Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан эрдэмтэд, шинжлэх ухааны салбарын ажиллагсад болон шинжлэх ухааны үр шимийг хүртэгч иргэд, хамтран ажиллагч байгууллага, хамт олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан академич Х.Намсрайд төрийн дээд тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээсэн нь эрдэмтэн судлаачдын бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, бүтээн туурвих зориг эрмэлзэл бадраасан, үйл явдал болов.

2014 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Шинжлэх ухааны салбарыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан нь манай шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх бодлогын суурь баримт бичиг боллоо.

Энэ онд ШУА-ийн эрдэм судлалын бүтээл арвин байлаа. Монгол Улсын ШУА-аас 2014 оныг “Чанарыг дээшлүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах жил” болгон зарлаж, шинэ мэдлэг бүтээхийн зэрэгцээ хэрэглээнд шуурхай нэвтрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг улам идэвхжүүлэн,“Од эрхэсийн ордон”, “Утаагүй түлшний технологи дамжуулалт” зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлэв.

Манай судлаачдын олон улсын нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлүүлсэн бүтээл, ишлэлийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой хадгалагдаж, гадаадад Монголын судлаачдын хэвлүүлсэн бүтээлийн дийлэнх хувийг ШУА-ийн эрдэмтэд  хэвлүүлснийг тэмдэглэхэд таатай байна. ШУА-ийн байр суурь өсч, манай эрдэмтдийг олон улсад хүлээн зөвшөөрч байгаагийн нэгэн илрэл нь Монгол улсын  ШУА-ийг Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгосон  явдал юм.

Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон ажлыг яам, орон нутагтай хамтран гүйцэтгэж, байгаль, техник технологи, нийгмийн ухааны нийт 50 гаруй үр дүнгээр бодлогын зөвлөмж хүргүүлэв.

Улс эх орондоо мэдлэгт тулгуурласан эдийн засаг, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн үндсийг бүрдүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд идэвхтэй оролцож, амжилт гаргахыг хүсэн ерөөе.


Эрхэм баян эрдэм ухаан арвижин дэлгэрэх болтугай!

ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ Б.ЭНХТҮВШИН



Бусад мэдээлэл