Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ШИНЖЛЭХ УХААНЫ АСУУДЛААР ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ШИНЖЛЭХ УХААНЫ АСУУДЛААР ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА

Шинжлэх ухааны Академи, Газарзүй, Геоэкологийн хүрээлэн зохион байгуулж буй “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын бага хурал энэ оны 10 дугаар сарын 27-ны өдөр  “МҮХАҮТ”-ын хурлын танхимд боллоо. 


Хурлыг нээж Монгол улсын их хурлын гишүүн, Улсын их хурлын дэд дарга Я.Санжмятав, Монгол Улсын Их хурлын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох нарын  албаны төлөөлөлүүд  үг хэлэв. 

Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогч нарыг нэгэн талбарт цуглуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар нэгдсэн ойлголцол, зөвлөмжийг гаргахад хурлын зорилго оршино. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцлийг бий болгож байгаагаараа нэн чухал ач холбогдолтой юм.

Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн хувьд энэ онд түүхэн жил тохиож байна. Тухайлбал, Монгол улсын шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 90 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 55 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 20 жил, түүнчлэн Газарзүй-цэвдэг судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч Газарзүйч, Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Ш.Цэгмид агсны 95 жил, Цэвдэг судлаач, Төрийн соёрхолт Н.Лонжид агсны 95 жил, Нуур судлаач, газарзүйч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн З.Цэрэнсодном агсны 90 жилийн түүхт он жилүүд давхцаж байгаагаар онцлог жил юм.

Энэ хүрээнд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор ОХУ-ын ШУА-ийн Сибирийн Салбарын Газарзүйн Хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Баруун Хойд Бүс Нутгийн Хүрээлэн, ХБНГУ-ын Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмалын Технологийн Сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  





Монгол Улсын ШУА-ийн нэрэмжит "Хүндэт доктор" цолоор: ОХУ-ын ШУА-ийн “Сибирийн салбарын Байгалийн менежментийн хүрээлэнгийн захирал, доктор Ёндон Гармаев Жамяанович, БНХАУ-ын ШУА-ийн Баруун хойд бүс нутгийн экологи, хүрээлэн буй орчин, нөөцийн хүрээлэнгийн захирал, профессор Ван Тао, Япон улсын Хоккайдо их сургуулийн профессор Мамору Ишикава нар шагнагдав.

Энэхүү олон улсын бага хуралд нийт 9 орны 300 гаруй төлөөлөгч оролцож байгаагаас БНХАУ, ОХУ, Буриад, Герман, Япон, БНСУ, Канад, ӨМӨЗО болон Монгол улсын их, дээд сургууль, хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, багш нар оролцохоос гадна НББСШУБХ, БСШУСЯ, БОАЖЯ, ШУА, МҮХАҮТ, олон улсын UNREDD төслийн удирдлага, төлөөллүүд оролцож байна. “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын бага хурлыг энэ жил тус хүрээлэнгийн түүхт ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулах юм.

Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын бага хурлыг энэ жил тус хүрээлэнгийн түүхт ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулах юм.

Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” (EST-2017) олон улсын бага хурал нь доорх үндсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Үүнд:

  • Байгаль орчны менежмент, бодлого

  • Экологи ба экосистемийн менежмент

  • Хүрээлэн буй орчны төлөв байдал, өөрчлөлт

  • Хүрээлэн буй орчны загварчлал

  • Хүрээлэн буй орчны хэмжилтийн арга, аргачлал

  • Ойн хомсдол болон хүлэмжийн хийн ялгарал

  • Экологийн доройтол ба хүний эрүүл мэнд

  • Байгаль орчны боловсрол

  • Усны судалгаа ба технологи

  • Нөхөн сэргээлт, хянах арга технологи

  • Ногоон энерги ба тогтвортой хөгжил зэрэг сэдвүүдээр хэлэлцэх юм.





Бусад мэдээлэл