Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МИКРО ХИЙМЭЛ ДАГУУЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ШИНЖЛЭХ УХААН, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУДАД ҮР АШИГТАЙ АШИГЛАХ БОЛОМЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
МИКРО ХИЙМЭЛ ДАГУУЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ШИНЖЛЭХ УХААН, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУДАД ҮР АШИГТАЙ АШИГЛАХ БОЛОМЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улс зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх, улмаар уг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх зорилготойгоор МУИС  ШУА-тай хамтран “Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” хэлэлцүүлгийг 2018 оны 1 дүгээр сарын 30-нд зохион байгууллаа.Энэхүү хэлэлцүүлгийн өмнө 1 дүгээр сарын 5-нд Одон орон геофизикийн хүрээлэнд урьдчилсан хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр Монгол улсад Сансрын салбарт төрөөс баримталж байгаа бодлого, Сансрын технологийн хэрэглээ, өнөөгийн түвшин, өндөр нарийвчлалтай тандан судалгааны мэдээ хэрэглэх шаардлага, салбаруудын хэрэглээ, микро хиймэл дагуулын техникийн боломж, түүний хэрэглээ  сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ООГФХ-ийн захирал  Дэмбэрэл “Том урт хугацааны төсөл нь манай улсад  хэрэгжихэд асуудалтай байдаг. Иймд том хиймэл дагуул хийх нь эрсдэлтэй бага зэрэг тогтворгүй байж болзошгүй. Тиймээс 1 дүгээр сарын 30-ны хурлаар нэгдсэн зөвшилцөлд хүрч улмаар 3 дугаар сарын 22-нд Сансрын үндэсний 1-р чуулган зохион байгуулах, 4 дүгээр сарын 12-нд сансрын нисгэгчийн баярыг тохиолдуулан “ Сансрын үндэсний зөвлөл”-д тандан судалгааны салбарын байгууллагуудыг оролцуулж зөвлөлийг өргөтгөх талаар ярилцана” гэдгийг онцолж байв.  

Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай” өнгөрсөн оны 6 дугаар сарын 04-нд дэлхийгээс хөөрч, 7 дугаар сарын 07-ноос задгай сансарт чөлөөлөгдөн тойрог замд орсон. Ингэснээр Монгол хүний гараар бүтсэн төхөөрөмж улсынхаа нэрийг сансарт бичсэн түүхэн үйл явдал тохиосон. Хиймэл дагуулыг Японы Хоккайдо, Тохокүгийн их сургуультай хамтран бүтээсэн бөгөөд МУИС-ийн эрдэмтэд дараагийн буюу микро түвшний хиймэл дагуул бүтээхээр судалгааны ажлаа эхэлжээ.

МУИС-ийн Нано хиймэл дагуулын лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар, “Мазаалай” нь газрын зураг авах, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэх үүрэгтэй бол микро түвшний хиймэл дагуул нь цаг агаарын болон бэлчээрийн нөхцөл байдлыг тодорхойлох, мэдээлэл дамжуулах зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай байх юм. Мөн л Хоккайдо, Тохокүгийн их сургууль хамтран ажиллана. Тиймээс микро хиймэл дагуулыг бүтээх бэлтгэл ажлыг хангах, Монгол Улсад Сансар судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" гэлээ. 

Гадаадын орнууд хиймэл дагуулыг газар хөдлөлт, ган, зудын эрсдэл тодорхойлох, газар тариалангийн ургацын хэмжээ тогтоох зэргээр улсынхаа үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг болгон ашигладаг. Одоогоор сансар огторгуйд 1000 гаруй хиймэл дагуул ажиллаж байгаагаас 56 орон дангаар, 115 орон хамтарсан байдлаар эзэмшдэг байна. Харин Монгол Улсын ОБЕГ, ЦУОШГ, ШУА зэрэг томоохон байгууллагууд АНУ-ын Landsat болон MODIS зэрэг хиймэл дагуулаас үнэ төлбөргүй мэдээлэл авдаг байна. Гэвч эдгээр хиймэл дагуулын зураг авалтын нарийвчлал бага тул хангалттай мэдээлэл болж чаддаггүй аж. Тиймээс өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг Монгол Улс байгалийн гамшгаас сэргийлэх, гамшиг, ослыг нарийвчлан тогтоохоос эхлээд нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор өөрийн микро хиймэл дагуултай болох нь туйлын чухал гэж байв.

“Мазаалай”-г бүтээхэд 100 мянган ам.доллар зарцуулж байсан бол микро түвшний хиймэл дагуул бүтээхэд хоёр жилийн хугацаанд 3-5 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсныг мөн танилцууллаа.

Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн харъяа 10 хүрээлэнгийн 6 нь хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авдаг байна. Өөрөөр хэлбэл, ШУА-ийн 650 гаруй судлаач хиймэл дагуулын мэдээллийг эрдэм шинжилгээний ажил болон бусад бүтээлдээ ашигладаг аж. Тиймээс тус байгууллагын удирдлагууд сансар судлалын чиглэлээр төрийн тусгай агентлаг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Хэрэв төр тусгай агентлаг байгуулах боломжгүй бол ШУА-ийг түшиглэн сансар судлалын нэгж эсхүл ажлын хэсэг байгуулан ажиллуулах боломжтой гэдгийг ШУА-ийн Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн, доктор Б.Сувданцэцэг хэллээ.


Хэлэлцүүлгийн төгсгөлд дээрх саналуудыг тусгасан зөвлөмж боловсруулж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх болов.



Бусад мэдээлэл