БНХАУ-ын ӨМБИС-ийн профессор, Сун Ят Сений Их сургуулийн зочин профессор, БНХАУ-ын Логикийн судалгааны нийгэмлэгийн дэд захирал Тү.Өлзийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн МУ-ын ШУА-ийн Дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнасныг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин 9 дүгээр сарын 22-ны өдөр гардуулав.
Тү.Өлзий нь 1954 онд ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт төрсөн. 1981 оноос одоог хүртэл ӨМБИС-д тэнхмийн эрхлэгч, багшаар ажиллаж байна. 1994 онд академич С.Норовсамбуугийн удирдлагаар МУ-ын ШУА-ийн ФСЭХ-д философийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Философийн шинжлэх ухааны доктор, профессор Тү.Өлзий нь 10 гаруй ном, товхимол, 10 гарын авлага, толь бичиг 4, эрдэм шинжилгээний өгүүлэл 100 гаруй бичиж нийтлүүлсэн бөгөөд улсын төсвийн санхүүжилттэй 4 төслийг удирдсан нэр хүндтэй эрдэмтэн юм. Түүний 190 орчим эрдэм шинжилгээний бүтээл нь Монгол, ОХУ, Япон, БНСУ, АНУ, Тайвань улсад хэвлэгдсэн байна. Тэрээр сүүлийн жилүүдэд нүүдэлчдийн сэтгэхүй, соёлын талаар судалгаа хийж хятад, монгол хэлээр 3 боть ном хэвлүүлжээ. Тү.Өлзий нь 1990 оноос хойш Монгол улсын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран ажиллаж иржээ.