Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ ХЭЛНИЙ ЭХ БАЯЛГИЙН ХАМТАРСАН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛНА
МОНГОЛ ХЭЛНИЙ ЭХ БАЯЛГИЙН ХАМТАРСАН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛНА

Бээжингийн Хэл Соёлын Их Сургуулийн Хэлний Эх Баялгийг Өндөр Түвшинд Нарийвчлан Судлах Инновацын Төв, ӨМӨЗО-НЫ Зүүн Хойд Азийн Хэлний Эх Баялгийн Төв болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа  өргөжүүлж, шинэчилсэн хэлэлцээр хийлээ. 

Энэ хүрээнд  Бээжингийн хэл соёлын их сургуулийн хэлний эх баялгийн төвийн захирал Ли Юумин, Монгол улсын ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нар санамж бичиг байгуулж өнөөдөр үзэглэлээ.

Инновацын төв, Хэлний эх баялгийн төв, МУШУА нь Монгол хэлний эх баялгийн байгуулалт, Монгол улсын төрийн хэлний бодлогын судалгаа, Алтай язгуур хэлний судалгаа зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд хамтарч ажиллана. Үүнээс гадна монгол хэлийг багтаасан дэлхийн олон хэлний эх баялгийг бүрдүүлэх, хамгаалах, боловсруулан ашиглах,  их  хэмжээний өгөгдөл, үүлэн тооцоолол зэрэг дэвшилтэт технологийг ашиглан судалгааг шинэ түвшинд хүргэж, судалгааны эх баялгаа хамтран ашиглаж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор энэхүү гэрээг байгуулжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Монгол хэлний эх баялгийн хамтарсан лаборатори байгуулах
  • Монгол Улсын Үндэсний цахим сан байгуулах
  • Монгол хэлний төлөвлөлт болон хэлний бодлогын судалгаа хийх
  • Хятад, Монгол, Орос, Япон зэрэг олон хэлний нэр томьёоны цахим сан байгуулах
  • Монгол хэлний нутгийн аялгууны цахим газрын зураг хийх
  • Хэл судлалаар үндэс болгож, эдийн засаг соёлын хүрээнд судалгаа хийх.

Улмаар Монгол хэлний эх баялгийн хамтарсан лабораторио түшиглэн эрдэм шинжилгээний ажилтан болон энэ чиглэлээр суралцаж буй  оюутнуудыг харилцан солилцож сургалтад хамруулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. Монголын  тал тэтгэлэгт (scholorship)-т хамрагдах хүсэлт гаргавал Хятад тал туслалцан оролцоход бэлэн байгаа бөгөөд Монгол талын сонгон шалгаруулалтын шаардлага хангасан бакалавр, магистр, докторуудыг Бээжингийн хэл соёлын их сургууль болон Өвөр Монголын их сургуульд хэлний чиглэл болон холбогдох мэргэжлээр суралцуулах юм байна.   


Бусад мэдээлэл