Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-гаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн засвар тохижилтын ажлыг дуусгаж хүлээлгэн өглөө.
Монгол Улсын ШУА-ийн хэл зохиолын хүрэлээн 1921 онд байгуулагдсан цагаасаа эхлэн эрдэмтэн судлаачид 1990-ээд он хүртэл хөдөө орон нутагт хээрийн шинжилгээний ангиар явж байх үедээ биет бус соёлын өвийг сурвалжлан тэмдэглэж авахын зэрэгцээ олон тооны бичиг үсгийн баримтат өв болох ном судрыг цуглуулж байсан нь эдүгээ “Эх хэл бичгийн сан хөмрөгт”-т хадгалагдаж байна.
Эдүгээ тус сан хөмрөгт нийт 1205 тод үсгийн судар, 6689 төвөд үсгийн судар, 1257 монгол үсгийн судар, 450 хавтас бүхий 100 мянга орчим хуудас шинжилгээний ангийн гар бичмэл, тууль, үлгэр, домог, дуу, ерөөл, магтаал, бөө мөргөл, бурхны шашны болон зан үйлийн холбогдолтой аман зохиол, аман зохиолын 1200 орчим цагийн бичлэгтэй 1066 ширхэг соронзон хальс багтаж байна. Эдгээр нь манай ард түмний оюуны бүтээлийн дээж төдийгүй эрдэм шинжилгээ судалгааны ажлын үнэт хэрэглэгдэхүүн юм.
Саяхныг хүртэл эдгээр соёлын үнэт өв нь хүрээлэнгийн санхүүгийн боломж бололцооноос үүдэн орчин үеийн шаардлага хангахгүй стандарт бус орчинд байж, чанарын хувьд хэврэгшин муудаж байна. Эдгээр үнэт ном судар, нутгийн аялгуу, аман зохиолын хэрэглэгдэхүүнийг цаашид олон жил хадгалж хамгаалан, өвлүүлэн уламжлуулах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж нийтийн хүртээл болгох, орчуулан хэвлэх зэрэг ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байсан байна.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлэхдээ, “Монгол, Туркийн ард түмэн олон зууны түүх соёлын уламжлалт харилцаатай. Энэхүү хамтын ажиллагаа монголчуудын түүх соёлын биет болон биет бус өвийг судлах, хадгалан хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх салбарт илүү анхаарал тавьж байгааг сайшаан тэмдэглэж байна. Энэхүү лабораторийн сан хөмрөгт буй 100 гаруй жилийн түүхтэй монголчуудын оюуны өв соёлын гайхамшигт өв санг хадгалах, хамгаалах, сурталчлахад ТИКА-гийн хөрөнгө оруулалт үнэ цэнтэй байсныг тэмдэглэж байна. Иймд энэхүү төслийг санхүүжүүлж, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын цаг наргүй их ажлаа амжуулах таатай орчныг бүрдүүлэхэд хөрөнгө санхүүгээр дэмжин тусалсан ТИКА-гийн хамт олон, Туркийн ард түмэнд талархал илэрхийлье” гэв.
Энэхүү төслийн нээлтийн ёслолд ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Үмит Нажи Ёрулмаз, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, дэд координатор Жейлан Атмажа, ТИКА-гийн Монголыг хариуцсан мэргэжилтэн Хатижэ Мүгэ Өзкан, Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй болон Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтнууд оролцсон юм.