Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, ноён Р.Содхүү өнөөдөр нэгэн нэр хүндтэй шагналыг Шастины нэрэмжит, Улсын гуравдугаар төв эмнэлгийн хэвлийн хөндийн залуу мэс засалч, анагаах ухааны магистр, докторант Цогтын Лочинд гардууллаа. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медалиар 130 орны 2000 хүн, Монгол Улсын 20 иргэн шагнуулж байсан түүхтэй юм байна.
Нэр хүндтэй шагналын эзэн, залуу мэс засалч Ц.Лочин нь Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн салбараас анх удаа энэ шагналаар шагнагдсан нь монгол эмчийн оюуны чансааг дэлхий дахинд таниулж, үнэлүүлсэн гайхам амжилт юм.
Хэвлийн хөндийн мэс заслын үр дүнг сайжруулах чиглэлээр хэд хэдэн багаж, хэрэгсэл санаачлан бүтээж, мэс заслын практикт нэвтрүүлсэн шинэ бүтээлүүдийн эзэн юм. Залуу мэс засалчийн цаашдын бүтээлч санаачлага, ажил хөдөлмөрт нь Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Анагаах ухааны Академийн удирдлага, хамт олон өндөр амжилт ерөөж байна.
Ц.Лочинг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын нэр хүндтэй шагналаар шагнуулахад нь зааж сургасан эрдэмтэн багш нар, дэмжиж тусалсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэс заслын тасгийн хамт олон, тус эмнэлгийн удирдлагууд, Монголын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олонд гүн талархал илэрхийлье. Цаашид монгол хүн, эмч, эрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ШУА, Оюуны өмчийн байгууллага, Төр, засгаас хамтран дорвитой үйл ажиллагаа явуулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи
Монголын Анагаах ухааны Академи