Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эмгэнэл
Эмгэнэл

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ
(1942-2025)
Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, академич, шинжлэх ухааны доктор, профессор Пунсалмаагийн Очирбат 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр таалал төгсөж, Монголын шинжлэх ухаан, боловсрол, соён гэгээрүүлэх салбарт хүнд гарз тохиолоо.
П.Очирбат нь 1942 оны 01 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг "Уул уурхайн ашиглалтын технологийн инженер" мэргэжлээр тус тус суралцаж төгсжээ.
Улмаар 1975 онд ЗХУ-ын Москва хотод “Штокверк хэлбэрийн зэс молибдений ордыг ашиглах оновчтой системийг сонгох, уулын ажлын горимын судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D), 1999 онд Санкт-Петербург хотод “Монгол улсын эрдэс баялгийн цогцолборын хөгжлийн стратеги” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг тус тус хамгаалан, 2011 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдсон юм.
П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 03 дугаар сараас 1990 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албыг хашиж байлаа.1990-1992 онд БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 08 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирал, 2005 оноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр  тус тус томилогдон ажиллаж байв.
Академич П.Очирбат нь үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ 2012 оноос ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн, ШУА-ийн Техник, технологийн салбарын Бага чуулганы гишүүн, хүн ба байлгалийн аюулгүй байдал, экологийн шинжлэх ухааны олон улсын академийн жинхэнэ гишүүн, Монголын Байгалийн ШУА-ийн гишүүн, Монгол Улсын ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монголын инженерийн ухааны үндэсний академийн гишүүн, Ерөнхийлөгч, Уул уурхайн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүн, Оросын Байгалийн шинжлэх ухааны академийн гадаад гишүүн зэрэг нэр хүндтэй сонгуульт ажлуудыг хариуцлагатай хашиж, олон улсын болон үндэсний хэмжээний байгаль орчин, шинжлэх ухааны салбарын бодлого шийдвэр гаргахад идэвх санаачилгатай оролцож ирсэн юм.
П.Очирбат нь эрдэс баялгийн салбарт хэд хэдэн бодлого хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй өөрийн мэдлэг чадвараа зориулсан нэрт эрдэмтэн хүн байв.
Академич П.Очирбат нь шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллахдаа 200 орчим бүтээл туурвисан бөгөөд түүний дотор нэгэн бие даан туурвисан сэдэвт 37 ном, хамтран бүтээсэн 17 ном, гадаад хэл дээр 11 ном, нийт 108 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлжээ, Эрдэм судлалын чиглэлийн 7 номыг редакторлан, үйлдвэрлэл практикт шилжүүлсэн төсөл, гэрээт 20 ажлыг удирдан ажилласан байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд эх орноо төлөөлөн оролцож, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлдэг, судалгааны чиглэлээр санал зөвлөмжөө өгдөг, нийгмийг соён гэгээрүүлэх, эрдэм дэлгэрүүлэх чиглэлээр олон арван шавь хамтран ажилладаг судлаач нараа манлайлан ажилладаг их эрдэмтэн, эгэл нэгэн судлаач байлаа.
Сурган хүмүүжүүлэгч П.Очирбат нь 1998 оноос ШУТИС-ийн профессороор уригдан ажиллаж 2000 онд “Экологи, тотвортой хөгжлийн төв” байгуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийн шинжлэх ухааныг олон улсын түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тус төв нь 2004 оноос НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Тогтвортой хөгжил” хичээлийн хөтөлбөр боловсруулах, турших төслийг Уул уурхайн инженерийн сургалтанд амжилттай хэрэгжүүлсэн нь эдүгээ байгаль орчныг хамгаалах, экологийн баримжаатай хөгжлийн үндэс болон төлөвшөөд байгаа юм.
Тэрээр 2000 оноос ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн “Уурхайн менежмент, тогтвортой хөгжлийн профессорын баг”-ийг ахалж, Уул уурхайн инженер, эдийн засагч хэмээх цаг үеийн шаардлагаар буй болсон мэргэжлийн олон арван бакалавр, магистр, тэр дундаа салбарын 9 докторын судалгааны бүтээлийг удирдан хамгаалуулсан байна.
Академич П.Очирбатын шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг төр засгаас өндрөөр үнэлж 1972 онд Алтан гадас одон, 1982 онд Тэргүүний геологич, 1984 онд Болгарын 40 жилийн ойн медаль, 1986 онд Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг, 1991 онд Унгар улсын Хөдөлмөрийн гавьяаны одон, 1991 онд БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, 1999 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан, Эрх чөлөөний одон, Ардчиллын од, 2002 онд Чингисийн одон (Ардчилсан намын дээд шагнал), 2004 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2005 онд Монгол төрийн Тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одон, 2005 онд АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар” шагнал, 2005 онд Медаль имени Н.К.Рериха, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2007 онд Үндсэн хуулийн цэцийн хүндэт тэмдэг, 2009 онд Ардчиллын 20 жилийн ойн медаль, 2011 онд Тусгаар тогтнолын одон, 2022 онд Монгол Улсын төрийн шагналаар тус тус шагнасан юм. Мөн гадаадын улс орнуудаас олон арван жуух, медалиар шагнагдаж байснаас онцолбол экологийн аюулгүй байдлын олон улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн энхтайвны академийн Санкт-Петербургийн Уул уурхайн дээд сургуулийн хүндэт доктор, Унгар улсын Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан юм.
Монгол Улсын ШУА – ын жинхэнэ гишүүн, нэрт эрдэмтэн, багш, эрдэс баялгийн салбарын ноён оргил академич П.Очирбат таны хүнлэг энэрэнгүй, оюунлаг бүтээлч, хичээнгүй хөдөлмөрч, тууштай зарчимч, нөхөрсөг тусч зан чанар, гэгээн дүр төрх нь эрдэмтэн судлаачид, эрдмийн хамт олон, найз нөхөд, шавь нар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

 


Бусад мэдээлэл