Монгол Улсын ШУА-ийн 60 жилийн ойн хүндэтгэлийн Их чуулганд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм академичид аа,
Хүндэт
зочид, төлөөлөгчид өө,
Эрдэмтэн судлаачид аа,
Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100, Монгол Улсын ШУА байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хорьдугаар зууны Монгол Улсын түүхийн аугаа гайхамшигт үйл явдлуудын тэгш дүүрэн ой тохиож буй энэ 2021 онд бид манай ард түмний оюуны дэвшил, мэдлэг ухааны хөгжлийн зам мөрд алтан үсгээр бичигдэж үлдсэн хоёр их үйл хэргийн, тухайлбал Судар бичгийн хүрээлэнгийн нэгэн зууны, ШУА байгуулагдсаны нэгэн жарны түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрүүдэд улиран одох түүхээ дүгнэн шинжлэх, эхлэх зуун, угтах жарны ажил үйлсээ төлөвлөн тоймлох бүтээлч үйлс орон даяар өргөн дэлгэр өрнөж байна. Хүндэтгэлийн их чуулганы энэхүү илтгэлдээ би Монгол Улсын ШУА-ийн зуунаар өртөөлсөн нэгэн жарны хөгжлийн замналын түүхэн сургамж, хүрсэн үр дүн, угтан ирэх он жилүүдийн зорилго, зорилтоо тоймлон тодорхойлж, Та бүхэндээ танилцуулахыг зорьсон юм.
Нэг.
Жаран, зуунаар өртөөлсөн хөгжлийн замнал
Монгол
туургатан бидний өвөг дээдэс олон зуун жил төр улсаа төвхнүүлж, тогтнон хөгжихдөө
хоёр мянганы тэртээгээс бичиг соёлын
дурсгалаа бүтээж, нүүдэлчдийн соёл,
иргэншлийн язгуур мэдлэг туршлагыг зузаалж, эрдэм ухааны хүч чадлыг шүтэн
биширч, эрдэмтэн мэргэдээ оройн дээдэд үнэлэн хүндэтгэдэг гайхамшигт уламжлалыг
өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээжээ.
Эзэн Чингис хаан Их монгол улсынхаа төрийн хэргийг явуулахдаа
эрдэм ухаанд шалгарсан бичиг номын мэргэдийн сургаал зөвлөгөөг нэн чухалчилж, “зарлигч”,
“бичээч” түшмэдийн албыг ажиллуулж байв.
Эл уламжлалыг Монголын их Юань гүрний үед Хубилай хаан залгамжилж, “Бичгийн
мэргэдийн хүрээлэн”-г байгуулсан нь хүн төрөлхтний түүхэнд анхны олон үндэстэн
улсын шинжтэй “академи”-ийн үндэс болж, оюуны их гүрний төвийн үүргийг гүйцэтгэх
болсон байдаг. Хүрээлэнгийн гол ажил
нь Монголын төрт ёс, улс үндэстний түүх, соёлын
судар ном бүтээх явдал байсан бөгөөд эл үйл хэрэгт монгол, хятад, перс,
төвд зэрэг олон үндэс угсааны мэргэд мэдлэг, сэтгэл, оюунаа зориулж байв.
Монгол Улс үндэсний тусгаар тогтнолоо
олж, төр улсаа сэргээн мандуулсан 1911 онд Богд хаант Монгол Улсын Засгийн газар “Монгол орныг шинжин үзэж, тухайн хэрэг шийтгэх хороо”-г
байгуулсан нь эрдэм ухааныг эрхэмлэх түүхэн уламжлалаа сэргээсэн чухал шийдвэр
байлаа. Ардын
засгийн газар 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр төрийн яамны эрх хэмжээ бүхий
Судар бичгийн (Номын) хүрээлэнг байгуулж, захирлаар нь Онходын Жамъян гүнг томилж, тэрбээр байгууллагынхаа
ирээдүйг "...Судар бичгийн хүрээлэн байн байсаар хөгжин дэлгэрч, ухаан
бүгдийг бүртгэсэн ба уран сайхны ажлыг хураан цогцолсон Академи болж чадах буй
заа" хэмээн тодорхойлж байлаа. Уг хүрээлэнг тухайн цагийн нийгэм, соёлын
хөгжлийн шаардлагад нийцүүлэн 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болгон өөрчлөн
зохион байгуулж байв. Ингээд 1960 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи байгуулах тухай” МАХН-ын Төв хорооны тогтоол, үүнээс 7 хоногийн
дараа 1960 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “БНМАУ-ын ШУА-ийг байгуулахтай холбогдсон бэлтгэл ажлыг
явуулах тухай” БНМАУ-ын
Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарсан зэргээс үзэхэд дэлхийн олон улсын жишгээр
эх орондоо үндэсний ШУА байгуулах асуудал төрийн бодлогын түвшинд нэгэнт тодорхойлогсон
байжээ.
Бэлтгэл
ажил нэгэнт хангагдсан гэж үзсэн тул 1961 оны 5 сарын 16-нд “ШУА байгуулах тухай” БНМАУ-ын АИХ-ын
Тэргүүлэгчдийн зарлиг гарч, 1961 оны 5
сарын 22-нд ШУА-ийн анхдугаар чуулган хуралдсанаар өнөөгийн ШУА байгуулагдав.
Чуулганаар Академийн Тэргүүлэгчдийн газрыг байгуулж, улс орны маань оюуны сор,
ухааны жигүүр болсон шилдэг эрдэмтдээс академийн гишүүд, сурвалжлагч гишүүдээ
сонгон баталжээ. Тэр цагаас хойш ажиллаж ирсэн ШУА-ийн үе үеийн Ерөнхийлөгчид
нар - Базарын Ширэндэв, Чойдогийн Цэрэн,
Намсрайн Содном, Думаажавын Баатар, Баатарын Чадраа, Батболдын Энхтүвшин нар цагийн
шалгуурыг дааж, ШУА-ийн үйл ажиллагааг чадварлаг удирдан зохион байгуулж
ирснийг ойн байрын хурлын хүндэт индрээс
талархан тэмдэглэж байна.
Монгол
Улсын шинжлэх ухааны хөгжлийн түүхэн
замналаас өнөөгийн бидний ухаарч суралцах үнэ цэнтэй бөгөөд эрхэм чухал
сургамжийг би дараах хэдэн санаанд багцалж илэрхийлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд:
Нэгд,
түүхэн цаг үе бүрийн төр засаг, эрдэмтэн мэргэдийн ажил
үйлсээр дамжин өнөөгийн бидний үед
өвлөгдөж ирсэн эрдэм ухааныг хөгжүүлэх зохион байгуулалтын түүхэн уламжлал бол орчин үеийн
ардчилсан Монгол Улсад шинжлэх ухааны бие даасан тогтолцоо олон улсын жишиг,
хандлагыг багтаан шингээж, өөрийн гэсэн өнгө төрхтэй хөгжихийн үндэсний
хөрс суурь юм. Эл суурь хөрсийг байнга тордон бэхжүүлж, эвдэж
атаршуулахгүйн төлөө хичээн зүтгэх нь өнөө үеийнхэн бидний ирээдүйнхээ өмнө
хүлээх түүхэн хариуцлага мөн.
