Олон Улсын Монгол Судлалын Холбоо, МУИС-ийн Монгол хэл, Хэл шинжлэлийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран “Монгол хэлний үгийн сангийн судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 4 дүгээр сарын 28-ны өдөр ШУА дээр зохион байгууллаа.
Хурлыг нээж “Монгол хэлний үгийн гарал судлал” төслийн удирдагч, академич Д.Төмөртогоо үг хэлж, эрдэм шинжилгээний хуралд амжилт хүссэн юм. Хурлаар “Монгол хэлний хятад гаралтай үгсийн тухай” сэдвээр С.Мөнхсайхан, “Монгол хэлний Европын хэлний гаралтай үгсийн тухай” сэдвээр Н.Балжинням, “Хятад хэлний үгийн сангийн талаарх зарим ажиглалт” сэдвээр Ц.Батдорж, “Монгол хэлний төвд гаралтай үгсийн тухай” сэдвээр П.Ням-Очир, “703 оны луу жилд холбогдох бичээсийн зарим үгийн учир” сэдвээр Ц.Баттулга, “Монгол хэлний манж гаралтай үгсийн тухай” сэдвээр М.Баярсайхан, “Кашгарын Махмутын толь бичиг дэх зарим үгийн тухай” сэдвээр Б.Аръяажав нар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.