Вэбсайтын цэс
Хэлний сонголт
УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛААР ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА
УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛААР ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА

Германы Боловсрол, Судалгааны яамны (БСЯам) санхүүжилттэйгээр “УННМ МоМо”-оос зохион байгуулж буй “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” олон улсын бага хурал “Блью скай” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ.

Тус хуралд Монголын талаас БСШУСЯ, БХБЯ, ШУА, Германы талаас Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), түүний NEXUS хөтөлбөр, DAAD зэрэг байгууллагуудын 50 гаруй хүмүүс оролцлоо.


Хурлын зорилго нь Бүс нутгийн усны нөөц, усны чанарын төлөв байдлын нарийвчилсэн үнэлгээг хийхэд тохирсон арга зүй, мониторинг, стратеги, мэдээллийн сан, техник тоног төхөөрөмжийг тодорхойлох, хөгжүүлэх болон Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон техникийн шийдэл, хөдөө орон нутагт төвлөрсөн бус арга, хот суурин газрын усан хангамж, бохир ус цэвэрлэгээг сайжруулах техникийн шийдлийг тодорхойлох юм.

Олон улсын бага хурлыг нээж БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр гадаад хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Ж.Бямбацогт болон ХБНГУ-ын хамтын төслийн хэлтсийн дарга, доктор Кристан Гласс нар үг хэлсэн юм.

Хурлаар дараах илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Үүнд:

-ХБНГУ-ын Боловсролын яамны эрдэм шинжилгээний ажилтан Susanne Madders “Олон улсын Шинжлэх Ухаан судалгааны стратеги, төлөвлөгөөний талаарх Монгол орны жишээ”,

-ХБНГУ-ын боловсролын яамны ажилтан, доктор Christian Alecke “Усны нөөцийн нэгдсэн менежмент”,

-“Момо” төслийн ажилтан доктор /PhD/ Borchardt “Момо төслийн зорилго, хүрсэн үр дүн, ирээдүйн чиг хандлага”,

-ШУА-ийн ГГХ-ийн захирал, доктор Д.Баттогтох "Усны нөөцийн нэгдсэн менежмент, нийгэм эдийн засгийн хөгжил Монгол оронд",

-Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Лхагвацэдэн “Хотын усны менежментэд тулгарч буй өнөөгийн асуудлууд, стратеги, төлөвлөгөөний талаар”

-Тайланд дахь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн /ГОУХАН/ доктор Ruth Erlbeck “Ус, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, хот орчмын бүс нутаг дахь ус эрчим хүч” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Хурал 26-ны өдөр хотын усны менежмент, байгаль орчны мониторинг ба мэдээллийн менежмент, чадавхийг хөгжүүлэх, голын сав газрын менежмент зэрэг 4 сэдвээр үргэлжилнэ.



Бусад мэдээлэл