдал болж өндөрлөлөө.  


Бусад мэдээлэл