ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв, Солонгос улсын Одон орон, сансар судлалын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотоос баруун тийш 55 км-т Тавантолгой дахь газар хөдлөлтийн станцыг түшиглэн OWL дуранг суурилуулах ёслолын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.
Дурангийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын ШУА-ийн удирдлагууд, Солонгосын Сансар судлалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Тус дуран нь 45 см-ийн голчтой, Ричи-Критьений оптик системтэй, автомат дуран бөгөөд дэлгэгдэж онгойдог хагас бөмбөлгөн дээвэртэй павилонд байрлуулсан аж. Солонгос улс одоогоор олон төрлийн зориулалттай 15 орчим хиймэл дагуултай бөгөөд Солонгосын тал дээр эдгээр хиймэл дагуулуудыг дагаж мөрдөх, тэр орчмын сансрын хог хаягдлыг ажиглах, мөргөлдөөнөөс үүсэх аюулыг тооцоолох ажилд ашиглах юм.
Талууд энэхүү дуранг дэлхий орчмын болон гол бүслүүрийн бага гараг, сүүлт од, гамма тэсрэлтийн дараах оптик гэрэл гэх мэт олон чиглэлийн судалгаанд ашиглах бөгөөд энэ чиглэлээр хамтарсан ажиглалтуудыг хийх, харилцан мэдээлэл солилцох, цаашид хамтран ажиллах зорилтыг тавьж байна.
Мэдээг бэлтгэсэн Эрдэм шинжилгээний дэд ажилтан З.Амарсанаа