Вэбсайтын цэс
Хэлний сонголт
У.ХҮРЭЛСҮХ: "УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖ, ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫНХАА ҮГИЙГ СОНСОНО" ГЭВ
У.ХҮРЭЛСҮХ: "УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖ, ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫНХАА ҮГИЙГ СОНСОНО"  ГЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж энэ салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов.

Хэдийгээр ололт амжилт байгаа ч эрдэмтэн судлаачид ихэвчлэн цалин, хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа.

Засгийн газар Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлж байх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, өв соёл, уламжлалд суурилсан соён гэгээрүүлэх ажил өрнүүлж монгол судлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны, тогтвортой бодлогогүй, сахилга хариуцлага, дэг журам алдагдсан нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлсөн гэж үздэгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Цаашид эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажиллах зайлшгүй шаардлага Монгол Улсын Засгийн газарт байгааг хэллээ. Иймээс ирэх есдүгээр сард улсын зөвлөгөөн зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар шийдсэнээ Ерөнхий сайд хэллээ. 

Монгол улсын Ерөнхий сайдтай эрдэмтэн судлаачид уулзах үеэр академич Д.Дашжамцын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Улсын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлд шинжлэх ухааны асуудлыг аваачих хэрэгтэй байна

Нэгд. Шинжлэх ухааныг улсын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлд оруулахын тулд  шинжлэх ухаан гэж юу юм бэ? гэдэг асуулт гарна. Үүнийг бодлого боловсруулагчид маш сайн төсөөлөх хэрэгтэй байна. Шинжлэх ухаан бол мэдлэг олж авахад чиглэгдсэн хүмүүсийн бүтээлч үйл ажиллагаа (нэгд), амьдарлаар батлагдсан мэдлэгийн тогтолцоо(хоёр) гэдэг. Шинжлэх ухаан бол бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь нягт холбоотой статик төлөв (хуримтлагдсан мэдлэгийн нийлбэр) болон хөдөлгөөний хэлбэрээр(ШУ-ны судалгаа) буюу динамик гэсэн хос төлөвт оршиж байдаг зүйл.

Шинжлэх ухааны танин мэдэхүй бол өргөн утгаараа объектив, үнэн мэдлэгийг олж авах үйл явц юм. Ийм учраас улс орнуудад орчин үед Шинжлэх ухаан судлал гэдэг салбар шинжлэх ухаан хөгжиж байна. Шинжлэх ухаан өөрөө судалгааны объект болсон. ШУ-ны танин мэдэхүй гэж юу вэ? гэвэл энэ бол идэвхтэй сонголт, идэвхитэй ажиллагааны үйл явц, мэдээллийн өөрчлөлтийн дэвшилт хэлбэр гэж тодорхойлж байна.

Аливаа улсын шинжлэх ухааны зорилго нь объектив ба субектив ертөнцийн мөн чанарыг тайлж таньсан мэдлэг бүтээх, бодит үнэнийг ухааран итгэл үнэмшил, хэрэгцээ болгох явдал байдаг. Яагаад би үүнийг нуршаад байна гэвэл манай улсын улс төрчид үүнд нэг их сайн ач холбогдол өгдөггүй.

ШУ-ны өмнө ямар зорилтууд дэвшигдэж байна вэ? Үүнийг хамгийн энгийнээр илэрхийлбэл:

1.      баримт , материалуудыг бүрдүүлэн хураах, тодорхойлох, шинжлэн нягтлах, өргөтгөн ерөнхийлөх;

2.      сав ба шим ертөнцийн , нийгэм, танин мэдэхүйн хуулиудыг илрүүлэн нээх;

3.      үзэгдэл үйл явцуудын талаар цуглуулсан мэдлэгүүдийг цэгцлэн багцалж мөн чанарыг нь нээн тайлбарлах;

4.      мэдлэгээ практик үйлд ашиглах хэлбэр, аргачлал, чиглэлүүдийг тогтоон бататгах явдал байдаг.

Иймд шинжлэх ухааны байгууллагын үндсэн үүрэг зорилтуудыг ойлгож хандах, түүнийг төр засгийн нэн тэргүүний анхаарал, халамжид оруулах асуудал болж байна.

Монгол улсын шинжлэх ухааны салбарын бүх чиглэлд хуримтлагдсан мэдлэгийг идэвхитэй хэрэглээнд оруулах нь шинжлэх ухааны байгууллагын  төдийгүй төр засгийн байгууллагуудын тулгамдсан асуудал болоод байгаа учир хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Тодорхой хэлбэл УИХ, засгийн газраас ШУ-ны байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын бодлогдоо өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтыг дотодын нийт бүтээгдэхүүний ядахдаа 2 хувьд хүргэх бололцоо бол манай улсад байгаа юм.

