Азийн ШУ-ны зөвлөлийн
20 дахь их хурал “Шинэ материалын эрин үе: Тогтвортой нийгэмд
зориулсан инноваци”сэдвээр зохион байгуулагдаж байна.
Тус их хурлыг өнөө жил Хятадын Шинжлэх ухаан технологийн хороо Гуанжу хотноо 5-р сарын 13-15-ны өдрүүдэд онлайн болон тэнхимийн хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Хурлын эхний өдөр удирдах зөвлөлийн хэсгийн цахим уулзалт боллоо. Тус уулзалтад ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл зөвлөлийн гишүүний хувьд оролцож чуулганаас гарах тунхаг бичгийн төсөлд санал солилцсон байна. 20 дугаар их хурал нь 4 салбар хуралдаанаар, хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд энэ үеэр шинэ материалын технологи, инноваци, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм.
Тус зөвлөлийн 11 дэх их хурлыг 2011 онд Монгол улсын ШУА нь Японы ШУ-ны зөвлөлтэй хамтран
Улаанбаатар хотод “Ази дахь газрын
доройтолттой тэмцэх нь” сэдэвтэй зохион байгуулж
байжээ.
Азийн ШУ-ны зөвлөл нь Азийн орны шинжлэх ухааны академиуд болон бусад орнуудын үндэсний
шинжлэх ухааны байгууллагууд 2000 онд нэгдэж байгуулсан олон улсын эрдэм
шинжилгээний байгууллага юм. Тус байгууллага нь соёл, нийгмийн болон
байгалийн шинжлэх ухаан, технологи зэрэг бүх салбарын эрдэмтдэд Ази дахь шинжлэх ухааны солилцоо,
хамтын ажиллагааг дэмжих хамтын ажиллагааны платформыг бий болгох, тогтвортой
хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц алсын харааг боловсруулж
сурталчлах зорилготой юм.
Энэ хүрээнд зөвлөлийн гишүүн байгууллагуудын судалгаа
шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор гишүүн байгууллагуудын
хамтарсан төсөл хэрэгжүүлэх, мөн Азийн ШУ-ны зөвлөлийн их хурлыг гишүүн
орнуудад хуваарийн дагуу жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Ингэснээр гишүүн орон бүр тус зөвлөлийн үйл
ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулах боломж бүрддэг юм байна.