Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ 105 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ БОЛЛОО
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ 105 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ БОЛЛОО

Үндэсний ардчилсан хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн хамтран “Монголын тусгаар тогтнол-1911 он: Түүх, соёл, баримт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 12 дугаар сарын 27-ны өдөр МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд боллоо.

Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тус хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид сүүлийн үеийн судалгааныхаа үр дүнгээр сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлжээ. Тухайлбал доктор, профессор О.Батсайхан “Орчин үеийн Монголын төрийг үндэслэгч Богд хааны үзэл баримтлал”, доктор, профессор Л.Алтанзаяа “Богд Жавзандамба хаан ширээнд заларсны нууц түүх хэмээх зохиолын тухайд”, доктор, профессор Д.Цэдэв “Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг-Сүлд дуу”, доктор, профессор Ж.Урангуа “Монгол Улсын эдийн засгийн бодлогын асуудлыг нэхэн эргэцүүлэхүй /1911-1919 он/”, доктор, профессор Б.Пунсалдулам “Сэргэн мандсан Монгол Улсын боловсролын хөгжил, түүнд гарсан ахиц”, доктор, профессор З.Лонжид “Монгол Улсын шастир, хууль зүйлийн бичгийг ашиглахад анхаарах зарим зүйл”, доктор, профессор Г.Мягмарсамбуу “Богд хааны төрд хариуцлагын тогтолцоо байсан уу?” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн байна.  

Манжийн дарлалд 200 гаруй жил болсон монголчууд 1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээж, 12 дугаар сарын 29-нд Богд Живзундамбыг хаан ширээнд залж, тусгаар тогтнолоо тунхаглан, таван яам бүхий засгийн газраа байгуулсан түүхтэй. Богд хааны засгийн газар бүх монголчуудыг нэгтгэсэн Монгол Улс байгуулахыг эрмэлзэж, 1912 онд Ховд хотыг, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх их дайныг явуулж байв. Үүний зэрэгцээгээр улс орныхоо нйигэм, эдийн засаг, соёл, батлан хамгаалах хүч болон гадаад харилцаагаа хөгжүүлэх бодлогыг явуулж байв. Түүнчлэн үндэсний ардчилсан хувьсгалын нөлөөгөөр Хөлөнбуйр, Или Тарвагатайн монголчууд, Өвөр монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимтэй өрнөж, тусгаар тогтносон Монгол Улсдаа нэгдэн нийлэх тэмцлийг эрчимтэй явуулж байв.

1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж, 1919 онд Хятад цэргийн эрхшээлд орсон боловч 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар төрийн тусгаар тогтнолоо дахин сэргээсэн билээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын сэргэн мандлын эхлэлийг тавьж, хүн төрөлхтөний нийтлэг хөгжлийн замыг даган хөгжин дэвших шинэ үеийг эхлүүлсэн юм. Ийм учраас Монгол Улс 1940-өөд оныг хүртэл энэхүү хувьсгалын ойг жил бүр тэмдэглэсээр ирсэн боловч үзэл суртлын нөлөөгөөр нэг хэсэг тасалджээ. Харин 2006 оноос үндэсний ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэх болж, улмаар 2011 оноос УИХ-ын шийдвэрээр нийтээр тэмдэглэх болон баяр амралтын өдрүүдийн жагсаалтад оруулжээ.


 


 


 


                                   



Бусад мэдээлэл