Хоёрт.Бодлого үйл ажиллагаандаа шинжлэх ухааны сэтгэлгээгээр хандах асуудал төрийн ба засгийн байгууллагуудын бүх шатны удирдах хүмүүсийн өмнө тавигдаж байгаа онцгой шаардлага юм. Шинжлэх ухааны сэтгэлгээгээр хандана, судлана гэдэг нь ирээдүйг өнгийн харж эрэл хайгуулын судалгаа явуулна гэсэн үг юм.

Ямарч шинжлэх ухааны судалгаа, бүтээлч сэтгэлгээнээс эхлээд судалгааны үр дүнг  эцсийн байдлаар хэлбэршүүлэн томьёолох хүртэл хувь хүнээр дамжин явагддаг. Иймээс шинжлэх ухааны салбарт ажиллаж буй цөөн хүнийг засгаас онцгойлон анхаарах шаардлагатай болжээ. Цалин бага учир өндөр хөгжилтэй оронд бэлтгэгдсэн залуу эрдэмтэд ирэхгүй байна. Урд нь Хар хүч”(ажиллах хүч) гадагшаа урс ч байсан бол одоо Монгол тархи гадагшаа урсч байна.

Гуравт. Шинжлэх ухааны судалгаа бол зорилготойгоор танин мэдэх үйл явц гэдэг. Дараах онцлогтой байдаг юм байна. Үүний тулд яах ёстой юм бэ?Үүнд:

1.      ШУ-ны судалгаа заавал чиглэсэн зорилготой байх үйл явц. Үр дүн нь тавигдсан зорилтуудаараа илэрхийлэгдэж байдаг. Ямар зорилготой дэвшүүлж тавихыг ШУ-ны байгууллагадаа хариуцуулж нягт хамтран ажиллах нь засгийн газрын шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын чухал хэсэг мөн.

2.      ШУ-ны судалгаагаа бүтээлч шинэ санааны эрэл хайгуулд чиглэгдэн үл мэдэгдэхийг илрүүлэх, бүтээлч санааг дэвшүүлэх, авч үзэж буй асуудлыг шинээр илэрхийлэх процесс. Ийм чимхлүүр ажлыг гүйцэтгэх хүмүүсийг тусгайд нь бэлтгэж бойжуулах асуудал төр, засгийн бодлогын хэмжээнд байх ёстой.  Энд ШУ-ны ажилтны цалин нийгмийн хамгаалалт туйлын доогуур байгаа өнөөгийн нөхцөлд хэрэгжих боломжгүй , судлаачдын залгамж үе тасалдахад хүрээд байгааг анхаарах ёстой. Үүний тулд бүгдийг биш гэхэд зарим түгээмэл биш мэргэжлийн судлаачдын залгамж үеийг ШУА-ийн харъялалд байсан Улаанбаатар их сургуулийг буцаан ШУА-ийн харъяанд оруулах асудлыг авч үзэх шаардлагатай байгаа юм. Ийм туршлага гадаад орнуудад бий. Зарим тодорхой салбарын мэргэжжилтнүүдийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагаас гадна салбарын яамны хамтарсан удирлагатай байлгахыг үгүйсгэх аргагүй юм.

3.      Шинжлэх ухааны судалгаа бол системчлэгдсэн байдлаар тодорхойлогдох ба судалгааны үйл явц , үр дүн системчлэгдэх ёстой. Энэ нь судалгаанд тогтвортой, төрийн санхүүжилт хийгдэж, судлаачдыг бэлтгэх, шинжлэх ухааны материаллаг баазыг бэхжүүлэх, залуу судлаачдыг тогтвор суурьшилтай ажиллуулж байж үр дүнд хүрэх болно.

4.      Судалгааны үр дүнгээр гарсан дүгнэлт, хийсэн тайлбар, үндэслэлтэй нотлогдсон байх ёстой. Энэ нь судалгааны ажил хангалттай урт хугацаатай, үйлдвэрлэл, практик дээр туршигдсан байхыг шаарддаг. Одоогийн БСШУСЯамны баримталж буй бодлогоор суурь судалгааны сэдэвт ажлууд нь маш бага зардалтай, 1-2 жилийн хугацаатай хийгдэж байгаа нь үр дүн хүлээхэд хүндрэлтэй болгож байна.