Хоёрт,
олон үеийн ухамсар, сэтгэлгээгээр дамжин
монголчуудын ухаан бодолд баттай шингэж, төрийн бодлогоор бодитой хэрэгжиж
ирсэн эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлдэг язгуур зарчмыг үеийн үед чандлан баримталж,
төрийнхөө ой санамжийг
шинжлэх ухааны мэдлэгээр тэтгэн, түмэн олондоо эрдэм ухаанаар
үйлчилж, нийгмээ соён гэгээрүүлэх үйлсийн төлөө хичээн
зүтгэх нь Та бидний үүрэг байсаар байх
болно.
Гуравт,
буурал түүхийн бүхий л үед эрдэмтэн мэргэдийн бүтээж үлдээсэн мэдлэг,
технологийн сан хөмрөг, тэр бүрийг шингээж хураасан ном шастир,
түүхэн сурвалж, үйлдвэрлэлийн
салбарууд, төрөлх нутгийн маань ариун дагшин газар шороонд ил, далд
хадгалагдан буй байгалийн нөхөн сэргээгдэх болоод үл
сэргээгдэх баялаг, эд өлгийн дурсгал, , хүн зоны маань сэтгэлгээ,
ёс суртахуун, зан заншлын шигшиж өвлөгдсөн үнэт зүйлс сэлт нь өнөөгийн бидний судлан шинжлэх, ухаж таних
ширгэшгүй ундарга, орчин үеийн олон шинжлэх ухааны дагнасан болон салбар дундын судалгааны амин чухал
хэрэглэгдэхүүн юм. Энэ бүхнийг
нүдний цөцгий мэт хайрлаж, эрдэм судлалын ажлын эргэлтэд ухаалаг, зөв оруулж, учир утга, үнэ цэнийг нь тогтоон тодорхойлж,
дэмжин хөгжүүлэх нь манай салбарынхны түүхээр хүлээсэн мөнхийн журамт үүрэг байх болно.
Дөрөвт,
түүхэн цаг хугацааны туршид ажилласан
эрдэм судлалын байгууллага, үе үеийн эрдэмтэн судлаачид маань Монгол Улсынхаа
хөгжил дэвшлийн түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээж, үе үеийнхний залгамж
холбооны алтан хэлхээг бүтээсэн билээ. Эл нандин бөгөөд амин холбоог
тасалж гэмтээвэл монголын шинжлэх ухааны эрдэнийн суваргыг сэвтээж нураахад хүргэх уучилшгүй том алдаа
болно гэдгийг үеийн үед санаж, ирээдүй
хойчийнхоо зам мөрийг тодорхойлж явах нь
бидэнд оногдсон цаг хугацааны шалгуур болно.
Эдгээр
ойлголт Монгол Улсын Шинжлэх ухааны академи өнө мөнхөд хөгжин мандахын тулгуур дөрвөн багана
байгаасай хэмээн хүсэж буйгаа миний бие илэрхийлсэн санаа юм аа.
Хоёр. Хөгжил дэвшлийн жарны үр дүн, үнэ цэнэ
Орчин
цагийн шинжлэх ухааны төв байгууллага-ШУА байгуулагдсанаас хойших эхний хагас
жарны хугацаа (1961-1991)-нд Монгол Улсад
дэлхийн жишигт нийцсэн шинжлэх ухаан, судаогаа-хөгжүүлэлтийн олон салбар бүхий үндэсний шинэ тогтолцоо бүрэлдэн бий болсон билээ.
ШУА-ийн
хөгжлийн эхний 30 жилд төр, засгаас академийг
бүхий л талаар өргөтгөн хөгжүүлж, олон улсын ижил төрлийн академиудын төвшинд
хүргэх бодлого, зорилтыг тууштай
хэрэгжүүлж байлаа. Эрх зүйн байдал ч харьцангуй өндөр, салбарын хөрөнгө
оруулалт, материаллаг бааз, ажилтнуудын цалин хангамж ч улсын хөгжлийн
тэргүүлэх салбарын хэмжээнд байж богино
хугацаанд хөгжин бэхжиж чадсан билээ.
Анх байгуулахдаа 5 хүрээлэн, 4 музей, Улсын номын сан гэсэн бүтэцтэй, 178 эрдэм шинжилгээний ажилтантай байсан ШУА өргөжин
тэлсээр 1990-ээд он гэхэд 6000 орчим хүн ажилладаг
шинжлэх
ухааны олон салбарын 120 орчим хүрээлэн,
төв бүхий БНМАУ-ын
шинжлэх ухааны тогтолцооны төв байгууллага болоод байв.
1990-ээд
оноос хойших 30 жилд төр, засгийн бодлого шинжлэх ухаан, технологийн салбарыг нийгмийн тогтолцооны өөрчлөлтөд
нийцүүлэн шинэчлэхэд чиглэгдэж ирэв. Шинэчлэлийг ШУА-ийн гишүүд, эрдэмтэн
судлаачид өөрсдөө санаачлан эхлүүлснийг онцлон тэмдэглэе. Үндсэндээ эдгээр
санал, шийдвэрт үндэслэн УИХ-аас 1992 онд шинжлэх ухаан, технологийн талаар
төрөөс баримтлах бодлого, 1996 онд ШУА эрх зүйн байдлын тухай, Шинжлэх ухаан,
технологийн тухай, 1998 онд Технологи дамжуулах тухай хуулийг батлан, 1998 онд ШУТСанг байгуулсан юм. Түүнээс хойш төрийн бодлого, эрх
зүйн эл баримт бичгүүдэд цаг үеийн шаардлагаар зарим нэг нэмэлт өөрчлөлт орж
байсан ч үндсэн сууриараа тогтовортой
явж ирсэн нь салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлсэн билээ.
Шинээр бүрдсэн хууль эрх
зүйн орчинд нийцүүлж, Засгийн газар сүүлийн 30 жилд шинжлэх ухааны салбарын
бүтэц, зохион байгуулалтад 4
удаа (1991, 1997, 2015, 2019) томоохон өөрчлөлт оруулсан ба өөрчлөлт
бүхэн эерэг ба сөрөг аль аль талын үр
дагавартай байсан хэдий ч, ШУА-ийн хөгжил дэвшлийн ерөнхий хандлагад сайн нөлөө үзүүлсэн гэж дүгнэж болохоор байна.
Эдүгээ
манай ШУА харьяандаа 16 хүрээлэн, нийт 1200 гаруй ажиллагсад, үүнээс 900 орчим эрдэм
шинжилгээний ажилтантай, салбарын 6 Бага
чуулган, харьяа бүтцийн 2 академи бүхий
үндэсний шинжлэх ухааны төрийн
төв байгууллагын уламжлалт статусаа хадгалан хөгжсөөр түүхт ойнуудтайгаа золгож байна. Анх академи байгуулахад академич 9,
сурвалжлагч гишүүн 19, гадаад гишүүн 5 байсан бол өнгөрсөн хугацаанд 20 удаагийн
сонгуулиар 127 эрдэмтнийг академичаар сонгонгосноос одоо 63 академич ажиллаж, гадаад
гишүүн 16 болсон байна.
1999 оны 11
дүгээр сарын 26-нд Шинжлэх ухааны Үндэсний Анхдугаар
чуулган, 2008 оны 2 дугаар сарын 28-нд
Шинжлэх ухааны ажилтны улсын зөвлөгөөн, 2019 оны 9
дүгээр сарын 26-27-нд Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал болсон
нь шинжлэх ухааны хөгжлийн тухай тухайн
үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэв.
