Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА Унгарын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй санамж бичиг байгууллаа
 ШУА Унгарын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй санамж бичиг байгууллаа

Монгол улсын ШУА, Унгарын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Унгарын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Хорват Лугосси Габор  нар өнөөдөр /2021.07.01/тус санамж бичгийг үзэглэлээ.

 Хамтын ажиллагааны зорилго нь Унгар, Монголын түүх соёлтой танилцах, судлах явдал юм.  Хамтын ажиллагааны хүрээнд талууд археологи, археогенетик, түүх, хэлний түүх, угсаатны зүй, ардын хөгжим болон бусад чиглэлээр хамтарсан судалгааны хөтөлбөрүүд эхлүүлэх юм байна. Мөн бие  бие биенийхээ мэргэжлийн хөтөлбөрүүдэд туслах, харилцан туслалцаа үзүүлэхэд оршиж байна.

Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд  Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обружански, Унгар судлалын хүрээлэнгийн Археологийн төвийн захирал Маколди Миклош, монгол талаас    ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Археологийн хүрээлэн захирал Г.Эрэгзэн нар байлцлаа.

Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл  “Шинээр томилогдсон элчин сайдын Монгол судлалын туршлага болон идэвхи зүтгэлээр томоохон ажлууд хэдийнэ эхлээд явж байгаад баяртай байна. Энэ жил манай шинжлэх ухааны байгууллага байгуулагдсны 100 жил, ШУА байгуулагдсны 60 жил тохиож байгаад бид давхар бэлэгшээж байна.1961 онд анхны Унгар судлаач монголд малтлага хийсэн байдаг. Нэг жарны дараа дахин малтлага эхлүүлж, бидний хамтын ажиллагааг улам идэвхижүүлж байгаа та бүхэнд  талархал илэрхийлье” гэлээ.

Унгарын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Хорват Лугосси Габор: Бидний айлчлалын хүрээнд  "Бэлхийн амны хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа" нээлт, хамтын ажиллагааны гэрээг үзэглэх  2 том үйл ажиллагаа үр дүнтэй, түргэн шуурхай болж байгаад талархаж байна. Манай хүрээлэнгээс Унгар монголын судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний сэтгүүл гаргахаар төлөвлөж байна.  Судалгааны бүх салбарыг хамарсан хамтарсан эрдэм шинжилгээний сэтгүүл байх юм. Энэ дашрамд хэлэхэд манай хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Угсаатны зүйн сэтгүүл” нь олон улсын энэ салбарын хамгийн том сэтгүүл учраас  бид сэтгүүл эрхлэн гаргах арвин  туршлагатай гэж үзэж байна” гэсэн юм.

Элчин сайд Борбала Обружанскигийн хувьд өмнө нь ШУА-д айлчилж дээрх асуудлаар санал солилцож байсан. Энэ удаа тэрбээр “Ирэх 11-р сард  хийхээр төлөвлөж байгаа 2 улсын ШУА-ийн хамтарсан “Шинжлэх ухааныг сурталчлах өдөрлөг”-ийн үеэр энэхүү санамж бичигт тусгагдсан олон ажил, ажил хэрэг болж ярих үр дүн ихтэй байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.    

 


Бусад мэдээлэл