ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, ӨМӨЗО-ны Багшийн Их Сургууль, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын хүрээлэн хамтран “Монголын тэгш өндөрлөг, түүний зэргэлдээх нутгийн байгаль орчин, тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний ээлжит 10 дугаар бага хурлыг 8 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх Хотод зохион байгууллаа.
2004 оноос тус хурлыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 10 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Анхны хурлыг Хятадын ШУА-ийн Газарзүй-Байгалийн нөөц судлалын хүрээлэн, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Японы орчин судлалын хүрээлэн, Монгол улсын ШУА, ШУТ-ийн сантай хамтран 2004 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан түүхтэй. “Sustainable Development in Surrounding Regions of the Mongolian Plateau” энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 10 удаа зохион байгуулснаас Монголын ШУА-ийн Ш.Цэгмидийн нэрэмжит Газарзүйн Хүрээлэн Улаанбаатарт 4 удаа, БНХАУ-ын Газарзүйн Хүрээлэн Бээжинд 3 удаа, ӨМӨЗОрны Багшийн Их Сургууль Хөх хотод 2 удаа, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын байгалийн нөөцийн ашиглалтын хүрээлэн 1 удаа тус тус амжилттай зохион байгуулсан байна. Зөвхөн Улаанбаатарт болсон 4 удаагийн хуралд 400 орчим судлаачид оролцон 180 орчим илтгэл хэлэлцүүлэн хэвлүүлжээ.
Хурлаар Монголын тэгш өндөрлөгийн байгалийн нөхцөл нөөц, хүрээлэн буй орчны өөрчлөлт, дэлхийн дулаарал түүний бүс нутагт үзүүлж буй нөлөөлөл, байгаль, нийгэм-эдийн засгийн газарзүй, улс орнуудын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил, учирч болзошгүй эрсдэл аюул, газарзүйн мэдээллийн систем, газарзүйн шинжлэх ухааны судалгааны шинэлэг аргазүй зэрэг өргөн хүрээтэй олон асуудлуудыг хэлэлцсэн юм.
Улмаар хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн ажлуудаа дүгнэн ярилцаж цаашдын судалгааны чиглэл, төсөл сэдвийн талаар хэлэлцэж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүүлэх, экспедици зохион байгуулах, шинэ мэдээ мэдээлэл, мэдлэг солилцох, залуу боловсон хүчнээ сургах зэрэг олон боломжийг нээж өгч байгаагаараа онцгой ач холбогдолтой хурал болдог юм.
Энэ удаагийн хурлаар Олон улсын хурлыг 2 жилд 1 удаа зохион байгуулах, хурлыг үүсгэн байгуулагч болон нэр хүндтэй эрдэмтдээ талууд дэмжиж Олон Улсын шагналд нэр дэвшүүлэх, хуралд тавигдсан шилдэг илтгэл өгүүллийг шалгаруулж шагнаж урамшуулах, хурлын бүтээлийг нэр хүндтэй олон улсын сэтгүүлд бүртгүүлэх, хурал өөрийн нэрэмжит шагналтай болох, хамтарсан судалгаа, судлаачдаа солилцох ажлын хүрээг өргөжүүлэх зэрэг саналуудыг тусгасан хурлын тунхаг бичгийг батлан гаргажээ.