Монгол Улсын Засгийн газар 2001 онд “Монгол
Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”, 2007 онд "Монголын
шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, “Монгол
Улсад Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг тус тус баталж,
2017 онд Төрөөс шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлогоо шинэчилж,
Монгол Улсын Шинжлэх ухааны Академид төсвийн төвлөрүүлэн захирагчийн эрх
шилжүүлэх бодлогын шийдвэр гаргаж, манай оронд шинжлэх ухаан, технологийг
дунд, урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх удирдлага, төлөвлөлтийн үндсэн чиг
шугамыг тодорхойлж өгсөн билээ.
Энэ бүхнийг үндэс болгон бид 2018 онд “Шинжлэх
ухааны Академийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2018-2025”, түүнд
нийцүүлэн харьяа хүрээлэнгүүдийн стратегийн төлөвлөгөөг Тэргүүлэгчдийн хурлаар
батлан хэрэгжүүлж байна.
ШУА хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу УИХ, Засгийн газрын холбогдох байгууллагуудад үйл ажиллагаагаа тогтмол
тайлагнаж ирсний зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн нэн тулгамдсан асуудлын талаар
тухайлсан судалгаа хийж, үр дүнг Их
чуулганаараа хэлэлцэн тодорхой санал, зөвлөмжийг төр, засгийн
төв байгууллагуудад тухай бүр
хүргүүлж байлаа. 2015 онд “Монгол Улсын хөгжлийн номлол”-ыг, 2018
онд “Аж үйлдвэрийн дөрөв дэх
хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлууд”-ыг, 2020 онд
“Монгол Улсын тогтвортой хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” зэрэг асуудлыг
судлан боловсруулж, Их чуулганаараа хэлэлцэн тодорхой зөвлөмжийг хүргүүлсэн нь
төр засгийн зохих бодлого, шийдвэрт
тусгалаа олсон гэдгийг тэмдэглэн хэлье.
Үүний зэрэгцээ манай эрдэмтэд, академийн гишүүд “Мянганы
хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”(2008), “Монгол
Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” (2016),“Алсын
хараа 2050” Монгол Улсын хөгжлийн урт
хугацааны баримт бичгүүдийг боловсруулах болон Монгол Улсын Үндсэн хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг төр,
засгийн бодлогын нэн чухал баримт бичгүүдийг боловсруулах ажилд биечлэн идэвхтэй оролцсон байна.
1957 онд манай улсад анх
удаа эрдэм шинжилгээний байгууллагын
зориулалтаар Хүрэлтогоотын ООСО-ын барилгыг барьж байсан бол ШУА-ийн хэмжээнд 1961-1990 онд 10, 1991-2021 онд 6 барилга
байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан бөгөөд Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар Их хурлын шийдвэр, Монгол Улсын
Засгийн газрын 2019 оны 379 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шинжлэх
ухаан хүрээлэнгүүдийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил 2020 оноос тогтвортой үргэлжилж байна.
Монгол
Улсын ШУА-ийн гадаад харилцаа жилээс жилд өргөжиж, хамтын ажиллагааны үр өгөөж
дээшилсээр ирлээ. Одоогийн байдлаар тус академи дэлхийн 30 гаруй улсын болон
олон улсын 100 гаруй шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудтай 180 орчим гэрээ хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллаж
байна. Мөн Шинжлэх ухааны олон улсын зөвлөл, Олон улсын академиудын түншлэл, Шинжлэх
ухааны академиудын олон улсын холбоо, Азийн Шинжлэх ухааны Академиудын Холбоо,
Азийн шинжлэх ухааны зөвлөл, Хөгжиж буй орнуудын ШУА-удын зөвлөл зэрэг 10 гаруй
олон улсын шинжлэх ухааны байгууллагын гишүүнээр элсэж, зохион байгуулсан арга хэмжээнд идэвхтэй оролцон, олон улсын судалгааны
хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байна.
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрдэмтэн,
судлаачид аа,
Одоо
би улиран одож буй жаранд манай шинжлэх ухааны салбарынхан дэлхийн болон улс
орныхоо хөгжил, Монгол түмнийхээ оюуны
сан хөмрөгт оруулсан хувь нэмрээс голлох салбаруудаар товчоолон илтгэе.
Физикчид квант
орны онолын харьцангуй бага судлагдсан эгэл уртын бага масштаб дахь огторгуйн
геометр бүтэц нь стохастик ба квант шинж чанартай гэсэн таамаглалыг дэвшүүлж,
классик ба квант орны онолыг боловсруулсан нь физикийн шинжлэх ухааны хөгжилд нэгэн шинэ чиглэл болов. Их энергийн
физикийн туршилтын үр дүнг боловсруулахад шинэ хувьсагч “байны масс” хэмээх
ойлголтыг бий болгож, хүчтэй харилцан үйлчлэлийн нууцыг тайлахад хэрэглэснээр
онолын шинэ үр дүн гарлаа. Сүүлийн жилүүдэд нарны зайн технологи, монэл
компьютер, өнгөт зурагт, нүдний цайсан болорлогт мэс засал хийх термоцахилгаан
хөргөгч багаж зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн
хөгжилд өндөр үр өгөөжтэй олон арван судалгаа-хөгжүүлэлтийн ажлыг
хийж байна.
Химичид
Эрдэнэт, Оюутолгой, Асгат, Лугийн гол, Бүрэнхаан зэрэг
30 гаруй ордын олон төрлийн хүдэр, 3 ордын
газрын тос, 20 гаруй ордын нүүрсний иж бүрэн судалгааг хийж, баяжуулах,
боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах технологиудыг боловсруулсан байна. 220 гаруй нуурын эрдэст болон эмчилгээний шавар, 180 гаруй халуун, хүйтэн рашааны болон хөрсний агрохими, микроэлентийн тархалтын судалгааг хийж, “Монгол улсын рашааны зураг”, “Хөрсний агрохими, микроэлементийн
тархалтын зүй тогтлын зураг”-ийг зохиожээ. Тэмээ, сарлаг зэрэг эндемик амьтны уураг задлагч болон
ургамлын зарим ферментийн бүтэц, идэвх, урвалын механизмыг судлан, уурагт
хаягдал түүхий эдээс биобүтээгдэхүүн үйлдвэрлэх цуврал технологи боловсруулан,
120 гаруй зүйл эмийн, 160 гаруй зүйл хүнсний ашигт ургамлын судалгааг хийж, 200
гаруй байгалийн шинэ нэгдэл илрүүлэв. Судалгааны дүнд
үндэсний болон олон улсын 300 гаруй патентын эрх хамгаалж, 500 гаруй ТЭЗҮ, технологийн заавар
боловсруулан, 150 гаруй технологийг үйлдвэрлэл практик нэвтрүүлснээс 3 бүтээл
нь Төрийн соёрхол хүртжээ. Mongolian Journal of Chemistry сэтгүүл Элсивер хэвлэлийн компанийн скопус
мэдээллийн санд бүртгэгдсэн Монголын анхны сэтгүүл боллоо.
Биологчид Монгол орны биологийн олон янз
байдал, экосистем, бичил биетний биологийг судлан биологийн нөөц, баялгийг
хамгаалах, тогтвортой ашиглах үндэслэлийг бий болгох, халдварт өвчний молекул
механизм, генетик шалтгааныг тогтоох, биологийн идэвхт шинэ эмт бодисыг
илрүүлэх, бүтээгдэхүүний технологи бий болгох чиглэлээр ажиллаж, амьтны аймгийн ангилал зүй, экологи, биологи, генетикийн
судалгааны мэдээллийн нэгдсэн болон бичил
биетний өсгөврийн генетик нөөцийн санг бүрдүүлж, ховор, нэн ховор эмийн
ургамлын генофондыг хадгалах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үр
бүтээлтэй ажиллаж байна.
