Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Зохион бүтээгчид тоглоомын материалын судалгааг хийснээр хамгийн тохиромжтой нь модон материал болохыг тогтоожээ
Зохион бүтээгчид тоглоомын  материалын судалгааг хийснээр хамгийн тохиромжтой нь модон материал болохыг тогтоожээ

Бага насны хүүхэд тоглох явцдаа хүмүүжин төлөвшдөг нас сэтгэхүйн онцлогтой бөгөөд сонирхлын хөтөч нь тоглоом байдаг  болохыг үе үеийн  судлаач эрдэмтэд нотолсон  байдаг.

Монголчуудын хувьд ч тоглоом наадгайн зүйлс бүрийн цаана үр хүүхдээ сургаж, хүмүүжүүлдэг аргын арвин их нууц  агуулагдаж байдаг бөгөөд энэ нь хүүхэд багачуудын бүх талын мэдлэг, хүмүүжилд онцгой нөлөө үзүүлдэг онцлогтой.

Тэгвэл өнөө үед бага насны хүүхдийн хэрэглэж байгаа сургалтын болон ахуйн тоглоомын 60-80 хувь нь эрүүл ахуйн болон сургалтын шаардлага хангахгүй байгаагаас гадна импортын хуванцар тоглоом эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Энэхүү учир шалтгааны үүднээс доктор Д.Сэрээтэрдоржоор ахлуулсан хэсэг эрдэмтэн судлаачид “МОДОН ТОГЛООМЫН БҮТЭЦ БОЛОН ЗУГААТАЙ ХЭЛБЭРЭЭР ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, СУРГАХ ОНОЛЫН ЗҮЙ ТОГТОЛЫГ СУДЛАХ” судалгаа хийжээ. 

 Энэхүү төслийн үндсэн зорилго нь: Орчин үеийн боловсрол судлал, тоглонгоо суралцахуйн онолын зүй тогтлын судалгаанд тулгуурлан, Тоглонгоо суралцахуйн арга зүйд тохирсон модон тоглоомын шинэлэг хувилбар боловсруулан сургуулийн өмнөх боловсролд туршин хэрэгжүүлснээр сурагчдын бие бялдар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, улмаар сургалтын хэрэглэгдэхүүн болох эрүүл ахуйн шаардлага хангасан модон тоглоомыг сургалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд оршжээ.

Төслөөр дараах зорилтыг дэвшүүлэн ажиллажээ. Үүнд:

      Өнөөгийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааны арга зүйн харьцуулсан судалгаа хийж, тоглоом наадгайн зүйлсийн сурган хүмүүжүүлэх арга зүйн үүрэг, нөлөөллийг судлах,

      Модон тоглоомын шинжлэх ухааны үндэслэл, сургалтын хэрэглээ, тоглох  арга зүйн судалгаа хийх,

      Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан заавал суралцах чиглэлүүдийн сургах арга зүйд тоглоомыг ашиглах шинэ хувилбар боловсруулан турших,

      Бага насны хүүхдийн болон тоглоомын эрүүл ахуйн шаардлагыг судлан, модон тоглоом үйлдвэрлэх хялбар технологи боловсруулах,

      Модны гадаргуугийн боловсруулалтын судалгаа хийж, технологийн шинэ хувилбар боловсруулах

      Модон тоглоомыг дамжлагаар, олноор  үйлдвэрлэх тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэлийг зохион байгуулах менежментийг боловсруулах,

      Модон тоглоом бүхий сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүний багцыг сургуулийн өмнөх боловсролын сургалтад туршин, нэвтрүүлэх.

Төслийг хэрэгжүүлэхдээ нийслэл орон нутгаас сонгосон зорилтот газрууд, Технологи дүрслэх урлагийн боловсролын академи/ТДУБА -ийн “Сургалтын төв”ийг түшиглэн гүйцэтгэжээ. Тус төв нь багш, оюутны сургалт туршилтын бааз бөгөөд, өсвөр үеийнхний техник сэтгэлгээ, зохион бүтээх бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулдаг байна.     

