Монгол улсын Шинжлэх ухааны Академи, МУИС-ийн Бизнесийн сургуультай “Энтрепренёр, инновацийн экосистемийг хөгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээ"-г энэ оны 1 дүгээр сарын 23-ны өдөр үзэглэв.
Энэхүү гэрээний хүрээнд эрдэмтэн судлаачдад санхүү, хүний нөөц, маркетинг, бизнесийн удирдлагын мэдлэг олгох шаталсан сургалтыг зохион байгуулж, гарааны бизнес эрхлэхэд нь менежментийн дэмжлэг үзүүлэх бөгөөд МУИС-БС-ийн оюутан, магистрант, докторантыг ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдэд сургаж, дадлагажуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Түүнчлэн хоёр тал хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны экспедиц, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, судлаачдын технологи, оюуны өмчийг нийгэм, эдийн засгийн эргэлтэнд оруулах, Монгол улсад энтрепренёр, инновацийн экосистемийг хөгжүүлэх, цаашид нийгмийн өмнө тулгамдсан асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлийг нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах юм.