Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ДАРХНЫ УРЛАЛ, ТҮҮХ ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛ ДАРХНЫ УРЛАЛ, ТҮҮХ ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

 “МОНГОЛ ДАРХНЫ УРЛАГ, ТҮҮХ, ОРЧИН ҮЕ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.   Монгол үндэсний сонгодог өв уран дархны урлагийн уламжлалт арга ухаан, технологийг судлан шинжилж сургалтын загвар, зөвлөмж боловсруулах, олон нийтэд сурталчилан таниулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, хадгалан хамгаалах, энэ чиглэлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зорилготой. Энэхүү хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байна. 

Хурлыг нээж ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар үг хэлэхдээ "Монголчууд өнө эртнээс "Дархан хүн бурхан ухаантай" хэмээн хэлэлцэж монгол дархны олон талт өвөрмөц сэтгэлгээ, уран нарийн ухаан, шавхагдашгүй авьяас чадварыг эрхэмлэн дээдэлж ирсэн гайхамшигтай ард түмэн билээ. Уран дархны бүтээл бол бүхэл бүтэн ард түмний ахуй амьдрал, соёл иргэншил, үнэт зүйлс, зан заншил, бэлгэдэл зэрэг олон гайхамшгийг нэг дор хураан цогцлоосон дахин давтагдашгүй шинжтэй урлаг соёлын өв болж байдаг. Энэ утгаараа монголын түүх, угсаатны зүй, иргэншил судлал, соёл урлаг судлалын салбар ухаануудын онцгой анхааран судлах шаардлагатай өвөрмөц, чухал хэрэглэгдэхүүн бол Монгол дархны урлал юм. Өнөөдрийн хурал Монгол түмний үндэсний Их баяр цэнгэл наадмын өмнө болж байгаагаараа ач холбогдолтой бөгөөд монгол нутаг дахь дархны урлалын он удаан жилийн хөгжлийн түүхэн замнал ололт амжилт, давтагдашгүй гайхамшгийг түүхчид, урлаг судлаачид, дархчууд өөрсдийн судалагааны эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан ярилцаж, илтгэж  байна.

Та бүхний илтгэлд монгол дархны урлалын түүхэн улбаа,  зан үйлийн талаар түлхүү өгүүлэхийн зэрэгцээ дархны урлалын уламжлал шинэчлэлийн талаар ч орхигдуулахгүй тусгаж өгсөн байна. Тиймээс энэ чиглэлээр сонирхон судалгаа хийдэг судлаач, сонирхогчид төдийгүй энгийн иргэдэд үр өгөөжтэй соён гэгээрүүлсэн өндөр ач холбогдолтой хурал болж байна" гэлээ.  

 Зарим  судлаачдын хэлсэн үгнээс товчлон хүргэе.  





Урлаг судлаач, доктор, профессор Л.Батчулуун 

Орчин цагт морь даахгүй хувин дүүрэн шүр, сувдаар чимсэн эмээл, гар даахгүй аяга хийдэг болж. Энэ бол монгол хүний хэрэгцээ, гоо сайхан хоёр зөрчилдөж буй зүйл. Тийм учраас дархны зан үйл, ёс дэгийг анхаарах ёстой.  Монгол дархны багаж хэрэгсэл нь зөвхөн хэрэглээг хангаад зогсохгүй зан үйлийн шинж агуулдаг. Дархан хүний гол багаж нь алх, дөш, тагли, хөөрөг зэрэг нь зан үйлийн гүн утга агуулгыг агуулсан байдаг. Жишээлбэл, дархан хүний багажийг газар хөл доор байлгах, дээгүүр нь алхахыг хатуу цээрлэдэг. Дөшийг дархчуудын ноён багаж хэмээн үзэж, битүүний оройноос шинийн гурван хүртэл идээ засч тахисаар иржээ. Гэтэл орчин цагт уламжлалт багажаар урлах арга ажиллагаа алдагдаж, үүнийгээ дагаад бүтээлийн чанарт ихээхэн өөрчлөлт орж байна. 

Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Ш.Энхтуяа 

Монгол дархны урлалын бүтээлүүд нь улс, аймгийн музейн биет эд өлгийн зүйлд хамаарагдаж байдаг. Нөгөө талаараа тухайн дархны арга ажиллагаа, ёс заншил, өвлөн уламжлагчийн талаарх бүртгэл мэдээлэл манай Соёлын өвийн төвд тодорхой хэмжээгээр бий. Цаашдаа сангийн баримт бичгийг дэлгэрүүлэн, нарийвчлан судлах шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд түүх соёлын хосгүй үнэт өвд 777 ширхэг дурсгал бүртгэлтэй байдаг. Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлын илтгэлд зориулан бүртгэл мэдээллийг шүүж, үзэхэд 518 ширхэг нь дархны өвтэй холбогдолтой дурсгал эзэлж байгаа юм. Тэр дундаа цутгамал хөөмөл бурхад буюу Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн 120 бүтээл хос үнэт бүтээлээр батлагдсан байдаг. Эдгээр хосгүй үнэт өвийн талаар илүү нарийвчилсан хэлбэр хийц, материалын онцлог зэрэг шинжлэх ухааны талын судалгааг хийх нэн шаардлагатай байна. Бид өнөөг хүртэл Өндөр гэгээн Занабазарын хосгүй гайхамшигтай бүтээл гэж ярьж байгаа ч тэр дахин давтагдашгүй бүтээлээ сайн судалж, мэдээгүй л байна. 

 

СУИС-ийн доктор, профессор, урлаг судлаач Б.Баяртөр

“Амьтны загварт” хүрэл чимэглэлийн уран сайхны онцлог” хэмээх илтгэлдээ “Эртний хүрэл зэвсгийн үед монгол дархны бүтээлд тухайн амьтны нүд, чих, хамар, ам, туурай зэргийг дугуй цагираг, нүхээр дүрсэлдэг хэв маягтай байсан. Тухайн цаг үед амьтны дүрст хүрлийг чимэглэлээс гадна шүтлэг шүтээний зориулалтай байжээ. Харин Хүннү гүрний үеэс илүү боловсронгуй болж, амьтны дүрсийг тойруулан гонзгой, дөрвөлжин гэх мэт хэлбэртэй хүрээг хийж ирсэн” талаар танилцуулсан юм.


Энэ үеэр дараахь сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. 

ИЛТГЭЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ, СЭДЭВ, ЧИГЛЭЛ:

1. Монгол нутаг дахь Хүрэл, Төмөр зэвсгийн үеийн дархны урлаг, тэдгээрийн онцлог.
2. Монгол нутаг дахь эртний улсуудын үеийн дархны урлаг, тэдгээрийн онцлог.
3. Монголын эзэнт гүрний болон түүний дараа үеийн монгол дархны урлаг, тэдгээрийн онцлог.
4. Чин гүрний үеийн монгол дархны урлаг, тэдгээрийн онцлог.
5. Богд хаант монгол улс болон Ардын хувьсгалын эхэн үеийн монгол дархны урлаг, тэдгээрийн онцлог.
6. Социализмын үеийн монгол дархны урлаг, уламжлал, шинэчлэл
7. Өнөө үеийн монгол дархны урлаг, уламжлал ба орчин үе
8. Монгол дархны урлаг ба сургалтын тулгамдсан асуудал
9. Монгол дархны урлаг ба бүс нутгийн онцлог.


Бусад мэдээлэл