Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ Ч.ЖҮГДЭРИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
АКАДЕМИЧ Ч.ЖҮГДЭРИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

XX зууны монголын нэрт философич, монголын нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээний түүх судлалыг үүтгэн эхлүүлсэн академич Ч.Жүгдэрийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан “академич Ч.Жүгдэр ба монголын гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын ахмад багш нарын холбоо, Увс аймгийн Зүүнхангай сумын нутгийн зөвлөл хамтран их эрдэмтний гэр бүл, ойр дотнын хүмүүс, шавь нарын оролцоотой зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурал 5 дугаар сарын 5-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болсон юм.

Тус хуралд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ш.Ариунаа, хүрээлэнгийн философийн салбарын ЭША, докторант Ж.Энхбаяр нар “Монголын нийгэм-улс төр, гүн ухааны түх судлалд академич Ч.Жүгдэрийн оруулсан хувь нэмэр” сэдэвт үндсэн илтгэл, түүнчлэн монгол судлал, монголын философи, буддын философи, улс төр, нийгмийн ухааны тэргүүлэх эрдэмтэн судлаачид хавсралт илтгэл тавьж амжилттай хэлэлцүүллээ. Өнгөрсөн зуунд тодорсон монголын хамгийн нөлөө бүхий философичдын нэг, монголын нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээний түүхийг системтэй судалж нэн чухал бүтээлүүд туурвисан, Азийн энх тайван, буддистуудын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Чимэдийн Жүгдэр хэмээх эрхэм хүний амьдрал, үйл ажиллагаа, зохиол бүтээл, монголын философийн хөгжилд оруулсан хувь нэмрийг манай эрдэмтэн судлаачид олон талаас нь үзэж судалдаг, үнэлж дүгнэдэг болсныг хурлын илтгэлүүдээс мэдэх боломжтой байв.

Мөн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд болон Ч.Жүгдэрийн гэр бүлийн хүмүүс, найз нөхөд, шавь нарын дурсамж тэмдэглэл, их эрдэмтэнд холбогдох ховор чухаг баримт, гэрэл зургийг багтаасан “Академич Ч.Жүгдэр ба монголын гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх” нэртэй номыг хэвлүүлсэн байна.

Дашрамд дурдахад, Ч.Жүгдэр багшийн захирлаар нь ажиллаж байсан ШУА-ийн Философийн Хүрээлэн үүсэн байуулагдсаны 45 жилийн ойг мөн энэ онд өргөн дэлгэр тэмдэглэнэ.

Мөн академич Ч.Жүгдэрийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан эсээ бичлэгийн уралдаан явуулж нийт 6 эсээ ирснийг Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) О.Хатанболд, философийн салбарын эрхлэгч доктор (Ph.D) Ш.Ганхуяг нар шүүж шалгарууллаа. I байранд Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунзул, Р.Алтансүх нарын бичсэн “Монголын философийн түүх” хэмээх эпиологи, II байранд МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн I курсын оюутан Э.Эрхэсийн “Монголын философи”, III байранд МУИС-ийн улс төр судлалын магистрант Г.Золзаяагийн “Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээ” бүтээлүүд шалгарлаа.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2008 оны тогтоолоор Ч.Жүгдэрийн нэрэмжит шилдэг бүтээлд олгох шагналыг баталсан билээ. Тэр цагаас хойш уг шагналыг олгоогүй бөгөөд харин 2017 онд түүний 90 жилийн ойгоор анхны шагналыг Философийн хүрээлэнгийн Философийн салбарын тэргүүлэх ажилтан Б.Даш-Ёндонгийн “Нагаржунайн гүн ухаан, ёс зүй” (шүтэн барилдахуйн онол) бүтээлд ШУА-ийн Тэргүүлэгчдээс олгохоор шийдвэрлэсэн. Уг шагналыг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Ч.Жүгдэрийн хөрөг бүхий медаль, диплом, мөнгөн шагналыг  гардуулан өглөө.



 


 


 



Бусад мэдээлэл