Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОХУ-ЫН ГАЗАР ЗҮЙН НИЙГЭМЛЭГИЙН ДЭЭД ШАГНАЛЫГ АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВТ ОЛГОЛОО
ОХУ-ЫН ГАЗАР ЗҮЙН НИЙГЭМЛЭГИЙН ДЭЭД ШАГНАЛЫГ АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВТ ОЛГОЛОО

ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олгов.

ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн их сургуулийн Газар зүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов тэргүүтэй төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирж, өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Энэхүү шагналыг газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад хоёр жилд нэг удаа олгодог бөгөөд академич Д.Доржготов Ази тивээс хүртэж буй хоёр дахь эрдэмтэн болж байна хэмээн ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Н.С.Касимов онцолсон. Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ.

Академич, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг Москвагийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн анхны гурван хүний нэг юм. 
 

Тэрбээр Монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж,хөрсний ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн эрдэмтэн юм.  

Академич Д.Доржготов Монгол орны бүх нутгийг хамарсан хөрсний хээрийн судалгаа хийж “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож (1974) хэвлүүлсэн ба түүнээс хойш ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг арга зүйн шинэлэг түвшинд ахин боловсруулж хэвлүүлсэн (1980) төдийгүй сансраас авсан фотоматериалыг анх удаа хөрсний зураглалын судалгаанд ашиглан “Монгол орны хөрс ашиглалтын 1:1000000 масштабтай зураг” зохиож хэвлүүлсэн нь (1981) шинжлэх ухаан, практикийн ач холбогдолтой содон бүтээл болсон хэмээн үнэлж байна.

Эдгээр зургуудыг үндэслэн сургалт, танин мэдэхүйн зориулалтаар Монгол орны хөрсний 1:2500000, 1:3000000, 1:5000000, 1:500000 масштабтай зургууд болон хөрсний ялзмагжилт, давсжилт, урвалын орчин, эвдрэл, доройтол, чулуурхаг шинж, агроүйлдвэрлэлийн бүлэглэл  зургуудыг зохиож нийтийн хүртээл болгожээ. Ийнхүү Монголд газрын хөрсний жижиг масштабын зураглалын асуудлыг бүхэлд нь шийдвэрлэжээ. 


Бусад мэдээлэл