Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх ухааны ажилтны хоёрдугаар их хурлын нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэлийн хэлсэн үг
Шинжлэх ухааны ажилтны хоёрдугаар их хурлын нээлтэд  ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэлийн хэлсэн үг

Монгол улсын Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Их хурлын төлөөлөгч, эрдэм номын эрхэм нөхөд өө,

Шинжлэх ухааны ажилтны II их хурлын төлөөлөгчөөр эрдмийн хамт олон дундаасаа сонгогдон ирсэн эрхэм та бүхэндээ болон манай улсын нийт эрдэмтэн судлаачдадаа шинжлэх ухааны ажилтны II их хурлын баярын мэндийг өргөн дэвшүүлж, ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.

Шинжлэх ухааны ажилтны их хурлыг санаачлан, энэ хоёрдугаар Их хурлыг өөрийн ивээл дор явуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд Монгол Улсын нийт эрдэмтэн судлаачдынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлаас хойш манай төр засаг шинжлэх ухааны салбарт хандах хандлагаа өөрчилж, эрх зүйн орчныг шинэчлэн, санхүүжилтийн олон эх үүсвэр бий болгохоор хичээн зүтгэж, шинжлэх ухааны хүний нөөцийн  чадавхыг бэхжүүлэх, шинжлэх ухаандаа, эрдэмтдээ итгэж ачаа үүрүүлэх гэсэн сэдэл тэмүүлэл бий болгож байгаад манай салбарынхан талархалтай байдгийг энэ хүндтэй индрээс илэрхийлэх боломж олдсонд баярлаж байна.

Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчин болоод даян дэлхийн геополитикийн нөхцөл байдал эрсдэл дагуулсан хэвээрээ байгаа ч судалгаа хөгжүүлэлтийн ажлын орчныг сайжруулах, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжих төрийн бодлогын хүрээнд “Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын төсөл амжилттай үргэлжилж, эрдэм шинжилгээний ажилтны цалин мэдэгдэхүйц өсөж, санхүүжилтийн олон эх үүсвэр бий болгох ажил бодитой  эхлэв.

Аль ч салбарын ололт амжилт, өсөлт хөгжил, үйл ажиллагааны ахиц дэвшил нь тэнд ажиллагсдын  сэтгэл зүтгэл, бүтээлч  хөдөлмөр, манлайлагчдын зөв бодлого, дайчин чадвар, тууштай байр сууринаас их хамааралтай байдаг билээ. Сүүлийн хэдэн жил эрдэмтэн судлаачид маань бага мөнгөөр багагүй үр дүнд хүрч, салбарыг манлайлагч Л. Энх-Амгалан сайд маань салбарын хөгжилд өнөөдөртөө гэхээсээ бараг илүүтэй ойрын жилүүдэд томоохон ахиц дэвшил авчрах олон өөрчлөлтийг хийж чадлаа. Монгол Улсын ШУА та нараараа бахархаж, бас баярлаж байна.

Хэдийгээр коронавирусийн цар тахал намжсан ч дэлхий дахинаа дайн ба энхийн асуудал хурц энэ үед уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хүрэлцээ, хүнсний хангамж, орчны бохирдол зэргээс үүдэлтэйгээр улс орнууд судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа улам эрчимжүүлэх боллоо. 1996 онд 550 тэрбум ам. доллар байсан судалгаа, хөгжүүлэлтийн ажлын санхүүжилт сүүлийн жилүүдэд тогтвортой өссөөр 2022 онд 2.47 их наядад болж, дэлхийн ДНБ-ий 2.2 хувьд хүрээд байгаа бол  манай улсын энэ үзүүлэлт 2023 оны байдлаар ДНБ-ий  0.12 хувьтай байна.

Гэсэн хэдий ч манай салбарынхан дэлхийн мэдлэгийн үйлдвэрлэлд ч хувь нэмрээ оруулж, улсынхаа эдийн засагт нэмүү өртөг шингээхийн төлөө хичээн зүтгэж ажилласаар байгааг дурдахад бас таатай байна.

Тийм ч учраас бид 63 жилийн тэртээ Монгол Улсад анх ШУА байгуулагдсан энэ өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Шинжлэх ухааны ажилтны  II Их хурлаа хийж, өнгөрсөн 5 жилд хийсэн ажлынхаа ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, илүү хөгжингүй маргаашийг бий болгохын тулд юунд түлхүү анхаарах вэ гэдгээ тойрон ярилцахаар Төрийн ордондоо цуглаад байгаа юм.

Энэ өдөр бол Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулга албажин баталгаажсан, Монгол Улсад ШУА анх байгуулагдсан түүхэн өдөр, энэ өдөр бол шинжлэх ухаанч ирээдүйг цогцлоон бүтээх манай шинэ үеийн сониуч мэдрэмжийг сэдрээн, шинжлэх ухааны боловсролыг дэмжих гэгээлэг өдөр. Энэ өдөр бол Монгол хүн бүрийн амьдралын чанарыг сайжруулж, “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН”-ийг хөгжилд шинжлэх ухааны оролцоог тодруулан тэмдэглэх ажлын өдөр. Энэ өдөр бол хараат бус “ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”-ыг хангах бат суурийг тавихад эрдэмтэн судлаачид голлох үүрэгтэйг сануулах хариуцлагатай өдөр гэж би ойлгож байна.

Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,

Шинжлэх ухааны салбарт хувьсгалт өөрчлөлт оруулсан шинэ технологийн XXI зууны эхэнд бид судалгааны хуучин чиглэл, хандлагаа өөрчлөх, эрдэм шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтаа нягтлах, ахисан түвшний судлаач бэлтгэх тогтолцоогоо  шинэчлэх асуудлыг ул суурьтай шинжлэн хэлэлцэж, Их хурлынхаа шийдвэрт тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна. Санхүүжилтийн бүтэц, хэмжээ, түвшнээ дахин нягталж, олон улсын жишигт нийцүүлэх асуудал ч хаалга тогшин хүлээж байна. Манай улсын шинжлэх ухаан ерөнхийдөө бусдын араас хөөж бараадах янзтай хэвээр байсаар байгааг хэлэхгүй өнгөрч бас болохгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай II дугаар Их хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс шинжлэх ухаанаа хөгжүүлэх стратегээ  боловсруулах цаг болсныг онцлон анхааруулав. Энэ бол төрийн тэргүүний зүгээс бидэнд өгч байгаа үйл ажиллагааны гол чиглэл гэж ойлгон хүлээн авч байна.

Энэ хүрээнд цөлжилт, ган, зуд, үер зэрэг байгалийн үзэгдлийн давтамжийг ойртуулж буй уур амьсгалын өөрчлөлт, аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал зэрэг технологийн нийгэмд үзүүлэх эерэг болоод сөрөг нөлөөллийн асуудлыг тооцон, нөгөө талаас Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг томоохон зорилтот хөтөлбөрүүдийг бодитой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан, хүний нөөцөө бэлтгэх, сэлбэх, чадавхжуулах, салбар дундын болоод салбар дамнасан судалгааны хүчин чадал, нөөцөө нэмэгдүүлэх, төрөлжсөн болоод дундын ашиглалтын лабораториуд байгуулах, байгаа лабораториудаа бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллах цаг нэгэнт болсон гэдэгт эргэлзэх зүйл алга. Өөрөөр хэлбэл, эдгээр асуудал, саад бэрхшээл бүхнийг даван туулж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө төр, шинжлэх ухаан, үйлдвэр бизнесийн салбар гэсэн гурвал хугацаа алдалгүй нягт хамтран ажиллах цаг ирсэн байна.

Энэхүү хамтын ажиллагааны талбарт бодитой зарим эхлэл бий болж байгааг бас дурдах нь зүйтэй гэж бодож байна. Тухайлбал, шинжлэх ухааны шинэ цогцолбор ашиглалтад орсноор Шинжлэх ухаан-төр-үйлдвэр бизнесийн түншлэл болоод салбар дундын судалгааг дэмжсэн дэд бүтэц бий болно гэдэгт итгэлтэй байна.

Гадагш чиглэсэн тархины урсгалыг буцаан эргүүлэх үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулж, гадаадад байгаа манай тэргүүлэх эрдэмтдийг дотоодын судалгаанд оролцуулах, төсөл хамтран дэвшүүлэх, зарим хэсгийг нь эх орондоо ажиллах бололцоогоор хангах явдал нь энэ хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэж бодож байна.

Саяхан батлагдсан ШУТ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрөөс эрдэм шинжилгээний байгууллагын санхүүгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг шууд гэрээгээр гүйцэтгэх эрх зүйн орчныг бий болгосон нь төр-шинжлэх ухаан-үйлдвэр, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих бас нэг чухал эхлэл юм.

Дээр дурдсан гурвалын хамтын ажиллагаанд шууд нөлөөлөхгүй ч, зайлшгүй шаардлагатай чухал нэг хүчин зүйл бол салбар дундын болон салбар дамнасан, нээлттэй шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэх явдал юм. Нээлттэй шинжлэх ухаан нь салбар бүрийн судалгааны үр дүнг хүн бүрт хүргэх замаар нийгэм бүхэлдээ үр шимийг нь хүртэх цогц боломж юм. Дэлхийн олон улс мэдлэгийг өргөн хүрээнд түгээх замаар нийгэм, байгаль, эдийн засагт үүссэн асуудлыг шийдвэрлэн, тогтвортой хөгжлийг бий болгоход нээлттэй шинжлэх ухаан нэг гол гарц болно гэж үзэж байна.

Эцэст нь тэмдэглэхэд, шинжлэх ухаан бол хүний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг, түүний үр дүн нь бидний эрүүл, аюулгүй, таатай амьдралын баталгаа, улс орны тогтвортой хөгжлийн хөдөлгүүр билээ. Хамгийн өргөн утгаараа боловсрол, шинжлэх ухаан  хоёр нь улс орны үндэсний аюулгүй байдлын суурь болдог учраас ЕБС-ийн сурах бичгээс эхлээд үндэсний хэмжээний болоод стратегийн ач холбогдолтой томоохон хөтөлбөрүүдийг эрдэмтдээрээ экспертиз хийлгэсний дараа л эхлүүлдэг эрх зүйн орчин бүрдүүлэх талаар УИХ, Засгийн газар ч бас санаачилгатай ажиллаасай гэж хүсмээр байгаа юм.

Эх орны хөгжлийн үе шатуудаар тодорхойлогдсон эдийн засаг, нийгмийн зорилтуудыг амжилттай шийдвэрлэх үйл хэрэгт манай салбарын бүх шатны хүний нөөц нэгдмэл зорилгын дор идэвх, зүтгэлтэй манлайлан оролцож чадах юм бол эрдэм шинжилгээний байгууллагын улсын төсвөөс хэт хараат байдлыг бууруулах, санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох, гадаад, дотоодын эх үүсвэрээс нэмэлт санхүүжилт, орлого олох, түүнийг захиран зарцуулах зэрэг санхүү, эрхзүй, менежментийн асуудлаа цогцоор нь шийдэхэд дорвитой ахиц гарна гэдэгт итгэж байна.

Их хурлын шийдвэр мэргэн байх болтугай. Улс гэрээ шинжлэх ухаанчаар сэргээн хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

 


Бусад мэдээлэл