Монголын хүн амын дунд тархсан гепатитийн вирусийн онцлог,
геномын бүтцийг тогтоох, оношлох судалгааг хийж, гепатитийн G, TTV вирусүүдийг
манай оронд анх удаа илрүүлэн генетик хэвшлийг тогтоож, гепатитийн вирусийн
генетик онцлогоос шалтгаалж элэгний хавдар үүсгэж буй молекул шалтгаан өөр өөр
байгааг тодорхойлжээ. Элэгний хавдрын маркер АФП-ыг илрүүлэх ELISA оношлуурын туршилтын цомог,
суурин газрын цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан
лагийг биобэлдмэлээр үнэргүйжүүлэн, халдваргүйжүүлж, шимт хөрс болгох
технологи, шинэ төрлийн SARS-CoV2 коронавирусийн эсрэгбие илрүүлэх оношлуур
зэргийг боловсруулан гаргаад байна.
Ботаникчид Монгол орны ургамлын
аймаг, ургамалжил, эмийн болон ашигт ургамлын экологи, тархац, нөөц,
физиологи, биологийн идэвхт нэгдлийн судалгааг гүйцэтгэхээс гадна байгалийн
ургамлын генофондыг хадгалах, хамгаалах, нутагшуулах, тарималжуулах
зэрэг олон талт судалгааг амжилттай явуулж ирлээ. Монгол оронд 495 овгийн
1756 төрлийн 7725 зүйл гуурст болон гуурсгүй зүйл ургамал ургадгийг
тогтоож, 1 дэд овог, 1 төрөл Хөөндий болон 70 орчим зүйл ургамлыг
дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлж, 1963 оноос эхтэй
Гербарийн сан (UBA)-д нийт 128.400 хуудас цуглуулгыг
бүрдүүлэн цахимжуулж байна. Монгол орны ургамалжлын тархах
зүй тогтлыг илрүүлэн судалж, Монгол орны ургамалжил, хадлан бэлчээр, ойн тархцын зургуудыг зохион хэвлүүлж, тоон
хэлбэрт хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгожээ.
Түймэр, мод огтлох, мал бэлчээрлэх зэрэг
хүний хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөгдсөн ойн экосистемийн экологийн үнэлгээг
санал болгож, улмаар хөрс-экологийн нөхцөлийн өөрчлөлт, ойн байгалийн нөхөн
ургалтын тоо, чанарын үнэлгээ, ойн сэргэн ургалтыг тодорхойлогч хүчин зүйлийг
судалж ой модны сэргэн ургахгүй байгаа үндсэн шалтгааныг илрүүлэн сукцесс, модны
фитомасс, ойг нөхөн сэргээх, ойн тогтвортой менежментийн үндэслэл
боловсруулах судалгааны ажлыг амжилттай
явуулж байна.
Палеонтологичдын
судалгаа дэлхийд дээгүүр байранд үнэлэгдэх хэмжээнд амжилттай хөгжлөө. Монгол
оны эртний тэнгис, нуур ус, эх газрын хурдас чулуулагт хадгалагдаж үлдсэн
амьтан, ургамлыг олж илрүүлэх, удам төрлийн холбоо харьцааг нарийвчлан гаргах,
олон улсын түвшинд баталгаажуулах, эртний уур амьсгал, орчныг сэргээн босгох,
биодавхаргазүйн нэгжүүдийг тодорхойлох, эртний амьтан ургамлын судалгааны
анхдагч болон харьцуулах жишиг цуглуулгын сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулж, Ази
тивдээ палеонтологийн чиглэлээр хамгийн сайн судлагдсан орны нэгд орж байна.
Палеогистологи, бактерийн палеонтологи, кладистик анализ зэрэг сүүлийн үеийн
шинэлэг аргуудыг судалгаанд нэвтрүүлж, гадаад дотоодод шинжлэх ухаан танин
мэдэхүйн хөдөлгөөнт үзэсгэлэн зохион байгуулж, Монголын шинжлэх ухааныг дэлхийн
20 гаруй оронд сурталчлахад үнэтэй хувь нэмрийг оруулсан байна.
Шувуу болон мөлхөгчдийн анатомийн шинж бүхий,
шинээр илрүүлсэн тероподын бүлгийн үлэг гүрвэлүүдийн хоёр нутагтан маягийн
шинжийг агуулагч шинэ чиглэлийн судалгааны үр дүн, махан идэшт үлэг гүрвэлийн бүлэгт багтдаг
шувуу төст үлэг гүрвэл орнитомимозаврын ясан биеийн анатомийн судалгааны үр
дүнг тус тус Nature сэтгүүлд хэвлүүлэв.
Математикчид онолын судалгааг
дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлж, практикт нэвтрүүлэх чиглэлээр үр өгөөжтэй ажиллаж ирлээ.
Магадлалын онол, математик статистик, оновчлол ба оновчтой удирдлагын онол,
алгебр, функциональ анализ, математик загварчлал зэрэг чиглэлүүд эрчимтэй
хөгжиж, үр дүнгүүд нь олон улсын өндөр түвшний сэтгүүлүүдэд тогтмол хэвлэгдэж
байна. Төр засгаас математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын
салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн математикчдын бүтээл төрийн соёрхол хүртжээ.
Мэдээллийн
технологийн шинэ ололтуудыг эх орондоо цаг алдалгүй нэвтрүүлэх, орчин үеийн их
өгөгдөл, хиймэл оюун ухаан, машин сургалтын судалгааг хөгжүүлэхээр идэвхтэй
ажиллаж байна.
Геологчид давхарга-зүй, магматизм, тектоник, металлогенийн цогц
судалгааг хийж, плейттектоникийн онолын үзэл баримтлалыг
нутагшуулж, Террейний задлалын
аргыг нэвтрүүлсний дүнд геологийн зурагзүйн олон арван ном, эрдэм
шинжилгээний бүтээлүүд гарч, судалгааны
эргэлтэнд орлоо. Монгол
Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд анх удаа 1:1.000.000-ын масштабаар
харуулсан “Монгол улсын геологийн зураг, масштаб 1:1.000.000” дижитал зурагзүйн синтез бүтээл, мөн “Монгол улсын тектоникийн зураг, масштаб
1:1.000.000” томоохон бүтээлийг нийтийн
хүртээл болгожээ. Сүүлийн жилүүдэд “Далайн плитийн стратиграфи”-ийн загварчлал,
“Эртний массив" буюу эртний гранит-метаморф
суурь бүтцүүдийг сэргээн босгох, эртний далайн үлдэц болох офиолитын судалгаа,
чулуулгийн гарал үүсэл, үүссэн геодинамик нөхцөлийг тодорхойлох,
магмын бүрдлүүд тэдгээртэй холбоотой үүсэх ашигт малтмалын тархалтын зүй
тогтлыг илрүүлж, радиоляр, конондонтын судалгааны шинэ чиглэлүүдийг эхлүүлээд байна.