СУУРЬ СУДАЛГААНЫ ГОЛ ҮР ДҮНГ ТОЙМЛОН АВЧ ҮЗВЭЛ

Сурган хүмүүжүүлэгчид болон судлаачдын дүгнэснээр бол тоглоом тоглох болон аливааг дуурайх нь оюун ухааны хөгжилд зориулсан хүний төрөлхийн шинж чанар бөгөөд хүүхэд тоглоомоор дамжуулж аливаа шинэ ойлголт мэдлэгийг олж, өөрийн өмнөх мэдлэгийг холбон ойлгож, хүлээж авдаг зүй тогтолтой байна.

Тоглоомын арга”- гэдэг нь сургалтын явцад тоглох замаар мэдлэг хуримтлуулах арга. Бүх насны суралцагчдын сургалтад хэрэглэж болох боловч сургуулийн өмнөх боловсрол, бага ангийн сурагчдын сургалтад түлхүү хэрэглэдэг байна. “Тоглоомын сургалт”- гэдэг нь мэдлэг эзэмших ,чадвар дадал олж авахад бие хүний үйлдлийн мөн чанарыг хангаж байдаг өөрийн зорилготой сургалтын технологи юм.

Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онолоор: Тоглоом нь насанд хүрэгчид ба хүүхдийн хамтын үйл ба хүүхдийн бие даасан чөлөөт үйлийн завсрын үйл ажиллагаа. Тоглоом нь оюун ухааны дасан зохицох үйл явц гээд, хүүхэд үйлдлийг олон дахин давтаж хийснээр сэтгэлийн таашаал хүртдэгийг нотолсон байна.

Бага насны хүүхдийн тоглоом нь бүтцийн хувьд тэдний хэрэгцээнд нийцсэн, нас сэтгэхүйн онцлогт тохирсон, төсөөлөн бодохуй, үнэн байдалд суурилсан, эрүүл ахуй, гоо зүйн, осол аюулгүйн байдлыг харгалзсан, хэл яриа, хөдөлгөөнийг сайжруулахад чиглэсэн, суралцах бэлтгэлийг хангахуйц, хүүхдэд хамтач нийтэч үзлийг төлөвшүүлэн бие даах чадварыг нь хөгжүүлэх шаардлагад нийцсэн байх нь зүйтэй байна.

Зохион бүтээгчид тоглоомын бүтцийн шаардлагуудыг хангахуйц материалын судалгааг хийснээр хамгийн тохиромжтой нь модон материал болохыг тогтоожээ.

Сургуулийн өмнөх боловсролоор хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны суралцахуйн тоглоомын хэрэглээний өнөөгийн төлөв байдлын судалгааны дүнд 4 жил тутамд нөлөөлөх хүчин зүйлсийн нөлөөллийн үзүүлэлтүүдийг 0,5-0,7 нэгжээр нэмэгдүүлснээр, суралцахуйн модон тоглоомын хэрэглээ одоогийн түвшнээс 68,9 – 85,7 хувьд хүрч болох үр дүнтэй байгаа нь Монгол улсын СӨБ-ын байгууллагын хөгжүүлэх үйл ажиллагааны тоглоомын хэрэглээ хангалттай түвшинд хүрч сайжрах ерөнхий хандлагатай байна гэж үзлээ.

Сургалтын модон тоглоомыг туршилтаар зохион бүтээгээд, хэрэглээний явцад модон материалд үзүүлэх чийгшлийн нөлөөнөөс хамаарсан хэмжээний өөрчлөлтийн байдлыг тогтоосноор, тоглоом үйлдвэрлэлийн технологийн гормыг тодорхойлох бүрэн боломжтой юм.

Модон тоглоомын бүтэц, загварыг нарийвчлан тооцоолсон, олон хувилбар саналуудаас сонголт хийж “Математикийн энгийн төсөөлөл хөгжүүлэх багц” -ыг хөгжүүлэх үйл ажиллагаанд туршин хэрэгжүүлж, 2 загварыг баталгаажуулалт хийлгэв. 

Тоглонгоо суралцахуйн онолын зүй тогтол ба модон тоглоомын бүтцийн шаардлагын хамаарлын харьцуулсан үзүүлэлт гаргав.

Цаашид суралцахуйн модон тоглоомыг инновацын төслөөр олшруулж болно гэж үзжээ. 


Бусад мэдээлэл