Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн академич, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсын анхны гавьяат багш, нэрт зохиолч Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан БСШУЯ, ГХЯ, ШУА, МУИС, МУБИС, МЗЭХ зэрэг байгууллагууд хамтран 3 дугаар сарын 26-ны өдөр ойн арга хэмжээг зохион байгууллаа.
Ойн арга хэмжээний хүрээнд МУИС-ийн хичээлийн 1-р байрны гадна талбайд "Дурсгалын самбар" байрлуулах, Гадаад Хэргийн Яамны "Мутрын түшээ" танхимд "Д.Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл" сэдэвт фото үзэсгэлэнг тус тус зохион байгуулсан юм.
Мөн энэ үеэр “Д.Цэвэгмидийн амьдрал, түүхэн замнал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан бөгөөд тус хурлыг нээж БСШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар үг хэллээ.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ:
“Монгол улсын гавьяат багш, академич Дондогийн Цэвэгмидийн гуай бол ХХ зууны монголчуудын сэргэн мандал, орчин үеийн иргэншлийн түүхэнд олон шинэ зүйлийг санаачлан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулсан нийгэм төрийн томоохон зүтгэлтэн билээ. Түүний олон талт үйл ажиллагааны дотроос боловсрол, шинжлэх ухааны салбар онцгой ялгарна. Академич Д.Цэвэгмид гуай бол шинжлэх ухаан, дээд боловсролыг удирдан зохион байгуулагч төдийгүй нэрт биологич, дэлхийд танигдсан эрдэмтэн байлаа. Тэрээр Москвагийн их сургууль, Гумбольдтын их сургуулийн хүндэт доктор цол хүртэж, Дэлхийн Энх тайвны зөвлөлөөс Жолио Кюрийн алтан медаль, ЗХУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан”-ыг дурдаад “Д.Цэвэгмид бол нэгэн жарны дотор шинжлэх ухаан, амьтан судлал, экологи судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, уран зохиол, яруу найргийн төрлөөр олон арван бүтээл туурвиж, оюуныхаа үр шимээр Монгол даяарыг гийгүүлсэн номын мэргэдийн нэг байсан”-ыг онцлон тэмдэглэсэн юм.
Эрдэм шинжилгээний хуралд академич Ж.Болдбаатар “Төрийн түшээ Д.Цэвэгмид”сэдвээр, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал Я.Адъяа “Монгол улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд академич Д.Цэвэгмидийн оруулсан хувь нэмэр” сэдвээр, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Д.Баярхүү “Д.Цэвэгмид: Дипломат албан дахь гэгээн мөрүүд” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.
Түүнчлэн “Монгол улсыг НУБ-д элсүүлэхэд Д.Цэвэгмидийн оруулсан хувь нэмэр” сэдвээр МУБИС-ийн доктор Д.Наранцэцэг, “МУИС-ийн хөгжилд Д.Цэвэгмидийн оруулсан хувь нэмэр” сэдвээр МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэ, доктор Р.Отгонтөгс нар, “XX зууны Монголын уран зохиол ба Д.Цэвэгмид” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч С.Байгальсайхан нар сонирхолтой илтгэл тавьсан юм.
Дэлхийн шинжлэх ухааны салбарт өндөр нэр хүндтэй Д.Цэвэгмид агсан 1915 онд Дорнод аймгийн Баян-Дун суманд төржээ. Москвагийн М.И. Ломоносовын нэрэмжит Улсын Их сургуулийг 1946 онд төгссөн сэхээтнүүдийн нэг юм. Тэрээр Москвад биологийн ухааны дэд эрдэмтний зэргийг 1950 онд хамгаалсан анхдагчдын нэг. Үхэр оготно ба туулайн жишил анатомийн судалгааг биологийн шинжлэх ухааны салбарт анх түрүүн хийсэн байдаг. Үхэр оготно, туулай хоёр нэг гаралтай ч дэлхийн мөстлөгийн нөлөөгөөр амьдралын өөр өөр орчинд дасан зохицож хоёр өөр амьтан болсныг нотолсон юм. Энэ нь дэлхий биологийн салбарт цоо шинэ нээлт болжээ. Тэрээр нэрт биологич төдийгүй орчин цагийн Монголын гарамгай сэхээтэн, боловсрол, соёлын нэрт зүтгэлтэн гэдгийг Биологийн Хүрээлэнгийн захирал, доктор Я.Адьяа “Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд академич Д.Цэвэгмидийн оруулсан хувь нэмэр” сэдэвт илтгэлдээ дурдав.
Түүнчлэн Д.Цэвэгмид Монголын дипломатын түүхэнд мартагдашгүй үүрэг гүйцэтгэсэн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд байжээ. Тэрээр Монгол Улсыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнд элсүүлэх төлөөлөгчдийг тэргүүлж, 1961 онд НҮБ-д гишүүнээр элсүүлэхэд хувь нэмрээ оруулсан гавьяатан ажээ. Тэр үед Монгол Улс НҮБ-д орох эрхгүй, хөгжих чадваргүй орон гэсэн үзэл нийтээрээ байсныг үгүйсгэж хамгаалж байсай юм. 1956 онд Монгол Улс 10 оронтой дипломат харьцаатай байсан бол Гадаад харилцааны нэгдүгээр сайдаар ажиллаж байхдаа даруй 11 оронтой харилцаа тогтоож 24 оронтой дипломат харьцаатай болгосон гэдгийг Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Д.Баярхүү “Д.Цэвэгмид: Дипломат албан дахь гэгээн мөрүүд” илтгэлдээ дурдаж байлаа.