Газарзүй,
геоэкологийн салбарын эрдэмтэн судлаачид
Монгол Улсад үндэсний газарзүйн шинжлэх
ухааныг хөгжүүлэн, физик болон нийгэм эдийн
засгийн газарзүй, Монгол орны байгалийн нөөцийн ашиглалт,
хамгаалал, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн чиглэлээр Монгол
орны геоморфологи, ландшафт, газар ашиглалт, ус ашиглалт, хөрс, цэвдэг,
цөлжилтийн зүй тогтол, тархалтыг анх удаа зураглан гаргаж, “Монгол орны физик,
газарзүй”, “БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн газарзүй”, “Монгол улсын Үндэсний
Атлас”, “Монгол орны хөрс” зэрэг олон тооны суурь бүтээлийг туурвилаа. Түүнчлэн
нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий “Байгалийн хөргөлттэй мөсөн зоорь”,
“Газрын хянан баталгааны стандарт”, “Монгол улсын Ойн Менежментийн Ерөнхий
Төлөвлөгөө”, “Вебд суурилсан газарзүйн мэдээллийн систем”, “Аж үйлдвэрийн
нэгдсэн төлөвлөлт, зураглал” зэрэг олон бүтээл нь төрийн бодлого, үйлдвэрлэл
практикт нэвтрээд байна.
Одон
орон, сансар судлал, геофизикийн салбарын эрдэмтэн судлаачид
Нарны аймгийн эрхэс болон Орчлон ертөнцийн үүсэл хөгжил, Дэлхийн соронзон
мандлын болон Нар – Дэлхийн физик холбоо, Монгол орны газар хөдлөлтийн зүй
тогтол, идэвхжилтийн судалгааны олон арван
бүтээл туурвиж, сансар судлалын шинжлэх ухаан, техник технологийн ололт
амжилтыг олон нийтэд таниулан сурталчлах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Газар хөдлөлтийн мэдээллийн сан, идэвхтэй
хагарлууд, геологи геотектоникийн мэдээллийг нэгтгэн боловсруулж, Монгол орны
газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг, Улаанбаатар хот, дагуул дүүргүүд,
аймгийн төвүүдийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг шинээр зохиосон нь
газар хөдлөлтийн аюул, гамшгийн эрсдэлийг үнэлэх, газар хөдлөлтийн идэвхтэй
бүсэд барилга байгууламж барих норм дүрмийг боловсруулах, хот байгуулалтыг
төлөвлөхөд чухал суурь мэдээлэл болж байна.
Монгол орны мал аж ахуй,
газар тариалангийн салбарыг хөгжлийг шинэ шатанд гаргахад ХАА-н шинжлэх ухаан онцгой үүрэг гүйцэтгэлээ. Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд дасан
зохицсон, өндөр ашиг шимт малын үүлдэр, омог, хэвшил, үржлийн сүрэг бий
болгосон нь улс орны эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын сацуу 38
үүлдэр, үржлийн хэсэг, 9 омгийг шинжлэх
ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулж малын үржил селекцийн ажилд сайжруулагчаар
ашиглаж байна. Мөн малын тэжээлийн
ургамлын 10 гаруй сортыг буй болгож, тэжээлийн жор, технологи, бэлчээрийг
зохистой ашиглах, нөхөн сэргээх арга, аргачлалуудыг шинээр гаргаж практик
хэрэглээнд нэвтрүүлэв. Мал, амьтны гоц халдварт, халдварт, паразиттах
болон халдваргүй өвчнийг оношлох, тэдгээрээс сэргийлэх, эмчлэх арга технологи
боловсруулж үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэн, малын эмчилгээний 64 вакцин,
оношлуур, 72 эм, био бэлдмэлийг гарган авчээ. Үр тарианы ургамлын 20
гаруй сорт, төмсний 15 сорт, хүнсний ногооны 60 гаруй сорт, жимс жимсгэнэ
чимэглэлийн ургамлын 50 гаруй сорт, тос тэжээл бусад төрлийн ургамлын 40 гаруй
сортуудыг шинээр бүтээж, агротехнологи 120 гаруйг боловсруулж үйлдвэрлэлд
нэвтрүүлсэн байна. Өнөөдөр Монгол орны үр тарианы үйлдвэрлэлийн 40%, төмсний
80%, хүнсний ногооны 80%, жимс жимсгэнийн 70 гаруй хувьд газар тариалангийн
салбарын судлаачдын бүтээсэн, нутагшуулсан таримал сортуудыг ашиглаж,
тариалангийн хөрсийг хамгаалах, таримлыг тариалах, арчлах, хураах технологийн
судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтэрчээ. Монгол
орны бэлчээр, хадлан, ой, ногоон байгууламж, таримал ургамлын өвчин, хортон
шавж, мэрэгч амьтан, хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, хор хөнөөлийг
тогтоож, хөнөөлт зүйлүүдийн био-экологийн онцлогийг илрүүлж, өсөлт хөгжлийн зүй
тогтол, олшролтын прогнозыг гарган, тэмцэх цогцолбор арга, дэвшилтэт технологи
олныг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.
Анагаахын
шинжлэх ухаан хүн
ардынхаа эрүүл мэндийг хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг судлан хэрэгжүүлэх чиглэлээр
дэлхийн төвшинд ойртож, эх орондоо элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах, ясны
хугарлыг сунган шахаж эмчлэх, өвдөг, түнхэнд хиймэл үе хийх эмчилгээний аргуудыг нэвтрүүлж,
нүдний болор солих болон хорт хавдрын
бай эмчилгээ, дурангийн оношилгоо, эмчилгээ хөгжсөнөөр иргэдэд үзүүлэх
эрүүл мэндийн тусламж үйлчилгээ олон улсын жишигт хүрч хөгжлөө. Сүүлийн 30
гаруй жилд оношилгоо, эмчилгээний шинэ аргуудыг практикт нэвтрүүлснээр 13
хамтлаг Монгол Улсын Төрийн шагнал хүртлээ. “БНМАУ-ын хүн амын хоол тэжээлийн
физиологийн норм”-ыг боловсруулсан нь тухайн үеийн эрүүл мэндийн болон
эдийн засгийн төлөвлөлтийн тулгуур болж,
Монгол орны аль бүс нутагт ямар өвчин зонхилон тохиолддог болохыг нарийвчлан
судлан тогтоосон томоохон үр дүнтэй ажил байв. Хүрээлэн буй орчин,
хөдөлмөр, ахуйн нөхцөлийг эрүүлжүүлэх, мэргэжлийн өвчин, халдварт өвчнөөс
сэргийлэх, устгах ажилд түүхэн эргэлт гаргахад нийгмийн эрүүл мэндийн судалгаа
шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж ирлээ. Монгол Улс цагаан цэцэг өвчнийг эх орны
вакцинаар бүрэн устгаж, хүн амыг дархлаажуулснаар
халдварт өвчний гаралт, эндэгдэл эрс буурч, нярайн татран, полиомиелит
өвчнүүдийг устгаж чадлаа. Хүн амыг эрүүлжүүлснээр монголын хүн ам эрчимтэй өсөх
нөхцөлийг бүрдүүлжээ. Эм, вакцин, оношлуур
үйлдвэрлэж, вируст хепатит, улаан бурхан
өвчнөөс сэргийлж байна.
