Шинжлэх ухааны ажилтны II их хуралын нээлтэд УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг
Эрхэм хүндэт Монгол улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм Их хурлын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид аа,
Хүндэт, зочид төлөөлөгчдөө,
Монголын шинжлэх ухааны ажилтны II их хурлын төлөөлөгч эрдэмтэн судлаачид, профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагчид, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд хийснээс хойш 5 жил болжээ. Энэ хугацаанд УИХ, Засгийн газраас шинжлэх ухаан технологийн салбарыг Монгол Улсын хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж, бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж ирлээ.
УИХ-аар 2023 онд Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хуулиудыг тус тус хэлэлцэн баталсан билээ. Засгийн газраас боловсруулж өргөн барьсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шинжлэх ухааны ажилтны Их хурал зохион байгуулагдаж буй энэ түүхэн өдөр УИХ-р ёсчлон баталж байгааг дуулгахад таатай байна.
Хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогыг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлж байх Засгийн газрын бүрэн эрхийг хангах, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрх зүйн чухал түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна. Түүнчлэн шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж, ил тод байдал хангагдаж, санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Хууль батлах нэг хэрэг, харин түүний хэрэгжилтийг хангах асуудал юу юунаас чухал. Хуулийн хэрэгжүүлэхэд салбарынхны үүрэг оролцоо, хариуцлага, хамтын ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах шаардлага бидэнд байна.
2023 оны улсын статистикийн мэдээгээр, Монгол Улсад судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэж байгаа төр, хувийн хэвшлийн 42 эрдэм шинжилгээний байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын 21 их сургуульд нийт 6965 ажиллагчид ажиллаж байгаагийн 5266 нь судлаачид, нийт судлаачдын 1736 буюу 25.1 хувь нь эрдэм шинжилгээний ажилтан байгаа нь оюуны чамлахааргүй нөөцийг байгааг илтгэж байна. Гэхдээ энэ тоог цаашид өсгөн олон улсын түвшинд хүргэх шаардлага байгаа.
Төр, засгаас шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар тууштай бодлого баримталж, оновчтой санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг бодитой үзүүлж, нэгэнт бий болсон оюуны нөөц баялгийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бүрэн дүүрэн ашиглах асуудал тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Улсын Их Хурлаас шинжлэх ухаан, технологи, инновацын талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчныг нэлээдгүй бүрдүүлсэн хэдий ч хэрэгжилтийн түвшинд хангалтай бус байгааг анхаарч, хаана ямар шалтгаанаар энэ асуудал үүсч байгааг тогтоон шийдвэрлэх хэрэгтэй.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 2.4-д “Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлэх”-ээр шинжлэх ухаан, технологийн салбарын урт хугацааны зорилтыг тодорхойлжээ.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тодорхойлсон эдийн засаг, нийгмийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөл, хөтөлбөрийн шаардлагатай санхүүжилтийг Засгийн газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, тухайн жилийн төсөвт тусган батлуулж, хэрэгжилтийг хангуулахаар хуульчлан баталсан.
Түүнчлэн 2012 онд батлагдсан Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Монгол Улсын Их хурлаас үнэлгээ хийж байгаа бөгөөд тус үнэлгээний үр дүнг үндэслэн Инновацийн тухай хуулийг боловсронгуй болгон орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага мөн үүсээд байна.
2023 онд шинжлэх ухааны салбарын нийт санхүүжилт 91.4 тэрбум төгрөг батлагдсаны 72% буюу 65.7 тэрбум төгрөг нь урсгал зардал, 13% буюу 12.3 тэрбум төгрөг нь эрдэм шинжилгээний ажлын зардал эзэлж байгаагаас харахад судалгаа хөгжүүлэлтийн төсвийн санхүүжилтийн ДНБ-д эзлэх хувь сүүлийн 5 жилд нэг ч нэмэгдээгүй 0.12 хувь байна. Иймээс шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас санаачилга гарган Улсын Их хуралтай хамтран ажиллан Шинжлэх ухаанд зарцуулах төсвийн санхүүжилтийг 2025 онд 1 хувьд хүргэн ажиллая.
Мөн төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага өөрийн судалгааны үндсэн чиглэлийн хүрээнд Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажлыг захиалгаар гүйцэтгэн санхүүжих эрх зүйн орчныг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бий болгоод байна.
Өнөөдрийн ШУ-ны салбарын ажилтны II их хурлаар судалгаа хөгжүүлэлтийн хүртээмжтэй, оновчтой дэд бүтэц бий болгох, тэдгээрт ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ажилтны ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төр-шинжлэх ухаан-хувийн хэвшлийн хамтын түншлэлийг бэхжүүлэх замаар судалгааны үр дүнг эдийн засгийн үр ашиг болгон хувиргах зэрэг шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэсэн байдлыг цогцоор авч хэлэлцэж, дараагийн 5 жилийн зорилго, зорилтоо тодорхойлох чухал хуралдаан болж байна.
Судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнгээр гарган авсан мэдлэгээ оюуны өмч болгон улмаар эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн олон зуун шинэ технологи, инновацын бүтээгдэхүүнийг бий болгон улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийг гардан хэрэгжүүлж, амжилттай ажиллаж байгаа Монгол оюун ухаант эрдэмтэн судлаач, профессор, шинжлэх ухааныг хөгжүүлэгч, нэвтрүүлэгч, түгээгч Та бүхэнд ШУ-ны салбарын шинэ үеийг бүтээлцэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шинжлэх ухааны ажилтны Хоёрдугаар Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Эрдэм номын цагаан буян ашид дэлгэрч байх болтугай.
Бусад мэдээлэл