Энэ жил тохиож буй Их Монгол улсын тав дахь их хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол энэ оны 6 дугаар сард гарсан билээ.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон ажил зохион байгуулсны нэг нь “Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” олон улсын эрдэм шинжилгээний хурал билээ. Тус хурлыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, МУИС хамтран Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулав.
МУИС-ын Дугуй танхимд болсон тус хурлын нээлтийн ажиллагаа, нэгдсэн хуралдаанд БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар оролцож мэндчилгээ дэвшүүлснээс гадна гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүд оролцов.
Хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань зэрэг орны 60 орчим судлаачийн 57 илтгэл хэлэлцэгдсэний дотор 20 шахам илтгэлийг гадаадын судлаачид хэлэлцүүлэв. Хурлын үндсэн илтгэлийг академич Ш.Бира “Монголын тэнгэрийн үзэл ба Хубилай хаан”, Б.В.Базаров “Эзэнт улсын болон түүний дараахь үе дэх монголчуудын төрт ёс: Түүхэн туршлага ба ач холбогдол”, академич Ж.Болдбаатар “Хубилай хааны төр засан жолоодох ухаан”, академич С.Нарангэрэл “Хубилай хаан өвөг эцгийнхээ төрт ёсны үргэлжлэл”, БНСУ-ын эрдэмтэн Пак Вонгил “Хубилай хаан ба Тамна”, ОХУ-ын эрдэмтэн А.Г.Юрченко “Хубилай хаан Европын дэлхийн газрын зурагт (1375 оны Каталоны атласын хэрэглэгдэхүүнээр)” гэсэн сэдвээр тус тус хэлэлцүүлэв.
Тус хурал хоёр өдрийн туршид “Хубилай хааны намтар, үйл ажиллагаа”, “Юань улсын гадаад харилцаа”, “Юань гүрний өв”, “Юань гүрний бичиг үсэг, шашин”, “Юань улсын төр эрхзүй, цэргийн түүх”, “Юань улсын соёл, шинжлэх ухаан” зэрэг сэдвээр, А, Б салбар хуралдаантайгаар явагдлаа.
Хуралд Монголын эрдэмтэн, академич Ш.Бира, Ж.Болдбаатар, С.Нарангэрэл, доктор Б.Сумьяабаатар, Ц.Шагдарсүрэн, Л.Маналжав, А.Очир, Л.Тэрбиш, Ж.Баясах, Ж.Базарсүрэн, Х.Шагдар, С.Цолмон, ОХУ-ын эрдэмтэн Б.В.Базаров, А.Г.Юрченко, Японы эрдэмтэн Т.Мацүкава, БНСУ-ын эрдэмтэн Пак Вонгил, БНХАУ-ын эрдэмтэн Ли Жиань, Төмөр нарын шилдэг эрдэмтэн судлаачид оролцож судалгааны хамгийн сүүлийн үеийн үр дүнгээс танилцуулсан нь хурлын нэр хүнд, ач холбогдлыг өндөрт өргөв.
Хуралд хэлэлцүүлсэн нийт илтгэлд Хубилай сэцэн хааны намтар үйл ажиллагаа, түүний Монголын хийгээд дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, Монголын Юань улсын соёл, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг, цэрэг, улс төр, хууль зүй зэрэг олон талаас нь судлан авч үзсэн байна. Цаашид дээрх сэдвүүдээр илүү нарийвчилсан судалгаа хийх зайлшгүй шаардлага өнөөдөр ч байгаа гэдгийг хурлын илтгэгч, оролцогч нар цохон тэмдэглэж байв.