Техник технологийн
салбарын эрдэмтэн судлаачид Овоот толгой, Хөшөөт, Тавантолгой зэрэг нүүрсний,
Нарантолгой, Баржин-Уул, Толгойт зэрэг алтны 100 гаруй ордуудыг ашиглах ТЭЗҮ боловсруулснаар зөвхөн
нүүрсний экспортыг жилд 80.0 сая.тн-д хүргэх бодит нөхцөлийг
бүрдүүлжээ. Монгол
Улсын цахилгаан эрчим хүчний системийн статик, динамик тогтворжилт, эрчим
хүчний аюулгүй байдал, дулааны шугам сүлжээний оновчтой схем, автоматжуулалт,
чанарын тохируулгыг нэвтрүүлж гидравлик горимыг сайжруулах, нар, салхины эрчим
хүчийг цахилгааны үйлдвэрлэлд ашиглах үр дүнтэй судалгаа хийгдэж, шөнийн
цахилгааныг ашигласан дулааны нөөцлүүр бүтээж, инновацын шинэ бүтээгдэхүүн гаргав.
Малын арьс шир, ноос, ноолууран түүхий эдийн шинж чанарыг судлан тодорхойлох,
боловсруулах технологийн туршилт судалгааг явуулж, хэрэглэгчдийн хэрэгцээ
шаардлагад нийцсэн сайн чанарын бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг хангахын
зэрэгцээ экспортын хэмжээг нэмэгдүүлсээр байна
Түүх,
археологи, угсаатны зүйн судлаачид Монголын эрт, дундад, шинэ үеийн түүх,
сонгодог угсаатан судлал, нийгэм, соёлын антропологийн суурь судалгааг цогц байдлаар хөгжүүлж, “Монгол улсын түүх”
нэг, гурав, таван ботиуд, “Монголын эртний түүх” 5 боть, “Монголын эзэнт гүрний түүх” таван
боть, “Монголын угсаатны зүй”
гурван боть, “Монголын угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн” 11 боть, Монголын орчин үеийн түүхийн цуврал бүтээлүүдийг туурвиж,
эх түүхийн хэдэн арван сурвалж, олон
зуун баримт бичгүүдийг хэвлэн нийтэлж, судалгааны эргэлтэд оруулжээ. Монголынхоо
түүх, соёлыг дотоод гадаадад сурталчлах талаар томоохон дэвшил гарлаа.
Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг
тодорхойлж, Монгол угсаатан хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож,
Монгол Алтайд 2500 жилийн настай “мөсөн хүн”-ийг нээж, Хүннү судлалын төвийг
Монгол Улсад бий болгож, Жужан, Уйгар, Түрэгийн хаант улсын үеийн хот балгад,
Чингис хааны анхны нийслэл “Аураг балгас”, Монголын эзэнт гүрний нийслэл
Хархорум зэрэг эртний хотын судалгааг чанарын цоо шинэ шатанд гаргалаа.
Түүнчлэн түүх-соёлын 100 гаруй мянган дурсгалт газруудын мэдээллийн нэгдсэн
санг бүрдүүлж, эх орныхоо олон дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын
өвийн жагсаалт”-д бүртгүүлэх зэрэг үр дүнтэй ажлуудыг зохион байгууллаа.
Монгол улс,
монголчуудын түүх, соёлын өвийг гадаад ертөнцөд болон үндэсний хэмжээнд сурталчлах
зорилгоор томоохон хэмжээний үзэсгэлэнгүүд зохион байгуулж ирлээ.
Тухайлбал, “Хааны
эзэнт гүрэн - монгол” тусгай үзэсгэлэнг БНСУ-ын үндэсний музейд, “Чингис хааны тал нутаг: Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг Дани
улсын Үндэсний музей, Дани улсын Аархус
хотын Моосгард музейд тус тус 2018
онд, ОХУ-ын Санкт-Петербург хотод “Халх
гол-80” үзэсгэлэн, Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнд Монгол ховор ном судар үзэсгэлэнг 2019
онд тус тус зохион байгуулсан байна.
Хэл, утга зохиолын судлаачид сурвалж бичгийн судалгаа, монгол хэлний авиа зүй, хэл зүй, үгсийн
сан, толь бичиг судлал, нутгийн аялгуу, нэр томьёо судлалыг орчин үеийн хэл
шинжлэлийн онол, арга зүйн түвшинд судлан боловсруулж, олон шилдэг бүтээлүүд
туурвисны зэрэгцээ томоохон хэмжээний нэр томьёоны хийгээд тайлбар толь бичиг зэрэг
цуврал бүтээж, мөн цахим хэлбэрээр
нийтийн хүртээл болгожээ. Утга зохиол судлалын нэр томьёо жигдрэн хэвшиж, онол, түүх, шүүмж судлалд бодит ахиц дэвшил
гарч байна. Монголын утга зохиолын аман
ба бичгийн зохиолын харилцаа холбоо, Монголын нууц товчоо хийгээд Бурханы шашны
утга зохиол судлал, орчин үеийн уран зохиолын судалгаа тэргүүлэх чиглэлийн
хэмжээнд хийгдэж ирлээ.
Философичид
монголчуудын философи, нийгэм, улс төрийн сэтгэлгээний онол,
түүхийн асуудлыг тал бүрээс нь судалсан олон тооны бүтээл туурвисны зэрэгцээ орчин үеийн өрнө, дорнын философи,
монголын хөгжлийн бодлого, нийгэм, соёл иргэншлийн өөрчлөлтийг, социологичид
нийгмийн бүтэц, аж төрөх ёс, амьдралын хэв маягийн өөрчлөлтийн асуудлыг, улс
төр судлаачид монголын нийгмийн улс төрийн тогтолцоо, монгол дахь
ардчилал, ардчилсан засаглалын төлөв
байдлын үнэлгээ зэрэг олон ажлыг дотоод, гадаадын судалгааны эргэлтэд оруулжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн асуудлыг салбар
дундын судалгааны хэлбэрээр зохион байгуулах үйл ажиллагаа бодитой үр дүнд
хүрч, Монголчуудын шашин, соёл, ёс суртахуун, нийгмийн сэтгэл зүйн өргөн
хүрээтэй асуудлыг орчин үеийн онол, арга
зүйн үүднээс судлах ажил өрнөж байна.
Олон улсын харилцаа, гадаад бодлогын салбарын судлаачид Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг улс төр-дипломатын аргаар
хангах, гадаад бодлогын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинжлэх ухааны
үндэслэлийг боловсруулах чиглэлээр бодитой үр дүнд хүрлээ. Мөнхийн хоёр их хөрш
ОХУ, БНХАУ болон Гуравдагч хөрш орнуудтай тэнцвэртэй, харилцан ашигтай харилцаа
хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаа, интеграцид Монгол
Улсын оролцох боломж, арга замын асуудлыг судлан, Монгол Улсын гадаад бодлого,
орон судлалын үндсийг тавьж, төлөвшүүлэн хөгжүүлэх, сурталчлах ажил зохих төвшинд хийгдэж байна.