Дөрөвт.Засгийн газрын хувьд нийгэм, эдийн засгийг удирдахдаа ямагт тэнцвэрийн тухай хуульд захирагдахуйц бодлоготой байхыг чухалдаг.Ийм учраас засгийн газруудыг тогтвортой ажиллуулах нь улс орны хөгжлийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл болж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Улс төрчдийг сургаж хүмүүжүүлэх шаардлага урган гарч байгаа боловч энэ нь шинжлэх ухааны байгууллагын асуудал биш юм. Гэхдээ шинжлэх ухааны хөгжлийг сааруулхад улс төрчид их нөлөөтэй байгааг хэлэх гэсэн санаа юм.

1561-1626 оны үед амьдарч байсан Английн нэрт эрдэмтэн физикч, гүн ухаантан Бекон ШУ бол байгалийг захирах боломжийг олгох ба үйлдвэрлэлийн нөөцийг нэмэгдүүлж амьдарлыг сайжруулна гэж үзэж байсан. Үүнийг өнөөгийн хөгжилтэй орнуудын Япон, Сингапур, Израиль зэрэг орнуудын туршлага харуулж байна. Бекон боловсролын гол зорилго бол их хэмжээний мэдлэг хуримтлуулахад биш, тэдгээрийг ашиглаж сургахад оршнино гэж хэлж байсан. Энэ бол өнөөдөр манай боловсролын системд хэрэгжүүлэх системтэй бодлого чухал юм.

Тавд.Монголчууд дэлхийн шинжлэх ухааны хөгжилд өөрийн ул мөрийг үлдээсэн улс. Хүннү удмын алдарт эмч Авецинна (Ибн Сина) 800 гаруй жилийн өмнө Өвчин бүхний үндэс нь өмхий үнэр гэж бичиж байсан байх юм. Өнөөдөр Улаанбаатар чууд зундаа өмхий үнэрт, өвөлдөө утаанд  хичнээн их хордож энэ нь үр удамд нь нөлөөлж эхэллээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар энэ асуудал шийдэгдэхэд ойртож байгаа нь бага ч гэсэн илтгэл төрүүлж эхэллээ.

Оросын нэрт зохионбүтээгч –усан техникч Сердюков буюу Эмгэний Борной усны эрчим хүчийг ашиглан Орос орны хөгжилд хичнээн их гавьяа байгуулныг Аугаа их Петер хаан үнэлэн үе удмаар нь дээд зиндаанд хүндлэх зарлиг буулгаж байсан.

Манжийн хааны ордонд ажиллаж байсан Монголын их эрдэмтэн Мянгатын одон орон, математикийн суут бүтээлүүд дэлхийн суутнуудын зиндааны (математикч Эйллер гэх мэт) хүн байсныг Япон, Солонгосын судлаачид баталдаг. Энэ бүхэн бол монгол хүнд хөгжүүлж дэмжиж тусалбал боломж байгааг хэлж байна.

Иймд дээр дурьдсан Беконы хэлсэн Шинжлэх ухаан -Аугаа их хүч гэдэг алдарт үгийг монголын төр, засаг ашиглах ёстой. Энэ бол манай засгийн бодлогын чухал хэсэг байх ёстой гэж үзэж байна.

Манай улсад ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш ШУ-ны байгууллага, эрдэмтэдийг өөд татах дорвитой шийдвэр гарсангүй удлаа. Засаг солигдох бүрд дордсоор, төсвийг нь танасаар, хүрээлэнгүүдийг газарт оруулсаар  ирлээ. Салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд маш цөөрсөн. Ихэнх нь санхүүжилтгүйгээс хаагдсан. Үлдсэн цөөн хэд нь амиа аргацаах төдийн байна. 

Төгсгөлийн оронд.Монголын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэд маш хүнд байдалд байна.Энэ байдалд ерөнхий сайд таныг шийдвэртэй арга хэмжээ аваасай гэж хүсэж байна.

Ингээд өөрийн үгийг эрт үеийн дорнын  нэгэн мэргэн хүний хэлсэн үгээр төгсгөе.

Сайн тариа авахыг хүсэгчид хавраас үрийг базаа!

Сааль сүү авахыг хүсэгчид өвлөөс үнээгээ тэжээ!

Сайн ном сурахыг хүсэгчид залуугаас эрдмийг хичээ!

Сац гурвуул үрийг амсахын шалтгаан буйзаа.

Шинжлэх ухааны байгууллага , ажилтнуудаас сайн үр хүлээж авахын тулд тэднийг сайн тэжээ, эрдэм мэдлэгийг нь дээшлүүл, материаллаг баазыг нь сайжруул гэсэн үг. Ингэвэл үрийг амсах буйзаа.

Шинжлэх ухааны хөгжүүлье, эрдэмтэдээ дэмжье гэсэн өөдрөг сэтгэл өвөрлөн ирсэн ерөнхий сайд танд баярлалаа. Танд амжилт хүсье! 


Бусад мэдээлэл