Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭЛ ХААДЫН УЛСЫН ТҮҮХ, СОЁЛЫН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА
 ЭЛ ХААДЫН УЛСЫН ТҮҮХ, СОЁЛЫН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үеэр Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Эл хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны азийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Гэрэгэ /пайз/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Олон улсын хуралд Исламын Бүгд Найрамдах Ираны улсын эрдэмтдээс гадна Япон, БНСУ, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУлс зэрэг 9 орны 30 орчим эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж , сонирхолтой илтгэл хэлэлцүүлж байна.

Уг хурлаар XIII-XIV зуунд Азийн соёл иргэншилд монголчуудын дэлгэрүүлсэн Гэрэгэний  нийгэм, улс төр, эдийн засгийн ач холбогдлын тухай хэлэлцэхийн хамт Монголын Эл хаадын явуулж байсан гадаад дотоод бодлого, хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын тухай асуудлаар гадаад дотоодын эрдэмтэн мэргэд цугларан санал дүгнэлтээ дахин шүүн тунгааж, шинэ шинэ баримт хэрэглэгдэхүүн, дүгнэлт гаргалгаагаар Эл хант улс, Монголын эзэнт гүрний судалгааны сан хөмрөгийг  улам баяжуулах нь эргэлзээгүй юм.

Исламын Бүгд Найрамдах Иран улс, Монгол улсын шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд монголын талын судалгааны баг энэ оны 6 дугаар сард Иранд албан томилолтоор ажиллаад ирсэн. 14 км үргэлжлэх Ираны түүхэн архивт Монголын хаадын үеийн алт, мөнгөн гэрэгэ, алтан тамга, зоос, Эл хаадын үеийн урлагийн шаазан зэргээс эхлээд түүхийн арвин олдворууд байх бөгөөд эдгээрийг судалсны үндсэн дээр түүхэн баримтын жагсаалт гаргахаар ажиллаж байгаа аж.

Үүний томоохон хэсэг нь эртний монголчуудын соёл иргэншлийн нэг хэсэг болсон “Гэрэгэ”-г судлах явдал гэдгийг салбарынхан онцлов. “Гэрэгэ” гэдэг нь тухайн хүний халдашгүй дархан байдлыг илтгэсэн, нөгөө талаас тухайн хүнийг илтгэх биеийн байцаалт, одоогийнхоор бол гадаад паспорттой төстэй үүрэг гүйцэтгэдэг байжээ.

 Мөн тус олон улсын хуралд зориулан доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын хамтарсан “Монгол Ил Хаант Улс” үзэсгэлэнг Монгол Төрийн түүхийн музейд дэлгэн үзүүлж байна. Тус үзэсгэлэнгээр 120 орчим зураг, Монгол, Перс хэл дээр бичсэн  60 гаруй түүхэн зохиол болон Ираны гар урлалын 30 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлж байна.


 


 


 


 


 


 


 


 



Бусад мэдээлэл