Салбар
бүрээр судалгаа, хөгжүүлэлтийн ажил ингэж
тодорхой үр дүнд хүрснээс гадна салбар дундын судалгааны томоохон
амжилтууд гарлаа. Одон
орон, хими, физик, математикийн болон анагаах ухааны салбарын эрдэмтэн судлаачдын
баг Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан
нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөр, 30 гаруй туршилт, судалгааг Оросын
эрдэмтэдтэй хамтран хийж, нислэгийн үеэр туршсаныг Та бүхэн сайн мэднэ. Химийн болон
Биологийн салбарын судлаачид Улаанбаатар
хотын Төв цэвэрлэх болон Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, улмаар шимт хөрс болгон ашиглах технологийн шийдлийг
боловсруулан нэвтрүүлсэн нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой ажил
боллоо. Хэл зохиол, математик тоон технологийн эрдэмтэд санаачлан бүх салбарын
эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим
тайлбар толь” бүтээж хэрэглээний эргэлтэд оруулахад бэлэн болгоод байна
Ийнхүү улиран одож буй жаранд Та бидний
хамтын хичээл зүтгэлээр бүтсэн судалгаа-хөгжүүлэлтийн ажлын үр дүн,
хуримтлуулсан туршлага, бий болгосон нөөц, бүрдүүлж цогцлоосон чадавх маань
хөгжилд хөтлөх айсуй жарны бодлого, зорилтоо итгэлтэй тодорхойлж, үр дүнтэй
хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангалаа.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи түүхийнхээ
нэгэн жарныг үдэхдээ хүн төрөлхтний мэдлэг ухааны сан хөмрөгт өөрийн гэсэн хувь
нэмэр оруулах, улс орныхоо хөгжлийн
тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвар бүхий, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
эрдмийн хүчирхэг байгууллага болон хөгжсөөр байгааг энэхүү хүндэт индрээс
бахархан тэмдэглэхэд таатай байна.
Гурав. Хөгжилд
хөтлөх жарныг эхлүүлэх ойрын ирээдүйн зорилт
Айсуй жарны
босгон дээр Монгол эх орон маань хөгжлийн цоо шинэ шатны гарааны шугамд ирээд
байна. Улсын хөгжлийн шинэ шатны гол хөшүүрэг, үндсэн даль жигүүр нь ногоон
хөгжлийн шаардлагыг хангасан ухаалаг технологи, үр өгөөжтэй инновац,
экоплатформд тулгуурласан судалгаа хөгжүүлэлтийн цогц бодлого, үйл ажиллагаа
болох нь эдүгээ нэгэнт тодорхой болжээ. Ийм шинэ нөхцөлд Монголын төрөөс дунд
болон урт хугацаанд баримтлах бодлогоо Монгол Улсад Аж үйлдвэрийн 4 дэх
хувьсгалыг үр өгөөжтэй өрнүүлэх, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг
хангах, “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх явдал
хэмээн багцлан тодорхойлсон билээ.
Тэгэхлээр энэ
цогц үйл хэргийг эрдэм ухаанаар түүчээлэн манлайлах нь Та бидний ирээдүйн
зорилго, зорилтуудын гол үзэл баримтлал, ноён нуруу болох учиртай. Энэ бүхнийг
эш үндэс болгож, Монгол Улсын ШУА хөгжилд хөтлөх шинэ жарныхаа бодлогын үзэл
баримтлалын чиг хандлага болоод ойрын 10 жилийн хөгжлийн төлөвлөлтийг дараах
байдлаар төсөөлж байгаагаа Та бүхний сонорт өргөн толилуулъя.
ШУА-ийн түүхийн
хоёр жарны зааг дээр манай төр засгаас шинжлэх ухаан, технологийн салбарт
хандах хандлагаа өөрчилж, эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, санхүүжилт,
хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны чадавхыг бэхжүүлэх, шинжлэх ухаанд, эрдэмтдээ итгэж ачаа үүрүүлэх
гэсэн сэдэл тэмүүлэл бий болж буйд манай салбарынхан гүнээ талархаж байгааг Их
чуулганыхаа хүндэт индрээс илэрхийлэхэд
таатай байна.
Монгол Улсын
Шинжлэх ухааны Академи цаашдаа ч эх орныхоо эрдэм шинжилгээний байгууллагууд,
эрдэмтэн судлаачдаа эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний шинжлэх ухааны төв
байгууллагын статусыг улам бүр бататган хадгалж, улс орныхоо эрчимтэй хөгжлийг
түүчээлэн хөтлөгч байхын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно. Үүний
тулд:
Нэгдүгээрт, санхүүжилтийн олон эх үүсвэрт, найдвартай, уян хатан, үр
өгөөжтэй механизмыг салбарын хэмжээнд бүрдүүлэх
шаардлагатай байна. Шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүүжилтийн
дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн
баримт бичигт 2025 он гэхэд 2.5 %, Төрөөс
шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогод 1 %-д хүргэхээр тусгасан заалтыг бодитой хэрэгжүүлэх нь энэ зорилт
хэрэгжих гол нөхцөл болно.
Үүний
зэрэгцээ эрдэм
шинжилгээний байгууллагын улсын төсвөөс хэт хараат байдлыг багасаж, олон эх
үүсвэр, түүний дотор гадаад, дотоодын эх үүсвэрээс нэмэлт санхүүжилт, орлого
олох, түүнийг захиран зарцуулах, төсвийн хөрөнгөөр бүтээгдэхүүн, үйлчилгээ
худалдан авах сонгон шалгаруулалтад оролцох зэрэг санхүү, бодлого эрхзүй,
менежментийн асуудлыг цогцоор нь шийдэх
хэрэгтэй байна.
Энд нэг талаас,
төр засгийн тууштай, бодитой дэмжлэг, нөгөө талаас эрдэм шинжилгээний
байгууллага, эрдэмтэн судлаачид Та бидний идэвх чармайлт туйлаас чухал болно.
Хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн салбар бүхэлдээ, түүний дотор
ШУА-ийн цаашдын ажил үйлс юуны өмнө хүний нөөцийн хэмжээ, чадавх, түүнийг үр
өгөөжтэй ашиглах нөхцөл боломжоос шууд хамаарах болно. Чухам иймээс энэ чиглэлээр бидний нэн даруй анхаарах
гол асуудал бол нэг талаас, эрдэм
шинжилгээний ажилтны нийт орон тоог нэмэгдүүлэх замаар төрөөс Шинжлэх ухаан,
технологийн талаар баримтлах бодлогод заасан
2025 он гэхэд 3000 ЭША-тай болох заалтыг хэрэгжүүлэх, чингэхдээ шинжлэх ухаан,
технологи, инновацын тэргүүлэх чиглэлээр залуу боловсон хүчнийг бодлогоор
бэлтгэх, нөгөө талаас, Засгийн газрын баталсан орон тоо, төсвийн
хязгаарт багтаан ШУА болон харьяа хүрээлэнгүүд бие даан хүний нөөцийн менежментээ
хийх эрх зүйн боломж бүрдүүлэх явдал нэн чухал юм. Эл хоёр арга хэмжээг өөр
хооронд нь нягт уялдуулан хэрэгжүүлж чадвал залуу судлаачдыг тогтвортой дэмжин
хөгжүүлэх, гадаадад байгаа өндөр мэдлэг чадвартай шилдэг хүний нөөцийг Монголд
эргүүлэн авчрах замаар гадагшаа чиглэсэн тархины урсгалыг эргүүлэх орчин бий
болно гэж үзэж байна.
Зөвхөн
шинжлэх ухааны салбарт төдийгүй үйлдвэрлэл, бизнесийн салбар дахь судлаачдын
тоог нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг хангах шаардлагатай тул Монгол улсад
технологийн багтаамжтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх судлаач-хүний нөөц, зохион
бүтээгч инженерүүдийг бэлтгэхэд манлайлан оролцохыг бид чухалчилна.
