Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД СОНГОГДЛОО
ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД СОНГОГДЛОО

Олон улсын монголч эрдэмтний ХI их хурлын хаалтын бүгд хуралдааны үеэр холбооны удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлөгчөөр Унгарын монголч эрдэмтэн, доктор, профессор Вирталан Агнеш, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулууныг санал нэгтэй сонгов. 

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч доктор, профессор Вирталан Агнэш нь Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит Их Сургуулийн (ELTE) Монгол судлалын ангийг 1979 онд төгссөн бөгөөд одоогоор тус сургуулийн Өвөр ази судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Түүнийг олон улсын монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, 2011 онд Монгол улсын ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, 2015 онд Монгол улсын Төрийн шагнал "Алтан гадас" одонгоор тус тус шагнажээ.

Доктор, профессор С.Чулуун нь Чин улсын үеийн Монголын түүхээр мэргэшсэн, Монголын угсаатны түүх, ХХ зууны улс төрийн түүхийн чиглэлээр эрдэм судлалын ажил хийдэг тэргүүний залуу эрдэмтэн юм. Тэрээр Монголын түүхийн судалгаа, сургалт, сурвалж судлалын холбогдолтой 50 гаруй нэгэн сэдэвт ном, хамтын зохиол, сурах бичиг, судалгааны хэрэглэгдэхүүн, илтгэл, өгүүлэл, шүүмж бичиж туурвиж, эрдэм шинжилгээний болон орон нутаг судлалын чиглэлийн хэд хэдэн бүтээлийн ерөнхий редактораар ажиллажээ.

Мөн тэрээр эдгээр судалгаанаас гадна монголын болон Япон, Солонгос, Англи, Орос, Швед зэрэг орны эрдэмтэдтэй хамтран монголын түүх-соёлын талаарх олон судалгааны төсөлд оролцсон байна. Сүүлийн 10 гаруй жил монголын соёл-түүхийн талаар гадаадын эрдэмтэдтэй хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, монголын талын ахлагч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв.



Бусад мэдээлэл