Олон улсын монгол судлалын холбоо (ОУМСХ) нь Монгол судлалыг олон улсын хэмжээнд хөхиүлэн дэмжиж, судалгааны ажил эрхлэн гүйцэтгэх, дэлхийн монгол судлалын төвүүд болон олон улсын монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний хамтын үйл ажиллагаанд бодит тус дөхөм үзүүлэх, дэлхийн янз бүрийн улс орны эрдэмтэн судлаачдын харилцан ойлголцох, хамтран ажиллах үйл явцыг тэтгэн дэмжих зорилготой байгууллага мөн. ОУМСХ нь янз бүрийн орны монголч эрдэмтэн, монгол судлалын төвүүдийг сайн дурын үндсэн дээр эвлэлдүүлсэн төрийн бус, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага мөн билээ. ОУМСХ-ны албан ёсны хэл нь монгол, орос, англи хэл юм.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтэн (ОУМЭ)-ий анхдугаар их хурал 1959 оны намар хуралдсан бөгөөд энэхүү анхдугаар их хурлыг зохион байгуулж хуралдуулах нэр төртэй, ашдын бэлгэтэй үйл хэрэгт Монгол улсын ШУА-ийн алтан үеийнхэн, алдарт академичид: тодруулан хэлбэл, академич Цэндийн Дамдинсүрэн (1908-1986), Бямбын Ринчен (1905-1977), Шадавын Лувсанвандан (1910-1983), Амгаагийн Лувсандэндэв (1927-1997) тэргүүтэй бичгийн их хүмүүс онцгой идэвх зүтгэл гарган ажилласан болно.
ОУМСХ-ноос жил тутам “Монгол судлал” (Mongolica), “Монгол судлалын мэдээлэл” (The Bulletin IAMS) хэмээх эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг эрхлэн хэвлүүлдэг эдүгээ “Монгол судлал” (Mongolica) цуврал нь нийтдээ 49 дугаар, “Монгол судлалын мэдээлэл” (The Bulletin IAMS) сэтгүүл нь 54 дугаар хэвлэгдэн гарч, олны хүртээл болоод байна.
ОУМСХ-ны үйл ажиллагааны үндсэн хэлбэр болсон таван жилд нэг удаа Улаанбаатар хотноо зохиогддог Олон улсын монголч эрдэмтний өмнөх арван их хурлын талаар тоймлон өгүүлье.
№ |
их хурал |
Хугацаа |
орон |
салбар |
илтгэл |
1 |
I |
1959.IX.1-8 |
15 |
1 |
34 |
2 |
II |
1970.IX.2-7 |
24 |
2 |
106 |
3 |
III |
1976.VIII.30-IX.3 |
19 |
3 |
139 |
4 |
IV |
1982.VIII.24-28 |
27 |
3 |
206 |
5 |
V |
1987.IX.14-20 |
36 |
3 |
234 |
6 |
VI |
1992.VIII.11-15 |
20 |
5 |
188 |
7 |
VII |
1997.VIII.12-16 |
25 |
4 |
308 |
8 |
VIII |
2002.VIII.5-11 |
27 |
5 |
296 |
9 |
IX |
2006.VIII.8-12 |
26 |
5 |
398 |
10 |
X |
2011.VIII.9-13 |
27 |
5 |
354 |
Олон Улсын Монголч Эрдэмтний ХI Их хурлыг Улаанбаатар хотноо 2016 оны VIII сарын 15-18-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлд амжилттай зохион байгууллаа. Олон Улсын Монголч Эрдэмтний ХI Их хуралд Австрали, Австри, Англи, АНУ, Вьетнам, Герман, Голланд, Дани, Израйл, Итали, Казахстан, Канад, Монгол, Норвег, ОХУ, Польш, Румын, Солонгос, Тайвань, Турк, Унгар, Финланд, Франц, Хятад, Чех, Швейцар, Энэтхэг, Япон тэргүүтэй 29 орны 412 гаруй монголч эрдэмтэн оролцов. Монгол улсаас 120 гаруй эрдэмтэн судлаач илтгэл тавьж оролцсон болно. Олон Улсын Монголч эрдэмтний ХI Их Хурлын нээлтийн чуулганд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Ерөнхий сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат нар баяр хүргэж, үг хэлэв.