Гуравдугаарт, лабораторийн багаж, тоног төхөөрөмж, урвалж
хэрэглэгдэхүүний хангамж, хүрэлцээг олон улсын жишигт ойртуулан сайжруулах нь шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн
ирээдүй өөдрөг байх нэг гол хүчин зүйл юм. Иймд давын өмнө шинжлэх ухаан
инновацын төвийн кластерийг түшиглэн
судалгааны толгойлох лабораториудыг бэхжүүлэх ажлын хүрээнд олон жилээр хоцорч буй лабораторийн тоног төхөөрөмж шинэчлэх
зориулалтаар нэг удаа даацтай хөрөнгө оруулалт хиймээр байна. Мөн шинжлэх
ухаан, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг 3 жилийн өмнөөс төлөвлөдөг болох,
цаашдаа ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн лабораторийг их сургуультай хамтран
ашиглах, эрдэм шинжилгээний ажилтныг их сургуулийн магистрантур, докторантурын сургалтын ажилд оролцуулах, хүрээлэн дээр их
сургуулийн түшиц тэнхим бий болгох, улмаар ШУА-д ахисан түвшний сургууль
байгуулах асуудлыг шийдэж чадвал бий
болсон хүний болоод материаллаг нөөцийг үндэсний хэмжээнд нэгдсэн бодлогоор
зохистой ашиглах тогтолцоо эрс сайжирна гэж үзэж
байна.
Дөрөвдүгээрт, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн
тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өгөөж, үр дүнгээ бодитой өгч чаддаг болсон тэр
цагт л шинжлэх ухаан, технологийн салбарынхны ажил үйлс зохих ёсоор үнэлэгдэнэ
гэдгийг бид сайн ойлгож байна. Энэ бол эцсийн дүндээ эрдэм
мэдлэг, оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, үнэлэмжийн тухай асуудал юм. Тийм болохоор шинжлэх
ухаан, судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах,
дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор ШУА-ийн хүрээнд
дундын оффис, бизнес инкубатор, технологийн бирж зэрэг инновацын дэд бүтцийг
байгуулж, гарааны компани хөгжүүлэх, технологи нутагшуулах, оюуны өмчийг
хамгаалах, инновац нэвтрүүлэх ажлыг шинэ түвшинд гаргах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах,
түүнийг үнэлэх харилцааг сайжруулж, технологи дамжуулах эрх зүйн орчин, арга
замыг боловсронгуй болгох олон асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө
ажиллах нь бидний хойшлуулшгүй зорилт болж байна. Энд юуны өмнө, төр-шинжлэх
ухаан- бизнесийн үр өгөөжтэй, ажил
хэрэгч түншлэл нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэе.
Тавдугаарт, их
өгөгдөлд суурилсан үндэсний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, түүнийг эрдэм
судлалын болон эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулах нь салбарын хөгжлийн
шийдвэрлэх хүчин зүйл болж байна. Ийм нөхцөлд “Цахим үндэстэн” болох төрийн
бодлогын хүрээнд шинжлэх ухааны
салбаруудаар өгөгдлийн сангууд бүрдүүлэх, олон улсын чиг хандлагад нийцүүлэн
судалгааны хэрэгцээ, тэргүүлэх чиглэлээ тогтоох, экосистем ба хүний эрүүл
мэндийн хоорондын хамаарлын талаарх өгөгдөхүүнийг цуглуулах, дүн шинжилгээ
хийх, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр бий болсон үр дүнг янз бүрийн соёлын
хүрээнд хуримтлагдсан уламжлалт мэдлэг, технологийн үр дүнтэй харьцуулан
судлах, хослуулан хэрэглэх зэрэг асуудлуудаар судалгаа, хөгжүүлэлтийн ажлын
баазыг бэхжүүлэх, салбар дамнасан болон салбар дундын
судалгааг хөгжүүлэх нь энэ чиглэлээр бидний хийх ажлын гол чиг шугам байх
болно.
Зургаадугаарт, ажилтан
албан хаагчдынхаа нийгэм, сэтгэл зүйн асуудлыг өнөөгийн шаардлагын төвшинд
анхаарч ажиллах нь шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн шийдвэрлэх
хүчин зүйл мөн гэдгийг нухацтай авч үзэх цаг болсон байна. Энд 5 гол асуудал байна гэж олон улсад хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Үүнд
сонирхолтой судалгаа, орчин үеийн тоног
төхөөрөмж, боломжийн үнэтэй орон сууц, хүрэлцээтэй цалин болон нийгмийн тухтай орчин
ордог байна. Асуудал тус бүрийн багц дотроо эзлэх хувийн жин, эрэмбэ дараалал
улс орныхоо хөгжлийн түвшнээс хамаараад өөр өөр байх нь ойлгомжтой боловч манай
улсын тухайд бүгд л тэргүүн зэргийн ач холбогдолтой болчихоод байгаа юм.
Тухайлбал, эрдэм шинжилгээний ажилтны цалин төрийн өмчийн их
сургуулийн багш нарын цалингаас багагүй байх тохиолдолд л хүний нөөцийн
тогтвортой хөгжил хангагдана, тоног төхөөрөмж орчин үеийн байж байж л сонирхолтой
судалгаа хийгдэнэ гэх мэт. Гэхдээ л бид
энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө
ажиллахаас өөр аргагүй юм.
Бид энд дурдсан
зорилтуудыг хэрэгжүүлснээр Монгол Улсын
ирээдүйд чиглэсэн экспортын бүтээгдэхүүнийг бий болгох, электроник, химийн
болон боловсруулах аж үйлдвэрийн суурийг тавих, монгол орны
ургамлан нөмрөгийг хамгаалах, ургамалжлын талхагдал, цөлжилтийг
сааруулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах,
зохистой ашиглах, уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлээд
байгаа “Нэг
тэрбум мод” үндэсний
хөдөлгөөний шинжлэх ухааны агууламжийг өндөр хэмжээнд хангах, хиймэл оюун ухаан, мэдээлэл-холбооны
технологи, роботжуулалт, биотехнологи, сансрын технологи ашиглах судалгааг
түлхүү хөгжүүлэх, даяаршиж буй ертөнцөд өөрийн байр сууриа эзэлж, үндэсний
сэтгэлгээ, хэл бичиг, утга зохиол судлалын уламжлал, шинэчлэлийг хослуулан
хөгжүүлэх, түүх, соёл, зан заншлынхаа дангааршлыг хадгалах чадавхаа бататгах
зэрэг улсынхаа хөгжлийн ойрын ирээдүйг
тодорхойлох үйл хэргийн манлайлагч байж чадах болно.
Эрдэм
ухааны хүч чадал, ач буяныг төр эрхэмлэн түшиж, төрийн дэмжлэг, өгөөж хишгийг
шинжлэх ухаан хүртэж байж улс орон
цэцэглэн хөгждөг жам ёсыг тооцон, угтах жарны эрдэм оюуны салбарын хөгжлийн гол шаардлагыг миний бие ийнхүү төсөөлж, бидний ажил үйлсийн
гол зорилгыг тодорхойлон Та бүхэндээ танилцууллаа.
Номын
нөхөд эрхэм хүндэт Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны
байгууллага байгуулагдсаны 100 жилийн хүрээнд тэмдэглэж буй Шинжлэх ухааны
Академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан шинэ эрч хүч, бүтээх урам
зориг, ажлын өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, аз жаргалтай байж, эрдэм
номын эхлэл төгсгөлгүй их аяндаа арвин их олз омогтой байхын өлзий дэмбэрэлтэй
ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмний маань ухааны мэлмий ямагт цэлмэг байх болтугай