Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТӨВ АЗИЙН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТ: ЗАГВАР БҮС НУТАГ МОНГОЛ(МОМО) ТӨСЛИЙН III ШАТ ЭХЭЛЛЭЭ
ТӨВ АЗИЙН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТ: ЗАГВАР БҮС НУТАГ МОНГОЛ(МОМО) ТӨСЛИЙН III ШАТ ЭХЭЛЛЭЭ

ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент: Загвар бүс нутаг Монгол(МоМо) – төслийн III үе шатыг эхлүүлэх, танилцуулах  төслийн хурал “Корпорэйт” Зочид буудлын хурлын танхимд 9 дүгээр сарын 8-ны өдөр боллоо.

 Төслийн 1-р үе шат 2006 оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжиж,  2009 оны 9 дүгээр сард, төслийн 2-р шат 2010 оны 4 дүгээр сараас үргэлжлэн 2013 оны 4 дүгээр сард дуусгавар болсон билээ. Харин төслийн төгсгөлийн шат буюу 3-р шат нь 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаанд үргэлжлэхээр болоод байна.

“МоМо ” төслийн үндсэн зорилго нь тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд усны нөөцийн нэгдсэн менежементийн үзэл баримтлалыг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан Төв Азийн эрс тэс уур амьсгалтай, хуурай, гандуу бүс нутгийн төлөөлөл болгож Монгол улс, тэр дундаа нийгэм эдийн засгийн хувьд чухал бүс нутаг болох Хараа голын сав газрыг загвар бүс нутаг болгон хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд оршиж байна.

Өнөөдрийн энэхүү хурлаар Монгол-Герман талын хамтрагчид МоМо төслийн 3-р үе шатны хэрэгцээ шаардлагаа нэгдмэлээр тодорхойлж, нэг ойлголцолд хүрэхийг зорьж байгаа юм.

МоМо-1 болон 2 төслийн хэрэгжилтийн хугацаанд хоёр талаас олон байгууллагын туршлагатай эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн, залуу судлаачид  оролцон ажиллаж,  Хараа голын сав газрын хэмжээнд усан хангамж, усны хэрэглээ, бохир ус цэвэрлэгээ, усны чанарын мониторинг гэх мэт олон талт асуудлыг иж бүрэн судлахын хамт, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх туршилтын зарим ажлууд хийгдэж, менежментийн арга хэмжээнүүдийг  амжилттай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал: Дархан хотын бохир ус цэвэрлэх төв байгууламжид явуулсан туршилт, судалгааны ажлын үр дүнд тулгуурлан Азийн Хөгжлийн банкны зээлээр шинээр цэвэрлэх байгууламж барих төслийн ажил эхлээд байна.

Товчхондоо дүгнэн хэлэхэд МоМо-1, МоМо-2 төслийн хугацаанд ихэнхдээ хайгуул, судалгаа, туршилт, сургалт арга зүйн шинж чанарыг агуулж, манай орны хэмжээнд анх удаа Хараа голын сав газрын усны асуудлыг  иж бүрэн судалж, шинжлэх ухааны болон практик хэрэглээнд үнэ цэнэтэй суурь мэдээллийн сан хөмрөг бий болгосон бөгөөд цаашид бүх оюуны үнэт баялгийг бодит хөрсөнд хэрэгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг хөгжүүлэх, бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй усны нөөцийн нэгдсэн менежементийн төлөвлөгөөг боловсруулах нь төслийн 3-р шатны зорилго, эцсийн үр дүнг илтгэх шалгуур үзүүлэлт болох юм.


 



Бусад мэдээлэл