Монгол Улсаас анх удаа анагаах ухааны эртний номыг ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүлж, батламж гардан авлаа
Монгол бахархлын өдрөөр өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол өв соёл, түүний дотроос анагаах ухааны сурвалж бичгийн өвийг олж тогтоон, нарийвчлан судалж, ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад анх удаа анагаах ухааны эртний номыг Монгол Улсаас бүртгүүлсэн батламжийг гардуулах ёслолын үйл ажиллагаа зэрэгцэн тохиож байгаа нь бас нэгэн бахархал болж байна.
“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” 6 дэвтэр ном нь 18 дугаар зууны хагаст манж хэлнээс монгол хэлээр орчуулагдаж, Жанжаа хутагт Ролбийдоржийн номын санд хадгалж байсныг 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхээр Монгол Улсад залж авчран Зүүн хүрээний Мамба дацанд судалж байжээ. Дараа нь уг 6 дэвтэр номыг Үндэсний номын санд шилжүүлэн хадгалсан байна.
Энэхүү бүтээлийг судалсан академич Шаравын Болд, анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Б.Гэрэлмаа, анагаах ухааны доктор профессор Д.Шагдарсүрэн нарын хичээл зүтгэлээр монголчууд эртнээс хүний биеийн бүтцийг дорно дахинаас гадна өрнийн анагаах ухааны эрдэмтдийн бүтээл, нээлтээр баяжуулан, эмчилгээ, заслын олон аргуудыг хөгжүүлж ирсэн талаар өргөн мэдээлэл авах боломж бүрдэж байна. Ялангуяа Өрнийн анагаах ухаан, Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх, практикт хэрэглэх асуудал наад зах нь 19 дүгээр зуунаас эхэлсний нотолгоог манай анагаах ухааныханд олгожээ.
Дэлхийн баримтат өвд эдгээр бүтээлүүд бүртгэгдсэнээр Дэлхийн дурсамж хөтөлбөрийн болон бүсийн, үндэсний хэмжээний үнэт баримтат өв болохыг нотлохын зэрэгцээ хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг ард иргэдэд нэмэгдүүлэх, ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх, холбогдох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уг өвүүдээр дамжуулан Монгол Улсын бичгийн өв соёл, бүтээлийн агуулга, ач холбогдлыг дэлхийд сурталчлан таниулах өргөн боломж нээгдлээ.
“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” 6 дэвтэр бүтээлийн судалгааг хийж нэр дэвшүүлсэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Анагаах ухааны Академийн эрдэмтэд, дэмжлэг үзүүлсэн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, бодлогоор хөхиүлэн дэмжсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сангийн хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.
Эртнээс нааш номт 3 улсын нэг хэмээн хэлэгдэж ирсэн Монгол орон, Монголчуудын бахархал болсон ухаан тэгш, өв ихт өвөг дээдсийнхээ бүтээн туурвисан тэжээхүй ухааны гайхамшигт ном судрыг олж тогтоон, судалж хэрэглэх, үр хойчдоо уламжлуулж, улс орныхоо түүх, өв соёлыг дархлан, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх үйлс тань өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ



Бусад мэдээлэл