Олон Улсын Монголч эрдэмтний ХI Их Хурлын ерөнхий сэдэв нь “Монгол судлал ба тогтвортой хөгжил” гэсэн ерөнхий нэртэй бөгөөд энэхүү Их Хурал нь үндсэн таван салбар хуралдаантай байлаа. Үүнд:
1. Монгол хэл бичиг судлал
2. Монголын түүх судлал
3. Монголын соёл, утга зохиол судлал
4. Монголын гадаад харилцаа судлал
5. Монголын нийгэм, эдийн засаг судлал
зэрэг таван салбар хуралдаантай болсон Олон Улсын Монголч Эрдэмтний ээлжит Х Их Хурал нь Монгол хэл бичиг, эрт эдүгээгийн монголын түүх археологи, уламжлалт соёл, утга зохиол, гадаад харилцааны түүхэн уламжлал, төрийн бодлого, эдүгээгийн нийгэм, эдийн засаг судлал зэрэг асуудлыг ихэд анхаарч, судалгааныхаа тэргүүн чиглэл болгож байсныг онцлон тэмдэглэлтэй. Уг их хуралд монголын эрдэмтэн Л.Болд “Монголын хэл шинжлэлийн түүхийг үечлэх тухай асуудалд”, доктор Д.Заяабаатар “Монгол хэл судлалын өнөөгийн байдал, асуудал, шийдэл”, профессор Э.Сонинтогос “Монголын соёл, урлаг судлалын төлөв, хөгжлийн чиг хандлага”, профессор С.Чулуун “Монгол улс дахь түүхийн судалгаа: арга зүй, хандлага”, оросын эрдэмтэн В.Б.Базаров “Современная внешняя политика Монголии”, хятадын эрдэмтэн Хишигтогтох “Монгол үсэг бичгийн үүслийн тухай”, америкийн эрдэмтэн Х.Атвүд “Now the Secret History of the Mongols Was Written”, японы эрдэмтэн Казүюки Окада “Хувьсгалын уран зохиолч нарын бүлгэмийн тухай” зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь гадаад, дотоодын монголч эрдэмтдийн сонирхлыг ихэд татаж байсныг дурдахад нэн таатай байна.
Улаанбаатар хотноо 2016 оны VIII сарын 15-наас 18-ны өдрүүдэд хуралдсан Олон Улсын Монголч Эрдэмтний ХI Их Хурлыг ШУА, МУИС, МУБИС, СУИС, ШУТИС хамтран зохион байгууллаа. Олон Улсын Монголч Эрдэмтний ХI Их Хурлын үндсэн 5 салбар нь 40 гаруй панелд хуваагдаж, нэг салбар хуралдаан нь хоёр танхимд зэрэгцэн болж, нэг илтгэгчийн дундаж хугацаа нь 25 минут байсан нь монголч эрдэмтдийн чөлөөт ярилцлагыг хөхиүлэн өрнүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэе.
Олон Улсын Монголч Эрдэмтний ХI Их Хурлын бас нэгэн онцлог тал гэвэл залуу монголч эрдэмтэд харьцангуй олон оролцсоноос гадна гадаадад ажиллаж амьдардаг монголын сэхээтнүүд олон ирсэн явдал болно.
Олон Улсын Монголч Эрдэмтний ХI Их Хурлын нээлтийн чуулгааны үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, профессор Ж.Цолоо, Г.Цэрэнханд нарыг Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Оросын монголч эрдэмтэн, профессор Е.Бойкова, Хятадын монголч эрдэмтэн, профессор Чойжинжав, Японы монголч эрдэмтэн, профессор Хироки Ока нарын арав гаруй эрдэмтнийг Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор хөхиүлэн шагнасан нь цаг үеэ үнэнхүү зөв мэдэрч чадсан, монголч эрдэмтдийн хийсэн бүтээснийг ухаалгаар үнэлсэн бодитой үйл ажил болсон гэж үзэж байна.
Таван жилд ганцхан удаа болдог Олон Улсын Монголч Эрдэмтний Их Хурлыг монгол судлалын олимп хэмээн ам бардам хэлж болох юм. Манай хүчит бөхчүүд маань улсын наадамд хэдэнтээ шөвгөрсөн, хэдэн удаа түрүүлсэн хэмээн ам дамжин ярилцдагийн адил монголч эрдэмтэд маань Олон Улсын Монголч Эрдэмтний Их Хуралд хэдэн удаа оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэв гэдгээрээ бахархдаг билээ.
Э.ПҮРЭВЖАВ